Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Үндэсний чанарын зөвлөлүүдийг хуралдууллаа

2018 оны 01 сарын 23

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн 2017 оны тайлан,  2018 оны зорилтыг хэлэлцэхээр тус хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн хоёрдугаар хуралдааныг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.23) даргалан явууллаа.

2017 оны дөрөвдүгээр сард хуралдсан тус зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газрын 11 яам, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн  Засаг даргын дэргэд орон тооны бус салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа бол одоог хүртэл  салбар зөвлөл байгуулаагүй Батлан хамгаалах, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамдад Шадар сайд Ө.Энхтүвшин анхааруулга өглөө. Шадар сайд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр нь бүх салбарын хэрэглэгчийн эрхийг хөндсөн салбар дундын шинжтэй учраас зөвлөлийн гишүүд болон яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санаачилагатай оролцож, бодит ажил болгохыг үүрэг болгов.  

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эдийн засгийн хямралт байдалтай холбогдон 2016, 2017 онуудад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд төсөв хөрөнгө тусгагдаагүй ч хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий  ШӨХТГ-аас 4000 гаруй иргэд хэрэглэгчид, аж ахуй эрхлэгчдийн төлөөллийг хамарсан соён гэгээрүүлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаа явуулсан нь үр дүнгээ өгсөн ажил болсон гэдэгт итгэлтэй байгаа” гээд “Цаашид хэрэглэгчдийг хэрэглээний соёлд сургах, хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч соён гэгээрүүлэх ажлыг анхан шатны нэгжид хүргэж, ялангуяа хөдөөгийн иргэд хэрэглэгчид рүү чигэлсэн арга хэмжээг түлхүү зохион байгуулаарай.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн биелэлт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт эцсийн дүндээ бичмэл тайлангаар бус хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшингээр дүгнэгдэх болно гэдгийг хаана хаанаа анхаарах нь зүйтэй” гэв.

Зөвлөлийн даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин 2018 онд  хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг харьяалах чиг үүрэг гэлгүйгээр иргэд, хэрэглэгч хандсан тохиолдол бүрт төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж хэвшүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээгээ хүргэдэг аж ахуй эрхлэгчид рүү хандсан ухуулга, сургалт сурталчилгаа, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээнд тогтмол хийж байхыг үүрэг болгож байна. Түүнчлэн интернэт худалдаа үйлчилгээний цар хүрээ манай оронд эрчимжиж эхэлж байгаа учир хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудлыг энэ оноос бодлогын хэмжээнд авч үзэж ажиллахыг ШӨХТГ-т үүрэг болголоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааны төгсгөлд хэлэлцүүлгийн үеэр зөвлөлийн гишүүдээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн Шадар сайдын албан даалгавар гаргаж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлд танилцуулахаар боллоо.

  Энэхүү хуралдааны дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017 онд хэрхэн хангасан хийгээд 2018 онд тус хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулахаа хэлэлцэхээр Үндэсний чанарын зөвлөлийг цуглуулав.

Үндэсний чанарын хөтөлбөрийн үндсэн зорилго нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалах, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий  үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж буй бөгөөд үүнд чиглэсэн 8 үндсэн зорилтыг хэрэгжүүлэх 118 арга хэмжээг 2017-аас 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү хөтөлбөрөөр Монгол Улсын чанарын бодлогын тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон, тухайлбал экспортын чиглэлээр мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, метал, метал хийц, жуулчны бааз, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх эрэмбийг тодорхойлсон. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын чанарын дэд бүтцийг сайжруулах чиглэлд цемент, арматур, сүү, сүүн бүтээгдэхүүн, гахай, шувууны мах, өндөг, жимс, жимгэнэ, хүнсний зориулалттай сав, баглаа боодол, ноосон даавуун үйлдвэрлэл, мод, модон эдлэл, газрын тос, нүүрс химийн үйлдвэрлэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих явдлыг эн тэргүүнд авч үзэхээр чанарын хөтөлбөрт тусгасан гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top