Далан зургаагаа даруулчих вий дээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

 Захиргааг нүүлгэн шилжүүлэх тухай яригдаж байгаа ч үүнээс чухал зүйл гэвэл Төрийн ордныг нүүлгэн шилжүүлэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Өнгөрөгч 2016 онд Төрийн ордныг 54 тэрбум төгрөгөөр шинэчлэн барих шаардлагатай гэж үзсэн ч санхүүгийн бэрхшээл, улстөржилт гээд олон зүйлээс шалтгаалан барилгынхаа тодорхой хэсгийг хүчитгэн засварлахаар болж өнгөрсөн билээ. Хэдийгээр засварын ажил явагдсан ч барилгын гол дүн нуруу нь засвар бүрэн авах боломжгүй гэсэн мэргэжлийн дүгнэлт гарчээ. Хамгийн гол нь Төрийн ордонд тодорхой он цагуудад олон удаа засвар хийсэн нь цаашид засвар авах боломжгүй, найдвартай бус гэж үзжээ. Тухайлбал, 2008 оноос хойш Мэргэжлийн хяналтын газар, холбогдох байгуулагуудаас Төрийн ордны барилгыг ашиглах эсэх тал дээр 20 гаруй дүгнэлт, зөвлөмж гаргаж өгсөн ч үүнийг бүрэн шийдвэрлээгүй гэдгийг хэллээ.

Ингэхдээ 1951 онд ашиглалтад орсон анхны барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, 1961 онд ашиглалтад орсон нэгдүгээр өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, мөн 1981 онд ашиглалтад орсон хоёрдугаар өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтийн норм, дүрмийн шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэсэн байна. Энэ дүгнэлттэй холбоотойгоор Кувейтийн сангаас Монгол Улсын Төрийн ордныг нүүлгэн шилжүүлэхэд зориулан 12 сая ам.долларыг өгөхөөр болсон ч манай УИХ-ын гишүүдийн дотоод улстөржилт гай болсон гэдгийг өөрсдөө дурдсан нь бий.

Төрийн ордныг нүүлгэн шилжүүлэх нь аюулгүй байдлаас гадна хотын хэт их төвлөрөлтөд бага ч гэсэн саармагжилт үүсэх тухай ч ярьж байв. Кувейтийн сангаас мөнгө санал болгож байх үед Төрийн ордныг арынх нь цэцэрлэгт барих асуудал дэгдээд ногоон байгууламжид “хайр зарласан” улстөрчдийн эсэргүүцэлтэй тулсан. Тиймээс Яармагийн дэнж рүү нүүлгэнэ гэсэн байр суурийг нь иргэд олон нийт дэмжиж байсан ч зарим УИХ-ын гишүүд Төрийн ордноо гэр хорооллын утаан дунд аваачих нь зүйд нийцэхгүй хэмээсэн. Мөн Ногоон нуурын орчимд барьж болох тухай ч хэлэлцсэн. Бас л гэр хорооллын дунд угаадас хогон дунд зохисгүй гэж үзсэн билээ.

Хэрвээ энэ үед элдэв улстөржилтгүйгээр энэ асуудлыг шийдээд Яармагийн дэнжид нүүлгэсэн бол байдал өөрөөр эргэх байсан. Төрийн ордон дагасан олон хөл хөдөлгөөн дагаад нүүхээс гадна Яармагт том том хороолол баригдах, Яармагийн гэр хорооллын утааг багасгах, нийслэлийг тэлэх гээд олон асуудал цогцоороо шийдэгдэх талтай байв. Хамгийн наад зах нь Ногоон нуур орчимд нүүлгэн шилжүүлсэн бол тэр орчмын гэр хороолол байхгүй болж, тэр хэрээр яндангийн тоог цөөлөх байлаа. Нөгөө талаас Төрийн ордныг дагасан орчин цагийн төлөвлөлттэй барилгууд ч босох байсан гэдгийг асуудал хэлэлцэж байсан гишүүд олонтаа өгүүлж байсан юм.

Өдгөөгөөс арваад жилийн өмнө Төрийн ордны нэг хэсэгт нуралт үүссэн нь хүний амь насанд аюултай хэмээсэн дүгнэлт гаргахад хүрч байв. Нуралт үүсэхэд шөнийн цаг таарч, хөл татарсан учраас хүний бие махбодид ямар нэгэн гэмтэл учраагүй гэдгийг УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж асан Ц.Шаравдорж мэдээлж байсан билээ. Тэгэхээр Төрийн ордонд бол олон байгууллага үйл ажиллагаа явуулдгаас гадна тэнд ард түмний төлөөлөл, сэтгүүлчид гээд олон хөлийн газар учраас нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага бий. Энэ тухайд өнгөрөгч жилд гаргасан ажлын хэсгийн дүгнэлтээс харвал “Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдлыг хангахын тулд юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөдлөлтөд тэсвэргүй 14 блок барилгыг буулгаж шинээр барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээжээ.

Дашрамд дурдахад, Төрийн ордны барилгыг анх 1947 оноос эхлэн барьж 1951 он (7 блок)-д ашиглалтад оруулсан бөгөөд 1961 (7 блок), 1981 (5 блок) онуудад хоёр удаа өргөтгөл хийгдсэн, нийт 19 блок барилгаас бүрддэг байна. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай /баруун зүүн жигүүр нь 3 давхар/ бол 1961 оны өргөтгөл нь цутгамал хучилттай баригдсан. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг байна.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.115.201) 2018 оны 01 сарын 25

Harin ch sain yum bish uu.

0  |  0
tsahim(139.5.216.206) 2018 оны 01 сарын 24

DOOR N GUNII TSEVDEGTEI

0  |  0
Зочин(202.179.24.170) 2018 оны 01 сарын 24

Юун ч Бялдууч Сэтгүүлч вэ дээ Толбо гэгч 76 Даруулчихсан ч нээг их Гарзтай юм биш дээ Ард иргэдээ боддоггүй гаргаж Баталсан Хууль Тогтоол шийдвэр нь голцуу Иргэдийнхээ эсрэг л байдаг ш дээ

0  |  0
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 24

1950-аад оны үед ашиглалтанд орсон орон сууцнууд зөндөө их байна шүү.Тэр барилгуудын асуудлыг шийдэж чадахгүй байж Их хурлын 76 дарагдчихвий гээд эмээцгээгээд байгаа юм уу

0  |  0
Top