ОХУ-ын ББНУ-ын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагналаа

2018 оны 01 сарын 19

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Төрийн дээд шагнал Алтан гадас одонг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өглөө. Зарлигт “Монгол Улсын эдийн засаг, зам тээврийн салбар болон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан А.С.Цыденов нь 2012-2017 онд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комисс”-ын Тээврийн ажлын хэсгийн Оросын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад 2017 оноос ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүнээр томилогдсон байна.

Тэрээр Тээврийн ажлын хэсгийн Оросын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа төмөр зам, авто зам, авто тээвэр, иргэний нисэх, усан замын тээвэр, далайн тээвэр, далайн боомт ашиглалт, тээврийн салбар дахь боловсролын хамтын ажиллагаа зэрэг хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ түвшинд гаргахад хамтран ажилласан байна.

Тухайлбал, 2014, 2015, 2016 онд Монгол Улсын Зам, тээврийн сайдын ОХУ дахь ажлын айлчлалуудыг хэрэгжүүлэхэд онцгой дэмжлэг үзүүлжээ. Мөн 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” зэргийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн Монгол, Орос, Хятад улсын тээврийн сайд нарын уулзалтыг 2015 онд ОХУ-ын Уфа хотод зохион байгуулахад хамтран ажиллажээ. Мөн 2016 оны зургадугаар сард Узбекистаны Ташкент хотод Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслийг тохиролцоход хувь нэмрээ оруулж хоёр улсын харилцаа, зам тээврийн салбарын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Үүнээс өмнө тэрээр 2006-2009 онд ОХУ-ын Тээврийн яамны Төмөр замын тээврийн салбар дахь Төрийн бодлогын газрын орлогч дарга, 2009-2012 онд ОХУ-ын Засгийн газрын Аж үйлдвэр дэд бүтцийн газарт хэлтсийн дарга, орлогч дарга, 2012 онд Холбооны төмөр замын тээврийн агентлагийн даргаар ажиллаж байжээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkkk(217.172.229.74) 2018 оны 01 сарын 19

Yamar gavya bnaa

0  |  0
Top