Д.Хаянхярваа: Утааны асуудалд МАН өмнөх гаргасан алдаагаа давтахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн байна. Бүлгийн хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нар  сэтгүүчдэд мэдээлэл хийв.
 Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  “Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ. Айлчлалын үеэр  БНСУ-ын Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. 500 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотыг орон сууцжуулах чиглэлд зарцуулна. Аль болох үнийн хувьд  хямд байх бодлого баримтална" гэлээ.

Үүний дараа сэтгүүлчид цаг үеийн асуудлаар асуулт асуулаа.

Тухайлбал, зуух тараах асуудалд бүлгийн дарга дараах хариултыг өглөө. Тэрбээр "Цаашид зуух оруулж ирэхгүй байхад анхаарна. Зуух яриад байгаа нь нүүдэлчин соёлтой холбоотой.Тиймээс бүх айлыг зуухгүй болгоно гэвэл эрт байна. Засгийн газар агаарын бохирдлын эсрэг эцсийн хувилбараа тодорхой гаргаж, танилцуулна. III, IV цахилгаан станцуудыг хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар яригдсан байсан. Утаагүй түлшний асуудал бизнес болж хувирахгүй гэдэг дээр итгэлтэй байж болно. Энэ асуудлыг төгс шийдэж байж хийнэ.

Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулахгүй байх шийдвэр гаргахаар болсон. Иймд боловсруулсан түлшийг нэг стандартаар үйлдвэрлэх асуудал яригдана. Хамгийн сайн чанарын түлш үйлдвэрлэх бодлого барина.

Татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлыг эргэж авч үзнэ. Энэ сарын 25-нд ОУВС-гаас хүмүүс ирнэ. Тиймээс татварын асуудлыг ойрын хугацаанд ярилцана. Засгийн газрыг огцруулах эсэх тухай хөндөх нь Ардчилсан намын л асуудал. Бид энэ Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангаж ажиллахын төлөө  анхаарна" гэлээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олби огтоно(182.160.34.239) 2018 оны 01 сарын 22

Ийм олби шиг нөхөр л улс орныг удирдаад байхаар ард түмэн яаж өөдлөх вэ дээ. Хонгорийнхон хордсон!!!

0  |  0
Top