Эх оронд минь инженер ухаан үгүйлэгдэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

“Эх орондоо инженерийн хувьсгалыг эхлүүлье” гэсэн уриалгыг эрх баригчдаас авахуулаад энгийн ард түмэн, ер энэ дэлхийн өнцөг булан бүрт оршин буй нийт монголчууддаа хүргэхийг хүслээ. Хэдий болтол бидний монголчууд алтан дээр сандайлсан гуйлгачид, баялгаа барж амьдрагчид, хөгжил буурай орны иргэд гэсэн “хоч” зүүх ёстой юм бэ. IQ, генээрээ Азидаа байтугай дэлхийд дээгүүрт ордог Монгол шиг орон энэ бөмбөрцөг дээр тийм ч их биш. Гэсэн атлаа Монголын хөгжил яагаад буурай байгаад байна вэ. Яагаад бид экспортын өмнө “сөгдөж”, импортын өмнө “хуйлран гүйлдэнэ” вэ.

Яагаад бид техникийн хөгжил, технологийн дэвшлийг гадны улсуудаас л ганцхан харж гайхан бишрэх ёстой юм бэ. Яагаад бид гартай бол гартай, хөлтэй бол хөлтэй, хэлтэй бол хэлтэй байж хүн төрөлхтний хөгжлийн сүүлийг мушгиж амьдрана вэ. Яагаад монголчууд дэлхийг байлдан дагуулах тийм агуу техник технологийг бүтээж болохгүй гэж. Яагаад, яагаад, яагаад... Бодох л асуудал. 

Инженер ухаан үгүйлэгдэж байна

Тийм ээ, Монголын нийгэмд инженер ухаан дутагдаж байгаагийн бүх илрэл дээр өгүүлсэн яагаад гэсэн асуултуудыг урган гаргуулаад байгаа юм. Инженер ухаан дутагдана гэдгийг энгийнээр тайлбарлавал, бүтээлч ухаан бидэнд дутагдаж байна гэсэн үг. Учир нь инженер хүн гэдгийг би хувьдаа бүтээдэг хүн гэж ойлгодог. Түүнээс бус толь бичигт тайлбарласан шиг “Инженерчлэлийн шинжлэх ухаанаар их дээд сургууль төгссөн мэргэжилтнийг инженер гэнэ” гэж тодорхойлсон болгоныг инженер гэж хэлж болмооргүй санагдана. Өөрөөр хэлбэл, манай ард түмний хэрэглэж ирсэн “дархан хүний бурхан ухаан” хэмээх хэллэгийг “инженер сэтгэлгээ”-нд хамааруулж ойлговол хамгийн ойлгомжтой байх биз. МУИС-ийн нэгэн багш “Монгол инженерүүдийн ихэнх нь компьютер доторx процессийг мэдэхгүй байж компьютерийг сайн эзэмшиж сурсан нь инженерчлэл утгаа алдаж байгаа юм” гэж хэлсэн байдаг. Энэ нь Монголд жинхэнэ инженерүүд цөөхөн, зөвхөн инженер хүмүүсийн хэрэглэгчид л олон болсон гэж хэлж байгаатай агаар нэг юм. Бодоод үзэхээр үнэхээр тийм аж. Өнөөдөр монголд инженер мэргэжлээр цөөнгүй сургууль боловсон хүчин бэлтгэж, цөөнгүй төгсөгчдийг нийлүүлж байгаа ч тэд инженер ухааныг энэ нийгэмд “тарьж, ургуулж” чадахгүй байгаа нь бодит үнэн. Нөгөө талаар ганц нэг хийж бүтээж байгаа монгол инженерийнхээ хийсэн бүтээлийг ард иргэд нь ашиглах нь тун ховор байгаа нь инженер ухаан энэ нийгэмд хомсдох эхний шалтгаан болоод байгаа юм. Та бод л доо. Ажил дээрээ, гэртээ гээд ахуй хэрэглээндээ хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнээ нэг хараад үзээрэй. Бүгдээрээ л гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнүүд байгаа биз. Бид ийм л болохоор эх орон минь хөгжил буурай орны тоонд цохиж явдаг байх нь. Тэгвэл бид, яаж, ямар замаар өндөр хөгжилтэй орон болж болох вэ. Боломжийг хайцгаая...

