Барилгын компаниудын хийдэг ичгүүр сонжуургүй дээрэм

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Барилгын салбарын хөгжил Монголд хамгийн өндөр таазандаа хүрч байсан цаг саяхан. Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих анги ачааллаа дийлээгүйгээс өч, төчнөөн вагон саатан, энд үнэ тэнгэрт хадаж, тэнд авлига цэцэглэж байсныг барилгын салбарынхан одоо ч ярьдаг. Чанарын шаардлага хангаагүй гэж хожим хэл ам татлах болсон барилгууд ч чухам тэр үед баригдсан билээ. Тэр үед иргэдээс 30-50 хувийн урьдчилгаа аван барилгаа босгож байсан компаниуд алдгдалд орж, хаалгаа барих үзэгдэл гарч байв. Зарим нэг нь улайм цайм “Та нараас авсан мөнгөөрөө барилгаа барьж байтал материалын үнэ өсчихлөө. Мөнгөө нэмж өгөөд орвол ор” гэж хэлээд цагдаа шүүхдээ тулж байв. Аль алиных нь буруу гэхэд хэцүү ийм байдлыг арилгахын тулд орон сууц худалдах худалдан авах үйл ажиллагаанд банкууд илүү оролцох болсон билээ. Гэтэл ийм арга хэмжээ аваад ч иргэн хүн хохирсоор байх нөхцөл нь хэвээр үлджээ.

Барилгын компани мөнгөө банкнаас бөөнөөр гаргуулж аваад барьчихаж байгаа болохоор орон сууцны үнэ нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй болсон ч бас өөр нэг арга үлдсэн байж. Энэ нь арилжааны банкуудтай гэрээ байгуулах замаар иргэдэд орон сууцаа зарах явдал байж. Энэ арга нь тун энгийн. Одоо банкуудын орон сууцны хүү 1.5 орчим хувьтай байгаа. Барилгын компани орон сууц барьж байхдаа арилжааны банктай “Орон сууцны зээл хүссэн иргэдэд манай байрыг санал болго. Тэгвэл хүүг нь 1 хувиар тооцъё”, гэсэн утгатай гэрээ хийдэг юм байна. Ингээд хэн хэндээ ашигтай гэрээ хэрэгжиж, иргэд орон сууцандаа орсны дараа гэрээг цуцладаг аж. Нэгэнт гэрээ цуцлагдсан учраас банк хүүгээ нэмэхээс өөр аргагүй болдог аж. Ингэснээр тухайн орон сууцыг худалдаж авсан иргэн хохирч үлддэг байна.

Заавал барилга ч гэлтгүй өөр чиглэлийн компаниудын зүгээс ч асуудал бий. “Манай ажилчдыг арай бага хүүтэй орон сууцны зээлд хамруулаач” гэсэн утгатай хүсэлт тавьж гэрээ байгуулсан компаниуд бас байдаг аж. Ажилчдаа орон сууцны зээлд хамрагдсаны дараа өнөөх компани нь мөн л гэрээгээ цуцлах хүсэлт гаргаж, дээрхийн адил явдал давтагддаг ажээ. Бага хүүтэйд нь болоод хүсээгүй газар, хүсээгүй давхартаа ч юм уу орон сууц авчихсан иргэн хохироод үлддэг байна. Энэ бол залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж ч болох юм.         

Компаниудын зүгээс ирэх дарамт, арга бач гэвэл ийм байна. Тэгвэл банкинд ч бас асуудал байна аа. Тухайн иргэн орон сууцны зээлд хамрагдсаны дараа инфляци болон бусад шалтгаанаас болоод уян хатан байж болно утгатай заалт зээлийн гэрээнд байдаг юм байна. Орон сууцны зээлийн хүүг нэмэх шаардлага гарвал нэмнэ, бас хасч болно гэсэн утга илэрхийлж байгаа энэ заалт Засгийн газраас амлаад байгаа шиг орон сууцны зээлийн хүү жилд зургаан хувь болчихвол хэрэглэгчдэд ашигтайгаар үйлчилнэ. Харин нэмэгдвэл эсрэгээрээ байх юм. Харамсалтай нь эрх баригчид одоогоор зээлийн хүүг бууруулах биш, нэмэгдүүлэх ажлыг л хийж байна даа. Монгол банк бодлогын хүүгээ нэмснээр арилжааны банкууд зээлийн хүүгээ гарцаагүй нэмж таарна. Барилгын салбар Монголд нэг иймэрхүү байдлаар л хөгжиж, хөлжиж байх шив. Үнэндээ орон сууц худалдаж авахаар мөнгөө өгсөн иргэд “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг болчихоод байна. 

