Ерөнхийлөгч “гэмшив”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар хотын дүүргүүдийн иргэдийн төлөөлөлтэй өнгөрөгч амралтын өдрүүдэд уулзалт зохион байгуулсан. Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонслоо. Ерөнхийлөгчийн уулзалт халуухан болсон. Нэг зүйл ажиглагдсан нь УИХ-ыг гоочилсон өнгө аяс. Ийм Их хуралтай байснаас тараагаад бараг л Ерөнхийлөгчийн засаглалтай болоё гэсэн санаа агуулсан мэт. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас гаргасан албан ёсны мэдээллүүд ч тиймэрхүү. Цахим ертөнцөд Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас гаргасан мэдээллийг хэтэрхий шар, мэдээллийн сайтууд ч ийм гарчигтай мэдээлэл гаргахгүй гэсэн шүүмжлэл өрнөсөн. Үүний дараа Хэвлэлийн албанаас нь цахим хуудсанд гаргасан мэдээллүүдийнхээ гарчигийг өөрчилж засварласан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Баянгол дүүргийн иргэдтэй уулзсан уулзалтын тухай мэдээлэл эхлээд “Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч айж бэргэх ёсгүй гэж Баянголынхон үзэж байна” гэсэн гарчигтай гарав. Шүүмжийн дараа  “Баянгол дүүргийн 3000 гаруй иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахаар хүрэлцэн ирж, тулгамдсан асуудлуудаа төрийн тэргүүнд дуулгав” гэж өөрчлөв. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын тухай эхлээд  “Сонгинохайрхан дүүргийн иргэд УИХ-ыг тараахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг манлайлан ажиллахыг хүслээ” гэжээ. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад захиас даалгавар өгч, ард түмний дэмжлэг ард нь байгаа шүү хэмээн санууллаа”  гэж өөрчилсөн байх жишээтэй. Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл.

Тиймээс УИХ-ыг тараахыг уриалах биш Парламент, Засгийн газартай хамтарч ажиллаж, ард түмнийхээ эв нэгдлийн  бэлгэдэл болж явах учиртай. Гэтэл Ерөнхийлөгч маань нийслэлийн дүүргүүдийн иргэдтэй уулзалт хийхдээ “УИХ-ыг тараах хэрэгтэй” гэсэн уур амьсгал бүрдүүлж, хагалан бутаргасан шинжтэй мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа олон нийтэд сурталчлах нь хэр зохимжтой вэ. Авууштай нь албан ёсны цахим хуудасны мэдээллээ залруулсныг бодоход Ерөнхийлөгчийн сонорт хүрч гэмшсэн бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Норов(103.26.194.186) 2018 оны 01 сарын 22

Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт 17 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байгаа. Жилд 2,6 тэрбум төгрөгийн хүүний ашигтай. түүнээс гадна зөндөө орлого бий. хүүний ашгаа л ядуусдаа зориулчих сэтгэлийн тэнхээ байхгүй л байгаа юм даа. Баттулга Ерөнхийлөгч жил дутам 2 цэцэрлэг бариулаад байхад хувийн мөнгөөрөө хотойхгүй дээ. Даанч хүний шунал барагдадгүй юм гэнэ билээ.

0  |  0
Бат(103.26.194.186) 2018 оны 01 сарын 22

Энд тэнд очиж сонгуулийн сурталчилгаа мэт аяглаж, ард олныг басамжлан турхирч байхаар Улаанбаатарын утааг Монгол улсын ерөнхийлөгч удирдаж, бас хариуцаж аваад даран сөнөөе гэж амлавал өөрийн тань цаашдын замналд тань хэрэгтэй л байхсан . 100 топ кампанидаа УБ -ыг хувааж өгөөд утааг устга гэж үүрэг өгмөөр байна гэж нэгэн бизнесмэн ярьсан гэх. Тэр үнэн бол түүнийг дэмжээч. худлаа чалчиж байхаар. Олигтой чалчиж чадхгүй сөөнгө хоолой гаргачихаад л ээрч муураад л арчаагүй юм аа манай Женко.

0  |  0
Сонгогч (117.102.187.40) 2018 оны 01 сарын 22

Ерөнхийлөгч Үндсэн хуулийг уландаа гишгэж, ард түмнээ талцуулан хагалан бутаргаж байна. Нэг иргэн цэцэд хандахад Ерөнхийлөгч ерөнхийдөө будаа болох улс төрийн нөхцөл байдал үүсээд байна. Хорчин Энхболд найруулж, Хулан, Уянга хоёр зөвлөхөөр аргагүй дээ хөөрхий. Ингээд амар сайхандаа жаргав аа.

0  |  0
Top