ТОЙМ:Хятадууд Ганц модны боомтоо хааснаар Монгол Улс 64 сая ам.долларын алдагдал хүлээв

Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар өрнүүн байлаа. Манай сайт зарим үйл явдлыг онцлон, тоймлон хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчиллаа

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа БНСУ-д хийсэн бөгөд  албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв.

 БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж, Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлж, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзлаа. Айлчлалын төгсгөлд хүнд хагалгаад орсон Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн болон тус эмнэлэгт эмчлүүлж байгаа Монгол иргэдээ эргэсэн нь олон хүний таашаалд нийцэв. Айлчлалаар БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн. Солонгосын тал манай саналыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж холбогдох ажлын хэсгийг ойрын үед Монголд илгээхээр болов. Ерөнхий энэ мэт 16 асуудлыг шийдвэрлэлээ.

АНУ-д Н-2А,Н2В визээр зорчино

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Энэхүү жагсаалтад Монгол Улс анх удаа багтсан нь энэ аж. Энэ журам нь 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

Ганцмодны боомтыг нээлээ

 БНХАУ-ын Ганц модны хилийн боомт нээгдэж, хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ганц модны хилийн боомтын захиргаа, хилийн цэрэг, цагдаа, Баяннуур аймгийн удирдлага, "Винсвей", "Чалко" компанийн төлөөлөл, нүүрс тээврийн компанийн захирлууд хэлэлцээр хийж, "Винсвей", "Чалко" компанийн зүгээс нүүрс тээвэрлэлтийн зардлыг нэмэх санал гаргасныг хүлээн зөвшөөрснөөр боомтыг чөлөөлжээ.

Арав гаруй хоногийн турш тус боомтод Хятадын компанийн ажилчид жагсаал зохион байгуулж, хил хааснаар нүүрс тээврийн ажил зогсонги байдалд ороод байсан юм. Энэ хугацаанд тус боомтоор гарах байсан зэсийн баяжмал төмрийн хүдрээс өдөрт 2.4 сая ам. аоллар, нүүрснээс дөрвөн сая ам.долларын алдагдалыг манай улс хүлээсэн байна.

Шатахууны үнэ иргэдийг бухимдуулав

Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан шатахууны үнийн өсөлт байлаа. Шатахуун импортлогчид зарим төрлийн шатахууны үнийг нэмж иргэдийг бухимдууллаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Магнайтрейд компанийг хууль зөрчсөн гэж тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар салбарын яаманд хандахаа мэдэгдлээ. Ийнхүү бужигнасны эцэст УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан  Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий Үнийн зөвлөл хуралдаж нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээний тухай зөвлөлдөж, шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргалаа. Сангийн дэд сайд Д.Булгатуяа “Шатахууны онцгой албан татварыг нэмэхгүй тохиолдолд төсөв 300 тэрбум төгрөгөөр тасалдах байсан. Олон улсын валютын сангийнхантай хийх уулзалтаар Онцгой албан татварын асуудлыг ярилцахаар төлөвлөсөн”  гэж мэдэгдлээ.

Банкны тухай хууль батлагдлаа

УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа.  Эн эүеэр зарим гишүүн  арилжааны банкны зээлийн хүүг бууруулах заалт хуулийн өөрчлөлтөд ороогүйд бухимдаж “Арилжааны  банкнаас цалинждаг гишүүд арилжааны банкны эздийн лоббид автаж энэ заалтыг санаатай хаялаа” хэмээн эсэргүүцсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Жавхлан хуулийг “Арилжааны банкуудыг дампуурсан хойно нь төр мөнгө өгдөг биш. Дампуурахаас нь урьдчилан сэргийлж хянах боломж бүрдүүлсэн хууль” гэж тайлбарлалаа.  

МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзав

МАХН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг бүртгэхээс Улсын дээд шүүх татгалзлаа. Дотроо хоёр хуваагдсан энэ намын Н.Энхбаярыгаа дэмжсэн хэсэг нь О.Баасанхүүг  үгүйсгэсээр ирсэн. 20-иод хоногийн  дараа МАХН-ынхан жинхэнэ их чуулганаа хуралдуулахаар болсон гэнэ.

Нөгөө талд О.Баасанхүү Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан нь бүртгэхгүй гэсэн үг биш хэмээн тайлбарласаар буй. Намын дарга нар нь  фин-шуй, будда, христээрээ хүртэл талцах дөхсөн энэ намынхны бужигнаан  хэзээ хүртэл үргэлжлэхийг хүлээх л үлдэж байгаа юм.

 www.zindaa.mn

А.Эрдэнэ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

j [ 78.188.182.14 ]      |     1-р сарын 22 -нд, 13:02 минутанд

.mongol bas hilee haah btei.hytduud mongolchuudiin zoosoorl amidarch bga shuudee

j [ 78.188.182.14 ]      |     1-р сарын 22 -нд, 13:02 минутанд

.mongol bas hilee haah btei.hytduud mongolchuudiin zoosoorl amidarch bga shuudee

Go to top of page