М.Пүрэвсүрэн:”Ботокс”-ыг хууль бусаар оруулж ирснийг илрүүлсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас он гарснаас хойш эм, био бэлдмэлийн чиглэлээр 16 нэр төрлийн 136 сая төгрөгийн зөрчлийг илрүүлж, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэн ажилласан байна. Энэ талаар НМХГ-ын Эм био бэлдмэлийн байцаагч М.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхэн саяхан эм, био бэлдмэлийн талаар шалгалт хийсэн гэж байна. Шалгалтаар илрүүлсэн зөрчлийнхөө талаар тодруулахгүй юу ?

-Тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж болон иргэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн заавраас зөрүүтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн бүтээгдэхүүнийг оруулсан зөрчил гарсан. Зөрчил гаргасан иргэдийг “Зөрчлийн тухай хууль”-ийн 6.2-т зааснаар зуун мянган төгрөгийн шийтгэл ноогдуулж, оруулж ирсэн эм бэлдмэлийг нь  хураан авсан. Харин аж ахуйн нэгжийн хувьд мөн хуулийн 6.6-д зааснаар сая төгрөгний торгууль ногдуулж бүтээгдэхүүнийг хураах арга хэмжээ авсан. Тухайлбал, каргогоор хоёр иргэний нэр дээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн Энэтхэг улсаас орж ирсэн. Энэ нь нүдний дусаалга, бөөрний эм, даралт буулгах эм байсан. Мөн нэг иргэний нэр дээр гоо сайхны эмнэлэгт хэрэглэх тарианууд орж ирсэн. Эдгээр нь тээвэрлэх явцдаа тээвэрлэлтийн горим зөрчигдөж хөлдсөн байдалтай байсан.  Тиймээс Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аван оруулж ирсэн бүтээгдэхүүнийг хурааж авсан.

-Бүртгэлгүй эм бүтээгдэхүүнийг хууль бусаар ашиглаж байгаа эмнэлгүүдэд ямар хуулийн арга хэмжээ авах вэ?

-Эмнэлэг тусгай зөвшөөрөлтэй, эм ханган нийлүүлэх байгууллагаас эмээ худалдан авах ёстой. Тусгай зөвшөөрөлгүй хувь хүн болон интернэт орчноос эм худалдан авахыг хуулиар хориглосон байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулинд маш тодорхой заасан байгаа. Тиймээс тус эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй эм хэрэглэсэн бол Зөрчлийн тухай хуулинд заасан арга хэмжээг авч, тухайн эмчийн эмчлэх эрхийг цуцлах хүртэл арга хэмжээг авдаг.

-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй хэрнээ Сайдын тушаалаар “хэрэглэж болно” гэдэг ч юм уу онцгой тохиолдолд эмийг Олон улсаас оруулж ирж болох уу?

-Хуулиар зохицуулахдаа зайлшгүй нөхцөлд буюу гамшгийн байдал үүссэн нөхцөлд тусламжийн шугамаар эм оруулж ирэх заалт байдаг.

-НМХГ-аас Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсээс хийсэн хяналт шалгалтын үед тогтоогдсон зөрчлүүд дурьдвал?

Хяналт шалгалтын явцад хууль бусаар эм импортлож байгаа олон зөрчил илэрсэн. Бүсгүйчүүдийн хамгийн их хэрэглэдэг гоо сайхны тарилга "Ботокс"/нейротоксин/-ыг хууль бусаар хилээр нэвтрүүлээд, гоо сайхны газрууд болон эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрсэн. Тухайлбал, БНСУ-ын иргэн “Сurer” компанийн захирал Жон Мин Жеон гэгч этгээд бүртгэлийн загвараас зөрүүтэй гоо сайхны тарилгыг Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Сөүлийн гудамж “Бүрд” барилгын гурван давхарт худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг арьс гоо заслын “Нандин гоо” эмнэлэг 70 ширхэгийг худалдаж аваад, үйлчлүүлэгч нартаа хэрэглэж байсан нь тогтоогдон, одоо шалгагдаж байна. Ер нь эмчилгээний гоо сайхантай  холбоотой гомдлууд, зөрчил их илэрч байна. Өнгөрсөн онд эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй БНСУ-ын иргэн Чоо Гангмен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр иргэдэд үйлчилж байсан зөрчил илэрсэн. Тиймээс ард иргэддээ хандаж хэлэхэд эмчилгээний гоо сайхны  үйлчилгээ  авахдаа  ямар нэгэн халдварт өртөх, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирч болзошгүйг анхааруулж байна.


Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.9.40.102) 2018 оны 01 сарын 20

Cinderella gex goo saixanii emnelegiig shalgaach ee chanartai chanargui yum tarxi tolgoind xiigeed odoo xvrtel tolgoi. Mini uwddug yostoi aimaar xvmvvs xoyor salbartai emneleg shdee 13-r xoroolol olimp xotxonii salbariig

0  |  0
Хараа(122.201.31.199) 2018 оны 01 сарын 18

Цасан цагаан гэх тариаг хэрэглэж болох уу. 25 р эмийн сангийн тэнд нэг эмнэлэг хийгээд байх юм. Өдөр бүхэн ТВ ээр реклам нь гарах юм.

0  |  0
Top