Монгол инженерүүдээ дэмжье

“Инженерийн ухаан хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Үнэхээр л хөгжилтэй улс орнуудын түүхээс харвал инженерийн ухаанаар хөгжлийн өндөрлөгт хүрсэн нь илт байдаг. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүчээ болоод буй нөгөө Азийн бар орнууд инженерийн хувьсгалыг өрнүүлж чадсанаараа л өнөөгийнхөө өндөрлөгт хүрчээ. Сингапур, Малайз, Өмнөд солонгос, Японы хөгжлийг инженерүүд нь л буй болгож. Дээрх улсуудад инженер ухааныг эрхэмлэж, бүтээгч инженерүүдээ төр засаг нь ч дэмжиж, сайшааж, тусалдаг байна. Аливаа нийгмийг инженерүүд авч явдаг гэх теоремыг дэлхийн өндөр хөгжилтэй орны төрх тэр чигээрээ баталж байна шүү дээ. Түүнээс бус гудамжинд зогсоод уриа лоозон барьчихаад хийрхлээр дүүрч, хий хоосон ард түмэн гэж ярих улс төрчид нийгмийг авч явдаггүй юм байна. Тийм ч их наядын хөрөнгө босгоно, ийм ч их хэмжээний бонд гаргана гэж ярих эдийн засагчид ч энэ нийгмийг авч явдаггүй юм байна. Нийгэмд хуулийг хэрэгжүүлнэ, хэм, хэмжээг тогтооно гэж омогдох хуульчид ч нийгмийг авч явдаггүй юм байна. Гагцхүү инженерүүдийн ур ухаан, шинэлэг бүтээл л нийгмийг хөтөлж, чиглүүлж авч явдаг юм байна. Ийм учраас Монголоо өндөр хөгжилтэй орон болгоё л гэж бодож байгаа бол чадварлаг инженерүүдийг бэлтгэж, чансаатай бүтээлийг “төрүүлэх”-д гол анхаарлаа хандуулах цаг дор ирээд байна. Саяхан даа, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр Монголоос мянга гаруй инженерийг Японд суралцуулах төсөл хэрэгжсэн. Энэ бол сайн мэдээ. Хамгийн гол нь уг төсөлд инженер болох чин хүсэлтэй, эх орондоо ихийг бүтээх хүсэл тэмүүлэлтэй нь хамрагдаж чадвал үр дүнд хүрнэ шүү дээ. Түүнээс бус сайд дарга нарын хамсаатан, үнэ өртөггүйхэн гадаадад сурахыг эрмэлзэгчид хамрагдвал харамсалтай юм. Хамгийн гол нь монголд “жинхэнэ” инженерүүд ус агаар мэт хэрэгтэй байна. Нийгмийн энэ шаардлагыг саруул ухаанаар тунгааж, монголын нийгэмд инженер ухааныг “тарьж ургуулах” ажлыг эрх баригчид хийх цаг болсон. Төр засаг нь дэмжээд өгвөл нэг үеэ бодвол Монголд ганц нэг салбарт инженерийн ухаан хөгжиж байна шүү дээ. Өнөөдөр компьютер программ хангамжийн салбарт чадварлаг инженерүүд цөөнгүй бий болжээ.Тэдний хийж буй ажлыг дэмжээд өгвөл маш хямдхан зардлаар маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргаж чадна гэж байгаа. Өөр нэгэн жишээ бол эрчим хүчний салбарт шинэчлэлийн салхийг гаргаад буй инженер Н.Нацагнямыг энд дурдах хэрэгтэй. Түүний зохион бүтээсэн реактив чадлын автомат болох NaNyam-AX12 бүтээлийг бүх станц /дэд станцад суурилуулж реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие даан найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болж, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох аж. Энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Зөвхөн 0,11 cent-ийн silicon чип, 5 долларын хавтан зэрэг материаллаг зардлаас бүтсэн техник хангамж дээр өөрийн программ хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан оюунлаг бүтээл болсон байна. Ийм төрлийн бүтээл нь Монголын түүхэнд байтугай дэлхийн түүхэнд анх удаа бий болжээ. Энэ бол гайхамшиг юм. Монгол хүн хийж бүтээж чаддагийн тод томруун жишээ юм. Ийм л хүмүүсийг өнөөдөр өчнөөн олноор нь буй болгох үндэс суурийг төр засаг бодлогын түвшиндөө боловсруулмаар байна. Хийж бүтээж байгаа инженерүүдийг хөхиүлэн дэмжмээр байна. Өнөөдөр эко автобусыг эх орондоо бүтээгээд нийтийн тээвэрт хямдхан өртгөөр автобус нийлүүлж байгаа Жаргалсайхан инженерийг магтах хэрэгтэй. Гадны орноос актлагдсан хуучин автобусыг хэдэн тэрбумаар авчирч байхаар эх орондоо бүтээж байгаа Жаргалсайхан инженерийн бүтээлийг төрөөс дэмжээд өгвөл хэн, хэндээ үгүй мөн их хэрэгтэй дээ. Ингэснээр гадагшаа урсах мөнгөө багасгаад зогсохгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд хаа, хаанаа ашигтай юм. Өнөөдөр “Могул”, “Монел”-ийг бүтээгээд байгаа монгол инженерүүдээ бид магтан дуулах ёстой. “Sonny”, “Sharp”, “Toshiba”-г тахин шүтэхээсээ өмнө монгол инженерүүдийнхээ бүтээсэн брэндүүдийг сонгож яагаад болохгүй гэж. Өнөөдөр төрийн эрх мэдэлтнүүдийн наймаа буюу импорт хийхийг нь болиулж инженерийн үйлдвэрлэл эрхлэдэг болгож чадвал Монгол хүн бүр ажилтай болж эдийн засаг маань сэргэх болно. Нэг хэсэг нь хэрэглэгч болж байхад нөгөө хэсэг нь нийлүүлэгч байх тийм л эдийн засгийн орчныг эрэлхийлмээр байна. 

