Л.Эрдэнэчимэг: Оршин суугчид ганц компанийн эрхшээлд амьдарч байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн газрын харилцаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, гомдлын талаарх “Олон нийттэй нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг байгуулсан байна. Тус тогтоолын дагуу сарын хугацаанд иргэдээс НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэд, аж ахуй нэгжээс ирүүлсэн 530 орчим өргөдөл, гомдлыг цуглуулсан юм. Энэ хүрээнд НИТХ-аас “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг өчигдөр зохион байгууллаа. Тус уулзалт нь шийдвэр гаргагчид болон иргэд газар зохион байгуулалтын асуудлаар анх удаа нүүр тулсан томоохон уулзалт  болсон юм.

Нийт ирсэн өргөдөл, гомдлын 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталд гомдолтой байгаагаа илэрхийлжээ.  Өргөдлүүдийг судалж үзэхэд ихэнх иргэд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад олон хүндрэл бэрхшээл тулгардаг нь илэрсэн байна. Тухайлбал, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр олон жилээр чирэгдүүлэх, давхардуулах, хуулиар хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг шийдвэрлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх зэрэг ноцтой зөрчил дутагдлууд олон байгаа талаар иргэд дурдсан юм. Үүнээс болж гэр бүл салж, амь нас, эд хөрөнгөө алдсан тохиолдлууд ч олон гарчээ.

Нийт өргөдөл гомдол шийдвэрлээгүй байгаа хугацааг ангилж үзэхэд 3-5 жил хүртэл 32 хувь, 1-3 жил хүртэл 26 хувь, 10-аас дээш жил 11 хувийг эзэлж байгаа аж. Уулзалтын үеэр иргэд тулгамдаж буй асуудлаа ярьсан юм.

Үе үеийн засаг дарга нартай уулзах гээд 10 гаруй жил болж байна

Баянгол дүүргийн иргэн Г.Аюушмаа “Би шүүхийн шийдвэр гараад 10-аад жил болж байгаа газрын маргааны асуудлаар дарга нарт дуу хоолойгоо хүргэх гэж энэхүү уулзалтад ирээд байна. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд баригдсан "Golden Park" хотхонд 16 давхар, 10 барилга баригдсан. Энэ барилгууд нь газрын зөвшөөрөлгүй. Мөн барилга барьж эхлүүлэх зөвшөөрөл нь хуурамч. Ерөнхий төлөвлөгөөгүй барилгууд юм. Энэхүү барилгын тухай бүх баримт надад бий. Газрын зөвшөөрөл нь хуурамч тухай "Улсын мэргэжлийн хяналтын байгууллага"-ын Улсын ахлах байцаагч Оюунчимэгийн тайлбар өгсөн. Мөн барилгын ажил гүйцэтгэсэн компанийн захирлын хуурамч зүйл хийснээ хүлээж, хүлцэл өчсөн бичиг байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ерөнхий төлөвлөгөө байхгүй, газрын зөвшөөрөлгүй барилга баригдсан гэсэн бичгийг хүртэл гаргаж өгсөн. Тиймээс шүүхээс манай талд газрыг олгох шийдвэр гаргасан. Гэвч тус барилаг барих зогсоогоогүйгээр барахгүй, үргэлжлүүлэн барьсаар байсан. Баригдсан барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан. Энэхүү асуудлыг Нийслэлийн засаг даргын харьяа агентлагууд л шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Өөр бусад хүмүүст хандъя гэхээр даргатай уулзахгүй л бол шийдэхгүй гэсэн хариуг өгдөг. Дарга нь болохоор биднийг хүлээж авдаггүй. Би нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр байхаас эхлээд Э.Бат-Үүл, өнөөдрийн С.Батболд даргатай уулзах гэж олон удаа оролдсоор 10-аад жил боллоо. Энэ хугацаанд намайг засаг даргатай уулзуулахгүй байсаар өдийг хүрлээ. Олон саад, бэрхшээл тулгарч  байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэв.

