Урин цаг ирэх үетэй зэрэгцэн Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон засаг даргын зөвлөлийн гишүүд 9 дүүргийн дарга нартай уулзалт хийж, 2018 оны ажлын төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хийхээр төлөвлөж байгаа ажил болон төсвийн сахилга бат, хариуцлага сахилга батыг  чангатгах талаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “3 дугаар сарын 1 гэхэд нийслэл хот худалдан авах, хөрөнгө оруулалтын ажлаа зарлаж, 4 дүгээр сарын 1 буюу “Газар гэсэх” үед бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 2018 он бол хариуцлагаа дээшлүүлж, ажлаа эрчимжүүлэх чухал жил. Бүтээн байгуулалтыг өрнүүлж, газар чөлөөлөх, цэцэрлэг сургуулийн  барилгын ажил болон түрээсийн орон сууц, сервис центр зэрэг үндсэн чиглэлд тусгасан зорилтод ажлуудаа хийх ёстой. Тиймээс энэ жил Улаанбаатар хөрөнгө оруулалтын бизнес уулзалтыг энэ сарын 29-нд Улаанбаатар худалдааны танхимтай хамтран хийнэ. Худалдан авах, тендерийн эрх шилжүүлэх ажлуудыг 2 сардаа багтаан дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгов.

Энэ жил Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Тухайлбал, улсын төсвөөс 212 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 192.8 тэрбум, нийслэлийн төсвөөр 95 төсөл арга хэмжээнд 153 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 14 төсөл арга хэмжээнд 55.1 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 129 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнээс нийгмийн салбар буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг өргөтгөх шинэчлэхэд 140.4 тэрбум төгрөг зарцуулна. Хот байгуулалтын салбарт 125 тэрбум төгрөг, авто замын салбарт 51.4 тэрбум төгрөг, байгаль орчин, хот тохижилтын салбарт 22.1 тэрбум төгрөг, бусад салбарт 17.5 тэрбум төгрөг  төсөвлөөд байгаа юм.

2018 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг дарга “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаснаа дүүргийн дарга нарт хэлж, энэхүү захирамжийг онцгойлон хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батаа дээшлүүлэх хэрэгтэйг онцоллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Зочин [ 103.212.119.234 ]      |     2018 оны 1-р сарын 19 -нд, 10:40 минутанд

Шинэ нисэх буудал бодох Хөшигийн хөндий рүү гэр хорооллыг нүүлгээд бас л утаа ихсэж онгоц буухад хүндрэлтэй болно.Харин Хөшигийн хөндийд дэд бүтцийн асуудлыг шийдэж байшин барилга барьж хотын гэр хорооллын ард иргэдийг тэнд орон сууцанд оруулах хотын газрыг чөлөөлөх нь зөв болов уу гэж бодож байна

ЗОЧИН [ 202.9.44.85 ]      |     2018 оны 1-р сарын 19 -нд, 10:24 минутанд

ЗУНДАА БОХИРТОЙГОО ХОЛИЛДДОГ ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЖ ХОТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ НЭН ТҮРҮҮН ЧАНАРТАЙ ХИЙЛЭГМЭЭР БАЙНА ХОТ ХОГОНДОО ДАРАГДАЖ ХОГОО ШАТААДГАА БОЛЬЖ ЯАРАЛТАЙ ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛМООР БАЙНА. ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛЖ ХОЙГУУР БАЙРЛАХ ГЭР ХОРООЛОЛУУДЫГ БИО, ШУВУУ, ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ЗАМ ДАГУУ , БАЯНЗҮРХ, ХОНХОР, НАЛАЙХ ЧИГЛЭЛД ЭМХ ЦЭГЦТЭЙ ШИЛЖҮҮЛЭН БАЙРЛУУАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ХОТЫН ХОЙД ХЭСЭГТ ОРОН СУУЦ БАРИХ ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨ ТӨСӨЛ ГАРАЖ ,ӨВӨЛ ХОТЫН ДУЛААНЫ ТӨВ ЗУУХНУУДЫГ ЦАХИЛГААН ХАЛААЛТАНД ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХИЙМЭЭР БАЙНА.

Go to top of page