Ирина Безрукова: Сергей Безруков миний цорын ганц эр хүн байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

“Зиндаа-Time Out” булангийнхаа эхний дугаарыг уншигч танд хүргэж байна. Энэхүү булангаараа бид дэлхийн урлаг соёлын салбарт зүтгэж яваа алдартай хүмүүсийн ярилцлагыг орчуулан хүргэж байх болно. Эхний дугаартаа бид хойд хөршийн алдарт жүжигчин Сергей Безруковын эхнэр байсан гэдгээр нь хүмүүсийн сайн мэдэх жүжигчин, телевизийн хөтлөгч Ирина Безруковагийн “WomanHit” сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


“Бригада” киноны Саша Беловын дүрээр алдартай болсон Оросын жүжигчин Сергей Безруков, Ирина нар 2000-2015 онд хойд хөршийн кино урлагийн хамгийн сайхан хос байсан билээ. 2015 онд тэдний гэр бүлд том гарз тохиосны дараа жүжигчид гэрлэлтээ цуцлуулж, найзууд хэвээр үлдэх шийдвэр гаргасан байдаг. 2015 оны хавар Иринагийн өмнөх гэрлэлтээс төрсөн хүү Андрей Ливанов 25 насандаа чихрийн шижин өвчнөөр нас барсан юм. Хүүг 10 настайгаас хойш хамт байсан Сергей Безруковт энэ явдал хүнд цохилт болсон гэдэг. Хүүгийн ээжид ямар байх нь мэдээж. Гэвч Ирина тун удалгүй телевизийн шоу нэвтрүүлэг хөтлөн олны өмнө гарч ирсэн билээ. Архи, тамхи хэзээ ч хэрэглэдэггүй, үргэлж инээмсэглэл тодруулан явдаг энэ бүсгүйн ертөнцөөр хэсэгхэн зуур аялая.

-Ирина, та дүрээ хэрхэн сонгодог вэ?

-Энэ их чухал зүйл. Би яаралгүйгээр маш нухацтай сонгодог. Бүх зүйл зохиолоос шалтгаална. Сонирхолгүй зүйлтэй зууралдаж цагаа үрээд яахав.

-Шинэ оныг хэрхэн угтав даа?

-Маш эрч хүчтэйгээр /инээв/. Ер нь би ямар нэгэн баярын өдөр ч байсан, үгүй ч байсан өдөр бүр өөдрөгөөр сэтгэхийг хичээдэг. Хүний бодож байгаа бүхэн материаллаг болдог.

-Та хоол их сайхан хийдэг байх аа...

-Тийм шүү. Гэхдээ өдөр болгон хоол хийх зав гарахгүй юм. Гэхдээ гэртээ зочин урьсан үедээ аль болох өөрийнхөө гараар амттай зүйл хийж дайлахыг хичээдэг.

-Жилийн өмнө та өөр рүү тань ханддаг олон эрэгтэйд татгалзсан хариу өгдөг гэж байсан. Харин одоо ингэхээ больсон биз дээ?

-Тийм ээ. Харин миний төсөөлдөг шиг эр хүнтэй тааралдаагүй л явна.

-Цахим хуудсандаа оруулсан постнуудаас тань харахад жилд 1-2 удаа биеэ бүхлээр нь оношлуулдаг бололтой. Эрүүл мэнддээ үнэхээр анхаарах юмаа?

-Би эмч, хөгжимчин нарын дундаас төрсөн. Урьдчилан оношлуулж байх нь өвдчихөөд эмчлүүлэхээс өртөг багатайг мэднэ. Их завгүй ажилладаг болохоор ямар нэгэн өвчний нууц үе нь явагдаж байх ч юм билүү, хэн мэдлээ.


-Гайхалтай сайхан харагддагийн тань нууц юунд байна?

-Хамгийн том нууц нь би бүх амлалтаа биелүүлдэг. Бусдад болон өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх нь дотоод гармоныг тэнцвэржүүлдэг. Гадаад төрхийн хувьд гэвэл ус их уудаг, хангалттай унтаж амардаг.

-Цахим сүлжээнд их идэвхтэй байх юм аа. Өөрийгөө рекламдах гол хэрэгсэл болгож ашиглаж чадаж байна...

-Цахимаар би олон зүйлийн тухай хуваалцдаг. Хүмүүс надаас зөвлөгөө авах үе ч бий.

-Урлагийнхан шинэ жилийн дараа ийш тийшээ явж амардаг. Та хаашаа явах гэж байна?

-Яг тийшээ ийшээ гэж шийдээгүй л байна. Хэд хэдэн сонирхолтой санаа бий.


-“Тайзан дээрх ярилцлага” нэвтрүүлгийн тань анхны зочин Сергей Безруков байсан. Сүүлийн үед та хоёрын амьдралд олон зүйл тохиолоо. Гэхдээ аль аль нь дуугүй байсан. Нэвтрүүлгийн төгсгөлд би нэг зүйл анзаарлаа л даа. Та Сергейд цав цагаан цаастай дугтуй өгөхөд тэр их гайхаж харагдсан...

-Энэ нь бэлгэдлийн зүйл л дээ. Сергей амьдралаа цоо шинэ хуудаснаас эхлэх хэрэгтэй байгаа. Эхнэр, нөхрийн хувьд бид салсан ч хамтран ажилласаар байх болно. 15 жил хамт амьдрахдаа бид маш дотны хүмүүс, хамтран ажиллагсад болсон. Саллаа гээд нөхөрлөл өөрчлөгдөхгүй. Москвагийн Губернский театрын (Сергей Безруков энэ театрын захирлаар ажилладаг) ажил маань ч биднийг холбож байна. Бидний хамтран байгуулсан соёлын сан бий. Миний нэвтрүүлгийг дэмжиж, цаг гарган ирж оролцсонд нь Сергейд их баярласан.