Инженерүүдийн дунд өндөр бооцоотой уралдаан зарлая

Яг одооноос Монгол инженер бүхэн дор бүрнээ өөр өөрсдийнхөө мэргэжлээр төсөл гаргахыг уриалж байна. Та бүхний гаргасан төсөл монголын нийгэмд хэрэг болно. Салбар бүрт инженерийн бүтээл өгүүлэгдэж байгаа өнөө цагт инженер та бүхний гаргасан санаа, боловсруулсан төсөл болгон чинь дэмжигдэнэ гэдгийг баттай хэлэх байна. Төр засгаас ч гэсэн инженерүүдийн дунд асар өндөр бооцоотой уралдаан зарлаж яагаад болохгүй гэж. Ингэж гэмээ нь инженерүүд ихийг сэдэж, олныг бүтээнэ дээ. Нийгмийг авч явдаг эрхэм инженерүүд энэ цагт өөрсдийнхөө үүргийг гүнээ ухамсарлаж, нийгэмд хэрэгтэй бүтээлийг хийж, төрөөс түүнийг нь дэмжих тал дээр бүх боломжоороо оролцвол эх орны минь ирээдүй гэрэлтээд ирнэ гэдэгт бичигч би лав эргэлзэхгүй байна. Нэг нийгмийн байгууллаас нөгөө нийгмийн байгуулалд шилжихийг нийгмийн хувьсгал гэж нэрлэдэг шиг бүтээгчдийг мартсан нийгмээс бүтээгчдийг санасан нийгэм рүү шилжицгээе. Тийм ээ, Монгол инженерүүд ээ, мориндоо мордоцгоо. Яг өнөөдрөөс эхлээд инженерийн хувьсгалыг эх орондоо эхлүүлцгээе.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dimash(58.123.139.2) 2018 оны 01 сарын 23

hichneen olon hun ingeneer bolloo. yu ch hiihgui baina teheer mongolchuudiin iq muu. mash muu. onoodor iq zohion buteesneer n l unelj baina hen shiniig hiij baina ter l iqtai. mongolchuudiin iq mahs muu. nobeliin shagnal ? ene bas iq shuu

0  |  0
ZOCNIN (68.145.61.75) 2018 оны 01 сарын 23

GADAADAD HAMGIIN ONDOR TSALINTAI HYN BOL INJEJENERYYD L BDAG YUM BILEE. MANAI HORONGOTNYYD GADAADAD OFFSHORT MONGOO HIIJ BHAAR ULSADAA NER HYNDTEI SEIMENS CN YUMUU CAMSUNGIIN NEG YILKDWER ORUULAAD IREX HEREGTEI SHYY DEE, MONGOLCNUUDAA TUHAIN ULSAD NI BOGINO HUGATSAAGAAR SURGAAD .. ELECTRONIKIIN YILDWER BYR YU CN BSAN TEXNOLOGIIN YILDWER MONGOLD HERGTEI

0  |  0
ZOCNIN (68.145.61.75) 2018 оны 01 сарын 23

GADAADAD HAMGIIN ONDOR TSALINTAI HYN BOL INJEJENERYYD L BDAG YUM BILEE. MANAI HORONGOTNYYD GADAADAD OFFSHORT MONGOO HIIJ BHAAR ULSADAA NER HYNDTEI SEIMENS CN YUMUU CAMSUNGIIN NEG YILKDWER ORUULAAD IREX HEREGTEI SHYY DEE, MONGOLCNUUDAA TUHAIN ULSAD NI BOGINO HUGATSAAGAAR SURGAAD .. ELECTRONIKIIN YILDWER BYR YU CN BSAN TEXNOLOGIIN YILDWER MONGOLD HERGTEI

0  |  0
Top