Зарим нэг нь орон сууцны зээлийн хүү нэмэгдэхээр үнэ нь бууна ч гэх шиг. Аль нь ч байсан гэсэн хөрөнгө мөнгө нь иргэнээс л гарах нь тодорхой. Үнэндээ төр засаг иргэдээ бодохгүй байна. Эрх баригчид  “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлахдаа барилгын салбарыг л дэмжсэн болохоос худалдан авагчдыг дэмжээгүй. 180 тэрбум төгрөгийг барилгын компаниудад олгохдоо “Та бүхэн минь барилгаа барьчихаад ашгийн хойноос явахгүй байхыг хичээгээрэй” гэж хэлсэн нь иргэдээ бодсон сэтгэлийнх нь хамгийн дээд илрэл байсан гэж болно.  Харин саяхан Орон сууцны урьдчилгаа зээлд зориулж 100 тэрбум төгрөгийг суулгаж өгөхийн хамт барилгын материалын импортын татварыг 50 хувиар нэмчихлээ. Дархан, Хөтөлийн цементийн үйлдвэрүүд дотоодын эрэлтийг хангаж чадахааргүй байхад шүү дээ. Хүү бууруулж гялайлгадаггүй юм гэхэд битгий ингэж янаглан хорлоод байгаач гэж орон сууцны зээлтэй иргэд гуйж байна. Барилгын компаниудыг хатуу хянахыг шаардаж байна.

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(109.252.87.4) 2018 оны 01 сарын 23

номингийн барьж байгаа ревер гарден хотхон маш чанаргуй барьсан унэ нь ууланд гарсан зарж борлуулсан талбайгаасаа 10-20 м2 аар бага ар гэрчилгээгээ бичиж огдог оорсдоо ийм хэмжээний монгийг дундаас нь хожиж худалдан авагч нарыг хохироож байна.

0  |  0
Zorro(66.181.161.92) 2018 оны 01 сарын 23

15-20 жилийн өр тавиад нэг орон сууцанд ордог. Гэтэл тэр барилга нь стандартад нийцсэн эсэх нь эргэлзээтэй. Нэг үгээр бол ядуусын хороолол сүндэрлүүлж байгаа юм. Гэр хороололд насаараа амьдарсан эсвэл хөдөө орон нутгаас шилжин ирсэн мянгатуудын үр төл хамаатнууд нь тэр барилга нэртэй балгасыг худалдан авч буй нь гаслантай. Нуль оркуудын арми. Боловсон царайтай хөдөөний хар массын цуглуулга. Гаднаа зогсоогүй. Нар болон хүүхдийн тоглоомын талбай энэ тэр бол ярих ч хэрэггүй. Өглөө нь цонхоороо цай сүүний хур бороо оруулж. Нэг нэгнээ хоролмаадна. Удахгүй цэвэр усны хомсдолд орох гэж байгаа...

0  |  0
Зочин(66.181.169.162) 2018 оны 01 сарын 23

Эрх баригчид өөрсдийн бизнесээ цэцэглүүлсэн болохоос ард түмэнээ бодоогүй ээ. Ард түмний дутуу дээр тоглолт хийж өөрсдийнхаа кармаг түнтийлгэсэн. УБ утаатай байх үгүй нь тэдэнд хамаагүй орон сууцны зээл аваад төлж чадах эсэх нь тэдэнд хамаагүй гагцхүү мөнг л олж байвал болно гэсэн бодолтой байгаа

0  |  0
Баадай(66.181.164.229) 2018 оны 01 сарын 23

Материалын импортын татварыг 50 хувь нэмсэн юмуу. Тэгвэл энэ чинь барилгын компанийн шийдвэр биш төрийн шийдвэр болохоор төр засагт хандаж бичих байсан юм биш үү

0  |  0
Top