-Ирина, хүүгийнхээ талаар ярихад танд маш хүнд байгаа байх л даа. Энэ талаар асуух уу, яах уу гэж их эргэлзлээ...

-Хоёулаа энэ талаар ярьж болно. Би ярилцлага өгөх гэж ирэхдээ энэ талаар бодсон. Өөр юуны ч тухай бодох билээ дээ.

-Андрейн нас барсан шалтгааны талаар янз бүрийн яриа байх юм...

-Андрюшад золгүй явдал тохиолдсон. Энэ бол болох ёсгүй байсан зүйрлэшгүй их уй гашуу. Хүү минь гэртээ ганцаараа байхдаа ухаан алдаад нас барсан. Сергей бид хоёр тухайн үед Эрхүүд ажлаар явж байсан юм. Андрюша бүтэн өдөр холбоо барихгүй болохоор нь би эмч найз руугаа ярьсан. Түргэнийхэн болон манай театрын захирал эмэгтэйг ороход тэр амьсгал хураасан байсан.

-Ийм зовлонг тэсч гарах хүч хүн бүрт байхгүй болов уу...

-Би тэсч гарсан хүн гэж өөрийгөө боддоггүй. Одоо ч би шаналсаар байна. Магадгүй амиа хорлох байсан байх, гэхдээ тэгж болохгүй.

-Андрей тань шиг, бас аав шигээ жүжигчин болохыг хүсч байсан...

-Хүү минь жүжигчдийн хүүхдүүдтэй адилгүй байсан. Тэр философилог, ухаалаг нэгэн байсан болохоор жүжигчний карьер хөөгөөгүй байх. Андрейг мэргэжлийн театрт Ромеод тоглохыг урьж байсан удаа ч бий. Гэхдээ хүү маань жүжигчний ангийг хоёрдугаар курсээсээ орхиж, япон судлалыг сонирхох болсон. ЮНИСЕФ-д ажиллахыг мөрөөддөг байсан юм. Бусдад туслахын төлөө төрсөн хүн гэж Андрюшаг л хэлэх байлаа. Тэр бидэнтэй хамт Губернский театрт зохион байгуулагчаар ажиллаж, олсон мөнгөө буяны үйлст зарцуулдаг байсан.

-Сергей тэр хоёрын харилцаа их сайн байсан?

-Тийм шүү. Тэд их сайхан нөхөрлөдөг байсан гэж би боддог. Сергей үргэлж завгүй, Андрюша түүнийг шоолдог байсан. “Унтсан хойно ирээд унтаж байхад явдаг хүнтэй тааралдах хэцүү юм” гээд хүү маань инээдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд бидний гэр бол театр болсон. Унтах гэж л гэртээ ирнэ. Андрей, Сергей хоёр гайхалтай хамтран ажиллагсад байсан. Сергей түүнийг илүү өндөр албан тушаалд томилох гэхэд Андрей татгалздаг байлаа.

-Сергей Безруковын тухайд?

-15 жил тэр миний цорын ганц эр хүн байсан. Тийм л хүнтэй амьдралын бүхий л цаг үеийг хамт туулахыг хүсдэг. Түүнтэй хамт байсан цаг мөчүүдэд харамсах зүйл юу ч байхгүй.

-Хүү тань та хоёрыг салах гэж байгааг мэдсэн үү?

-Үгүй. Хэрвээ тэр энэ талаар мэдсэн бол амьдралаас тийм эрт яваа ч уу, үгүй ч үү гэж боддог.

-Одоо Сергей та хоёрын харилцаа ямар байдаг вэ?

-Хамтдаа ажиллаж байна. Хийх ажлаа цалгардуулж болохгүй.

-Салалтын шархыг даван туулсан гэж ойлгож болох нь ээ...

-/Удаан хугацаанд чимээгүй болов/ Би танай сайтыг өндрөөр үнэлдэг. Гэхдээ намайг зөвөөр ойлгоорой. Би энэ талаар дахиж яримааргүй байна.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.106) 2018 оны 01 сарын 17

Гайхалтай.

0  |  0
Zochin(122.201.24.57) 2018 оны 01 сарын 17

Uhaantai saihan emegtei. Gaihaltai. Ene bugdiig tuulj garaad iim saihan biye avch yawj bgan uneheer gaihamshig

0  |  0
Амжилт(66.181.178.20) 2018 оны 01 сарын 17

Ухаалаг сайхан бүсгүй байна. Гэхлээ о нүдэнд нь гуниг байна

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 17

ger byleeree l uhaalag hymyys um,

0  |  0
zz(182.160.6.44) 2018 оны 01 сарын 17

Bezrukovoos olon nasaar egchshdee

0  |  0
б(202.72.245.122) 2018 оны 01 сарын 17

нүдэнд нь гуниг цөхрөл

0  |  0
Ка ка ка(66.181.186.77) 2018 оны 01 сарын 17

Сайхан бас ухаалаг эмэгтэй аз жаргал хүсье

0  |  0
Мх(180.149.78.99) 2018 оны 01 сарын 17

ухаалаг соёлтой хүмүүжилтэй эмэгтэйлэг бүсгүй юм

0  |  0
Kk(202.21.106.136) 2018 оны 01 сарын 17

Hachin namhan,unjuu hamartai zaluugiin yund ni boldog bnaa

0  |  0
Зулаа(202.9.40.181) 2018 оны 01 сарын 17

Сайхан эмэгтэй.

0  |  0
Top