Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2018 оны 01 сарын 23

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа. Ажлын хэсэг тус аймагт гарсан шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, тус аймгийн Сүмбэр, Шивээговь суманд гарсан шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцаж, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах үүрэг чиглэл өгөв. 

Тухайлбал, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, төмөр замын 16 дугаар зөрлөгийн хяналтын цэгт хяналт тавих, халдваргүйтгэлийг чанартай хийх, мэргэжлийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох, голомтод ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, малчид иргэдийн эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс болон бусад хангамжийг сайжруулах, шаардлагатай аюулгүйн цэг байгуулах, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, өвчин тархах эрсдэлтэй байгаа тул дэглэмийг сайн тогтоох голомтын бүсээс гадагш алдахгүй байхыг үүрэг болголоо. Мөн бусад аймгаас оторлож орж ирсэн малчдын маршрутын судалгааг гаргаж тандалт хийх, сурагчдын амралт дуусч хичээл эхэлж байгаатай холбогдуулан голомт бүхий сумдаас ирэх сурагчдын судалгааг гаргах, ялангуяа Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил сумаас ирэх сургуулийн хүүхдүүдийн асуудалд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт дор халдваргүйтгэлийг чанартай хийж, нэвтрүүлэх талаар ярилцаж шийдэх, тогтоосон маршрутын дагуу хөдөлгөөн үйлдэхэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэгжүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top