Утаагүй зуухандаа найдаад пакришк түлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Нийслэлчүүд дахиад л утаан дунд, тэгэх тэгэхдээ нүүрсний биш, бүр пакришкны хорт утаанд өвөлжиж байна. “Цэвэр агаар” төсөл, Монголын “Мянганы сорилтын сан”-гаас иргэдэд тараасан түлшний хэмнэлттэй зуухыг хэн нэгэн хариуцлагагүй этгээд “Утаагүй зуух” гэж нэрлэснээс болж иргэд пакришк түлж эхэлжээ. Үүнийгээ тэд “Нүүрсний үнэ нэмэгдчихсэн учраас авч дийлэхгүй байна. Тэгээд ч Америкаас ирсэн сайн зуух нүүрсийг утаагүй болгож байгаа юм чинь пакришкны утааг нүүрснийх шиг болгож дөнгөнө” гэж тайлбарлаж байна.

Чингэлтэй дүүргийн 9-10 дугаар хороо уг нь түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсэд хамаардаг. Гэтэл хүйтний эрч огцом чангарсантай холбоотойгоор иргэд нүүрс битгий хэл пакришк түлээд эхэлчихжээ. Шалтгаан нь дээр дурдсан нэршлийн алдаа болоод нийслэлийн удирдлагуудаас гаргасан харалган шийдвэр. “Алаагүй баавгайн арьсыг арав хувааж нөмрөв” гэдэг шиг үйлдвэрлэгдэх эсэх нь мэдэгдэхгүй байгаа өндөр илчлэгтэй шахмал түлшнээс болж нүүрсний үнэ нэмэгдсэн тул иргэд ингэж пакришк түлтлээ доошоо оржээ.

            Уг нь нийслэлийн хийж байгаа ажлын санаа, зорилго нь зөв зүйтэй юм. Гэвч цаашдын үр дагаварыг сайтар бодолцоогүйгээс иргэдийнхээ амьжиргааг ингэж нэг шатаар доошлуулж орхисон байна. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор Налайхын нүүрсний амуудыг хаах шийдвэр гаргасан нь үлдсэн цөөн амны эздэд үнээ нэмэх шалтаг гаргаж өгснөөс хэтэрсэнгүй. Үр дүнд нь нүүрсний үнэ ноднин жилийнхээс хоёр дахин нэмэгдэж, хөөрхий иргэдийг хөлдөө чирлээ. Нэгэнт худалдаж авч чадахгүй байгаа юм чинь утаа алга болгодог шидтэй “Өлзий”, “Хас”, “Дөл”, “Голомт” зуухандаа найдаад пакришк түлэхгүй яах юм бэ.     

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэрэнбатзуух(66.181.161.1) 2018 оны 01 сарын 24

Утаагүй зуухыг зуух Цэрэнбат тараана юу ч түлсэн утаа гарахгүй

0  |  0
ЦЭМБЭГЭР PRIUS 10 ЯА(203.91.112.198) 2018 оны 01 сарын 24

утаагүй зуух юм чинь юу ч түлсэн утаа гарахгүй гэсэн үг шүүдээ

0  |  0
Top