Сонигино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороо "Жрагалант" тосгоны захирагч Б.Мягмарсүрэн “Манай Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 14 байршилд 25 мянга гаруй иргэнд 1200 гаруй га газар цахимаар олгогдсон байдаг. Эдгээр газруудад эзэн нь очоогүй байсаар өдийг хүрлээ. Эзэн байхгүй хэрнээ дугуй, шил төмрөөр хашаа зоож, уулын амыг таглачихсан. Энэ нь эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй айлуудын амьдралд сөрөг нөлөөтэй байна. Зарим нэг айлын өвөлжөөг нь оруулаад цахимаар газар өмчлүүлсэн явдал ч гарсан. Газрыг цахимаар өмчлүүлэх гэсэн систем байдаггүй. Тиймээс цахимаар газар өмчлүүлэх асуудлаа эргэж хараач ээ гэж хүсмээр байна. Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны бодлого нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх юм. Гэтэл цахимаар газар өмчлүүлснээс хойш эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нөхцөл байхгүй болоод байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбаатар “Би олон нийтийн хэлэлцүүлэгт иргэдийнхээ дуу хоолойг хүргэхээр ирсэн. Гурван асуудлаар энд хандаж байна. Нэгдүгээрт, дахин төлөвлөлтийн асуудал. Манайд 85 өрхийн 600 гаруй хүн бий. Д.Арвин гишүүн асны “Их-Өргөө” компанитай холбоотой дахин төлөвлөлтийн ноцтой асуудал байна. Хоёрдугаарт, “Жуковын талбай”-г нийт 5 компани эзэмшин, ижил хэмжээтэй хашаа зоож, өмчлөн 10 гаруй жилийг үдэж байгаа юм. Өдийг хүртэл энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явагдаж, барилга баригдаагүй. Газрын тухай хуульд хоёр жилийн хугацаанд өмчилсөн газартаа ямар нэгэн барилга барих, үйл ажиллагаа явуулаагүй бол эрх нь цуцлагддаг. Гэтэл 2017 оны 11 дүгээр сард тус газрыг 15 жилээр эзэмших эрхийг тус компаниуд дахин авчихсан. Үүнд анхаарал хандуулаач гэж хүсч байна. Гуравдугаарт цахимаар газар өмчлүүлэхдээ давхардуулж газар олгож байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 4, 15 дугаар хороонд "Отгон-од" гээд 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа талбай бий. Гэтэл Нийслэлийн засаг дарга захирамж гаргаад Баянзүрх дүүргийн засаг даргаар тус талбайд хувь иргэнд граш байгуулах зөвшөөрөл өгчихсөн. Энэ асуудлаар бид шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ мэт олон асуудал байна. Хүүхдийн тоглоомын талбайг буулгаад барилга барих маш олон шийдвэрүүд бий” гэсэн юм.

Оршин суугчид ганцхан компанийн эрхшээлд амьдарч байна

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо түр зөвлөлийн 52-р байрны оршин суугч С.Цамба “Өгөөжийн урд талын Сөүлийн гудамд байрлах газар болон  52-р байрны урд талд барилга барьж иргэдийн эрх ашгийг зөрчих гэж байна. Нийт гурван газар хашаа хатгаад байгаа. Тус барилгын ажлыг Баясгалан гэх захиралтай компани явуулах гэж байгаа юм. Тус компанийн ажил нь хууль бус гэдэг нь олон бичиг баримтаар нотлогдсон. “Засгийн газрын хэрэг эрхлэх газар”-аас зөвшөөрөлгүй барилга барих гэж байгаа юм байна. Цуцална гэсэн хариуг бидэнд өгсөн юм.  Гэтэл өдийг хүртэл барилга барих ажил эхлэх гэсээр байна. Тус газар дээр хувийн сонирхлоор 16 давхар барилга барих гээд байгаа юм билээ. Тус барилгын ажил хууль бус гэдгийг  нотлох маш олон баримт бий. 2005 онд Нийслэлийн засаг дарга Энхболд байхдаа анх барилга барих газрын зөвшөөрөл олгосон. Улмаар Улсын дээд шүүхээс тус зөвшөөрлийг хүчингүй болгож барилгыг бариулаагүй. Гэтэл дахиад тус газар барилга барих хашаа хатгасан. Энэ тухай холбогдох бүхий л байгууллагад хандлаа. Ямарч нэмэр алга. Энэ барилга баригдсанаар ногоон байгууламж, төвлөрсөн дулааны шугам, замын гэрэлд сөрөг нөлөөтэй. Мөн барилга барьснаар 2017 онд 850 сая төгрөгөөр зассан дөрвөн уулзварын төв замыг сэтлэх болно. Ингэснээр 40-52 машин урсгал сөрж орж ирэх юм. Энэ мэт олон асуудал тулгарна. Энэхүү асуудлыг шийдэж өгөөч ээ гэж хүсч байна” гэлээ.

“Булган” Сөөхийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэчимэг “Баянгол дүүргийн зургадугаар хорооны 10-хорооллын "Сувилагчийн сургууль"-ийн ард байрлах байрны айлуудын эрх ашиг зөрчигдөж байна. “Сайхан-Булган” гэх компани нь оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбайг эрэмшчихсэн. Хүүхдүүд тоглож, хөгшид нарлаж суух газаргүй болчхоод байна. Долоон жилийн турш ийм байдалтай байна. Тоглоомын талбай дээр барилгын ажил явуулна гээд гэр барьчихсан. Энэ нь орчны бохирдлыг ихээр үүсгэж байна. Энэ тухай бичгийг шат шатны хүмүүст өгдөг. Гэвч Нийслэлийн албаны Болорчулуун дарга дээр өргөдөл, бичгүүд очоод гацчихдаг. Бидэнд ямар нэгэн хариу өгдөггүй. Оршин суугчид өнөөдрийг хүртэл хохирч, Сайхан-Булган компанийн эрхшээлд амьдарч байна. Одоог хүртэл шийдэж өгөхгүй байсаар байгаад харамсч байна” гэв.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page