Норовын Гантулга: ”Ижий минь байж”

2018 оны 01 сарын 18

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх  “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар МЗЭ-ийн шагналт яруу найрагч Норовын Гантулгын "Ижий минь байж" шүлгийг сонордуулъя.

 

 

Ижий минь байж

Цагийн мөнгөн зүү мэт үл амрах зүрхэнд минь 
Цагаан аялгуу давалгаалж ирсэн нь зөн биш ижий минь байж 
Цахилсан гөрөөсний мөрөөр гэрэл гэгээ тунарч 
Цацарсан мөнгөн туяа цээжинд үзэгдсэн нь зүүд биш ижий минь байж 

Манан хөөргөө сугартал агтын дэлэн дээр ергүүлэхэд 
Магнаг торго сэтгэлд цуурсан нь дуу биш ижий минь байж 
Үлгэрийн саран гүнж бодолд минь морьтойгоо ирж
Үдшийн хөх аялгуунд мэлмэрч суусан нь нулимс биш ижий минь байж 

Наран зүгээс асгарч цээж рүү урссан цагаан мөрөн 
Намайг ороож аргадсан нь сүү биш ижий минь байж 
Намрын хонгор навчис цэлэлзэх салхитай шуурч 
Намуухан зөөлөн исгэрсэн нь гуниг биш ижий минь байж 

Одод наадах тэргэл талд багын минь тоглоом
Одоо бодоход чулуу биш ижий минь байж 
Орь залуу насны үй зандан өвс 
Охин нойтон үнэрээ сэтгэлд задалсан нь хайр биш ижий минь байж 

Мөнхгүй орчлонг аргадаж сөгдөж залбирсан
Мөргөлийн амьд судар нь бурхан биш ижий минь байж 
Мөндөр шиг цайрч хуйларсан он цагийн урсгал
Мөрөөдлийн цэнхэр бороо мэт алсад одсон нь цаг хугацаа биш ижий минь байж 

Дэнжийн цэцэгс дунд шүүдэр дэвсэж унтахад
Дээр минь хучсан шар нөмрөг сар биш ижий минь байж 
Дэлхийн цээжийг цөмлөж дэвсээтэй шороонд нь шингэхэд
Дэрний минь чулуу ч бас чулуу биш тэр ижий минь л байна даа.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батсуурь(66.181.187.10) 2018 оны 01 сарын 18

Эдүгээ цагийн найрагчдын содон төлөөллийн нэг бол Норовын Гантулга яалт үгүй мөн л дөө.

0  |  0
Мөнхтөр(43.250.126.90) 2018 оны 01 сарын 18

Гантулга дүүгийн шүлгүүд сайхаан. Ээжийн тухай энэ шүлгэнд би дуртай.

0  |  0
гантуяа (150.129.141.128) 2018 оны 01 сарын 18

хоцрогдсон бичлэг хэлбэр 60,70 он уу ямар.үргэлжлээд бвал дуусахгүй

0  |  0
Top