С.Амарсайхан: Газрын албаны үйл ажиллагааг зөв зохион байгуулалтад оруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн газрын харилцаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, гомдлын талаарх “Олон нийттэй нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг байгуулсан байна. Тус тогтоолын дагуу сарын хугацаанд иргэдээс НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэд, аж ахуй нэгжээс ирүүлсэн 530 орчим өргөдөл, гомдлын 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталд гомдолтой байгаагаа илэрхийлжээ.  

НИТХ-ын дарга САмарсайхан хэлэхдээ “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг зохиогдохоос өмнө иргэдээс санал гомдлыг нь авч байсан. Газрын үйл ажиллагааны асуудалтай холбоотой 500 гаруй иргэд санал гомдлоо ирүүлсэн. Үүнээс ч олон иргэд санал гомдлоо ирүүлдэг. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа гол шалтгаан нь Нийслэлчүүдийн өмнө гол тулгамдаж буй газрын асуудлыг хэрхэн зохион байгуулж, иргэдийн санал гомдлыг барагдуулах, газрын үнэ цэнийг бий болгох гэх мэт олон асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг нь олохын тулд юм. Иргэд нийслэлийн газрын албаны үйл ажиллагааг ихэд шүүмжилдэг. Иргэдийн ирүүлсэн санал гомдлыг хуулийн хүрээнд 30 хоног хүлээлгэж байж шийдвэрлэх биш гурав хоногт шийддэг байх ажлыг хийнэ. Мөн 10, 20 жил болж байхад иргэдийн санал гомдол шийдэгдэлгүй, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн тохиолдол олон байна. Энэ талаарх тодорхой арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулж, иргэдийн гомдлыг богино хугацаанд шийдвэрлэх арга хэмжээг авна. Мөн газрын албаны үйл ажиллагааг зөв зохион байгуулалтад оруулна. Энэ хэрээр бүх түвшинд Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцсэн, иргэдийн ажил, амьдралын бодит нөхцөл байдалтай уялдсан бодлогыг хэрэгжүүлнэ. Цаашдаа газрын арилжааны асуудлыг улам боловсронгуй болгох, үнэ цэнийг нэмж, иргэдийн оролцоог сайжруулах зорилготойгоор өдөрлөгийг зохион байгуулж байна” гэлээ.

Шийдвэр гаргагчид болон иргэд газар зохион байгуулалтын асуудлаар анх удаа нүүр тулсан томоохон уулзалт өрнүүлж байгаа нь энэ юм. Энэ үеэр НИТХ бодлого боловсруулагч субъектийнхээ хувьд нийслэлийн иргэд, оршин суугчдын санаа бодлыг сонсон цаашид иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого боловсруулахад анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top