Та юу хүснэ, таны ирээдүй тийм л байх болно

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

“Залуу хүн зорилготой бол эх орон минь жаргалтай” гэж ёстой сайхан үг байгаа биз. Үнэхээр л миний Монголын хөгжил дэвшил, баяр жаргалын түүчээ нь залуучууд байх нь гарцаагүй билээ. Саяхан фэйсбүүкээс “Сэрүүлгээр биш мөрөөдлөөрөө сэрдэг болцгооё” гэсэн уриалгыг уншаад энүүхэндээ их л баярлалаа. Хүний хорвоод ганц амьдрахдаа дуудах нэрээ сайнаар хэлүүлж, дуурсах алдраа сайхнаар мөнхлүүлэхийн төлөө л амьдрах хэрэгтэй юм байна гэсэн бодол тэрхэн агшинд бичигч надад зурсхийн орсныг нуух юун. Ийм үг байдаг даа, “Хүн юуг хүсэж мөрөөднө, түүний ирээдүй яг л тийм байдаг” гэж. Учир иймээс идэр насны залуучууд бид энэ бие, ээж, аав, хань ижил, найз нөхөр, ер эх орныхоо сайхны төлөө их зүйлийг хийх эрмүүн хүсэлтэй байх л хэрэгтэй юм байна. Хүсэл мөрөөдөл байна аа гэдэг бол хамгийн сайхан зүйл ч гэдэг. Азаар манай Монголчууд ирээдүйгээ их өөдрөг хардаг нэг сайхан чанартай гэдгийг Ерөнхийлөгч маань хүртэл тодотгон хэлсэн байдаг шүү дээ. Тэр тусмаа нийгмийн хөгжлийнхөө нэрийн хуудас нь болж явдаг залуус бид мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хүнд хэрэгтэй цаашлаад улс эх орондоо тустай иргэн байхын төлөө хүчээ сорих хэрэгтэйг уриалмаар санагдлаа. Гэхдээ хий хоосон мөрөөдөөд байхыг энд хэлээгүй юм шүү. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөлс хүчээ гаргаарай гэж хэлэхийг хүссэн хэрэг л дээ. Естой нөгөө “Мөрөөдөх ч завгүй ажиллацгаая” гэдэг шиг зорьсон зорилгодоо тууштай байхыг бүх Монголын залуустаа сонордуулъя. Төгсгөлд нь “Хожим үүрд унтахаас хойш хоромхон нойрыг чухалчлаад яахав” гэсэн сургамжит ишлэлийг ч хэлээд авахад илүүдэхгүй биз.

С.Баяр

Эх сурвалж: ZIndaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ll(103.57.95.204) 2018 оны 01 сарын 19

zaluuchuudad achigchiin ajil l oldoh yum busad n turshlag zaagaad

0  |  0
Top