Хоёр дахь ”Оюутолгой”-гоо бүү март

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

 Монгол Улс нэг бус нэлээн хэдэн "Оюутолгой"-той. Гэвч монголчууд ганц л "Оюутолгой"-той юм шиг аашилдаг. Тэр "Оюутолгой"-доо бүхнээ даатгаж, улсын хөгжил уул уурхайн ирээдүй хэмээн "өргөмжлөх"  Гэвч энэ бүхний эцэст эх орон, элгэн нэгт ард түмэн маань яажшуухан амьдарч байна вэ? Асуултын хариулт тун тодорхой. Ажилгүйдэл, ядууралд монголчууд "шумбаж" байна. Тэгээд болоогүй өөрсдийнхөө арчаагүй байгаа энэ байдлыг бусад руу чихэж, юм л бол төрдөө гомдоно. Их хүлээлтээс гомдол үүсдэг гэдэг. Тиймээ, монголчууд "Оюутолгой"-гоосоо олон юм хүсэж байсан ч бодсон шиг нь байсангүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн гарц уул уурхай бус гэдгийг монголчуудын өнөөдрийн амьдрал нотлоод өглөө. Тэгвэл бид яаж хөгжих вэ. Тэр хөгжлийн гарцыг холоос эрэх хэрэггүй, бидний хажууд байна.

Хоёр дахь Оюутолгой

Тиймээ, монголчуудыг ажилтай, орлоготой байлгах хамгийн боломжтой салбар бол мал аж ахуй. Өнөөдөр Монгол Улс 69 сая толгой мал тоолуулаад байна. Гурван сая хүндээ малынхаа тоог хуваагаад үзвэл нэг хүнд 2,3 сая мал ногдоно. Ийм их мал бүхий баялагтай ард түмэн байж ажилгүй, орлогогүй, ядуу амьдарна гэдэг байж боломгүй. МАЛ гэдэг өөрөө аугаа их баялаг юм. Та бод доо, малаас хаях зүйл бараг олддоггүй гэдгийг үйлдвэрлэл хөгжсөн улс орны жишээнээс тайлбарлаж болно.

Эвэр туруугаар нь хүртэл сайн чанарын цавууг гаргаж ирж байна, цаана чинь. Гэтэл монголчууд үүнийг нь ч мэдэхгүй  жил бүр малын 40 сая туруу, туурайг хог руу хаядаг. Мөн дээр нь хэдэн сая эвэр. Тэгэхэд  Румыны дэлхийд алдартай мебель модон эдлэлийн үйлдвэрлэлийн нэгэн чухал түүхий эд нь өнөөх манай жалганд сая саяараа хэвтэж байдаг эвэр туруу гэнэ.

Цаашлаад малын арьс, нэхий байна. Арьс, нэхийгээр юу хийж болдгыг бид мэднэ. Гэтэл бид жил бүр 10 гаруй сая хонь ямааны арьс, бодын ширийг гуу жалганд өмхийрүүлж хаяж байна. Мөн малын дайвар бүтээгдэхүүн өнөөдөр дэлхий даяар эрэлттэй, нэн өндөр үнэтэй. Гэтэл монголчууд бид жил бүр 10 гаруй сая малын дайвар бүтээгдэхүүнийг хог руу хийдэг.
Хүнсний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг желатин хэмээх бодисын үндсэн түүхий эд нь малын яс. Мөн яснаас бордоо, гурил ч гаргадаг. Гэтэл бид жил бүр 10-15 сая малын яс жалганд цайтал нь хаядаг. Ийм байж таарах уу. Өнөөдөр бусдын хийж чадаж байгаа юмыг монголчууд яагаад чадахгүй гэж. Бид малаас гарч болох бүхий л ашиг шимийг бүрэн дүүрэн боловсруулж чадвал асар том боломж байна.
Өнөөдөр дэлхий даяар эко хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа элдэв бордоо, тарилга, зохиомол үржүүлэгт ороогүй цэвэр эко малын махны эрэлд гарч байна. Манай урд хөрш Хятадын Коммунист нам өнгөрсөн намар хуралдсан Их хурлаараа хүн амаа эко хүнсээр хангах том зорилт дэвшүүлсэн. Энэ бол монголчуудад малынхаа ашиг шимт бүтээгдэхүүнийг экспортлох асар том зах зээл.
Өнөөдөр дэлхий дээр Монголын 60 сая бэлчээрийн малын махнаас өөр цэвэр эко мах хаана байна. Учир иймээс монголчууд минь жил бүр идэж хэрэглэдэг 10-15 сая малын яс, арьс шир, дайвар бүтээгдэхүүн, эвэр турууг, бас жил бүр 60 гаруй сая малаасаа авдаг сүү, цагаан идээ, ноос ноолуур, хялгасандаа нэмүү өртөг шингээгээд дэлхийд гаргадаг бол бас нэг "Оюутолгой"-той дүйх ашиг олох боломжтой. Монголчууд бид ярьдаг, даа.  "Малын буян барагддагүй" гэж. Гагцхүү тэр буяныг дааж амьдарна гэдэг л чухал юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.193) 2018 оны 01 сарын 25

Хармагтай юу болж байна эрдэнэтиин 51 хаана байна иргэдиин 1072 хувьцаа хаана байна амь орж байна уу амь тавьж байна уу

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2018 оны 01 сарын 24

Mongol hun bolj torood ex ornii hishgee hyrtex l heregtei bgiin baylag bol bidnii omcn xeer ni eryyl huns mongol maliin max strategiin gol asyydal

0  |  0
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 24

Ямар ч баялагтай том орд байгаад олигархууд дээгүүрээ хуйвалдаад илээд уучихдаг болохоор байгалын баялагт найдахгүй мал аж ахуйгаа хөгжүүлэхэд анхааралаа хандуулбал зөв болох байх

0  |  0
БИ(103.9.90.98) 2018 оны 01 сарын 24

23 МАЛ

0  |  0
Mngl(202.9.41.208) 2018 оны 01 сарын 24

Xarmagtain ord

0  |  0
Top