Ангарагт хүн үнэхээр суурьшиж болох уу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Үүнд баттай хариулт өгөхөд эрт байгаа юм. Одоогоос дөрвөн тэрбум жилийн өмнө Ангарагийн өмнөд хэсэгт нь цаг уур зөөлөн дулаан байжээ гэж судлаачид үзжээ. Гэхдээ ангарагт юу тохиолдсон, ус нь яагаад алга болсон талаар хэлэх тодорхой дүгнэлтэнд хараахан хүрч чадаагүй байна.

1984 онд Антрактидээс манай дэлхийд 13 жилийн тэртээ унасан нэгэн солирыг олсон бөгөөд 1996 онд уг солир дотор чулуужсан бактер байна гэсэн таамаг дэвшүүлжээ. Энэ таамагыг бүрэн нотолж чадаагүй хэдий ч ангарагаас учир битүүлэг амьдралын ул мөрийг хайх үндэслэл байгааг харуулсан юм. АНУ-ын Аризоны Их сургуулийн эрдэмтэд хиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэн ангарагт нуугдмал оргилуур/ гейзер/ байгааг илрүүлжээ. Оргилуур дэлбэрэхдээ элс, шороог хэдэн зуун метрийн өндөрт цацдаг аж. Энэ бүхэн нь мөс болон нүүрсхүчлийн хийн хольцтой гэж үзжээ.

Гейзер ангараг гаригийн хойд туйл хавиар байдаг бөгөөд наранд ойртсон үедээ мөс нь хайлж дэлбэрдэг байна. Эрт нэгэн цагт далай тэнгис, улаан элсээр хучигдсан наран шарлагын газар бүхий ангараг гаригт мөстлөгийн үе хэдийд эхэлсэн болох талаар эрдэмтэд янз бүрийн таамаг дэвшүүлж иржээ. Нэг хэсэг нь дулаан чийглэг уур амьсгал бараг хоёр тэрбум жилийн өмнө хуурай, хүйтнээр солигдсон гэж үздэг. Тухайн үед дэлхий дээр анхны замаг, олон эст биет үүсч байжээ. Зарим судлаачид ангарагийг нөмөрсөн гамшиг үүнээс хойно болсон байхыг үгүйсгэдэггүй. Ангарагаас илрүүлсэн ширгэсэн нуур тус гаригт бас нэгэн нууц байгааг өгүүлдэг. Мөн 2008 онд усны мөс ангарагт байгаа нь нотлогдсон.

Дэлхийн микро организмууд ангараг гариг дээр байж болзошгүй гэсэн таамаглал ч буй. Манай гаригт хамгийн өргөн тархсан нянгуудын нэг Escherichia coli ангараг гаригийнхтай адил нөхцөлийг тэсвэрлэх чадвартай болохыг баталжээ. Судлаачид дээрх нянг хэт ягаан туяагаар шарж, усгүй хэт хуурай орчинд байлгаж, даралтыг нь бууруулж хөлдөөж үзсэн байна. Туршилтын явцад хэрэв нянг цацрагийн нөлөөллөөс хамгаалвал, тэд хэдийгээр өсч үржих нь зогсдог ч гэсэн бусад бүх нөлөөллийг давах чадвартай болохыг нь олж тогтоожээ.

Ангараг дээр цацрагийн нөлөөллөөс хамгаалагдах, хоргодох газар хадны ангал завсар, агуй, гүн нүх, гуу жалга нянд олдож болно. Хэдийгээр тусгай боловсруулалт хийгддэг ч гэсэн зарим нян сансрын хөлөг дээр үлдэж болно. Онолын хувьд микро организмууд Ангараг гаригийн амьдрах боломжтой газарт үлдэн гаригийг бохирдуулах боломжтой аж. Эрдэмтэд ойрын үед сансрын хөлөгт байж болох бусад нянгуудын амьдрах чадварыг шалгахаар төлөвлөжээ. Мөн тэд “Mars one” төсөл ангарагт хүн дасан зохицон суурьших ирээдүйг нээх болно гэдэгт итгэлтэй байгаа юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top