Халуун сэдэв: Үндсэн Хуулийн өөрчлөлт

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

САЙТАР СУДЛААГҮЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилал, эрх чөлөө, хүний эрх, шударга ёс, төрийн эрх мэдэл, улс төрийн тогтолцоог тунхаглан, хуульчилсан эрх зүйн баримт бичиг нь Монгол Улсын Үндсэн хууль юм. Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаас хойш 25 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, гадаад дотоод хүчин зүйлс, олон улсын харилцаа хувьсан өөрчлөгдөж байна. Энэ хэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсаныг эрдэмтэн судлаачид, хууль батлагчид онцлон тэмдэглэх болжээ. Нөгөөтэйгүүр Засгийн газрын санаачлагаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ- ын тогтоолын төсөл баталж, санал асуулга явуулахаар болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж буй сэдвийг ерөнхийд нь харвал Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихад чиглэгджээ. Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооноос улс даяар 1570 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, УИХ-ын тогтоолоор батлагдсан зургаан сэдвийн хүрээнд нийт 80 асуултад эхний шатанд шууд хариулт авчээ. Хоёр дахь шатанд тэдгээрийн тал хувийг сонгон Улаанбаатарт ирүүлээд, хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч санал асуулга, хэлэлцүүлэг явуулжээ. Уг санал асуулгын дүнг Үндэсний статистикийн хороо гаргаж, тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган УИХ-д хүлээлгэн өгсөн. Энэхүү Зөвлөлдөх хэлэлцүүлгийн зөвлөмжийг үндэслэж УИХ Үндсэн хуульд засвар хийхээр болж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлж, улмаар УИХ хэлэлцэн шийдвэрлэх тодорхой дэг журамтай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “УИХ хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төсөлгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болохгүй” гэсэн хуулийн заалт бий. Улмаар тус хуулийн 1.2-д “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульд халдсан хэрэг хэмээн үзнэ” гэжээ. Тэгэхээр Зөвлөлдөх санал асуулгаар тодруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөмжийг УИХ хэлэлцэх, түүнээс санаа авч “Эх хууль”-д өөрчлөлт засвар оруулах нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болж мэдэхээр байна.

 

http://conscourt.gov.mn/wp-content/uploads/2018/01/25x40-9-1024x714.jpg


ҮНДСЭН ХУУЛИЙН ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ? 

Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна. 

1. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” өөрчлөлт оруулжээ.

2. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ- ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ- ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулжээ.

3. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь өнөөдөр үүсээд буй “давхар дээл”-ийн асуудлыг босгосон байна.

4. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-т “УИХ-д олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэснийг УИХ-д суудал авсан нам, бусад нам эвсэлтэй зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэж өөрчлөн найруулжээ.

5. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг дээр нь нэмж ”УИХ- ын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж өөрчилсөн байна.

6. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэснийг засч “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн хоёр дахь хэсгийг нэмжээ.

7. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл энэ шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийн тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн дугааргүй хэсэг нэмсэн байна.

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ СЭДЭВТ ЮУ ТУСГАГДАВ 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд захирамжаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан билээ. Тус ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулснаа УИХ-ын даргад гардуулаад байна. Юуны түрүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналд юу тусгагдсан талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.

  1. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах    
    • 1.1 Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох                
    • 1.2 Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах  
    • 1.3 Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах.

 Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох        

  •              2.1 Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох (Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүдээс бүрдэнэ)
  •              2.1.1 Ерөнхийлөгчийг нэг л удаа 6 жилээр сонгодог болох
  •              2.1.2 Ерөнхийлөгчийг нэг л удаа 6 жилээр сонгохдоо УИХ-ын гишүүд, аймаг, нийслэл, хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүдээс сонгодог болох
  •              2.2 Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах.
  •              2.2.1. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг болиулах
  •              2.2.2 Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг болиулах  
  •              2.2.3 Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх нь Ерөнхий сайдыг засаглалын хувьд хангалттай эрх мэдэлтэй байлгахгүй байна

 

       3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх

  •              3.1 Төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох
  •              3.1.1 Төрийн албаны Зөвлөлийн бие даасан хараат бус байдлыг Үндсэн хуулиар хамгаалах заалт нэмэх
  •              3.1.2 Улс төрийн намын харьяалалгүй байх
  •              3.2 Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх
  •              3.2.1 Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байх заалт нэмэх
  •              3.2.2 Төрийн жинхэнэ албанд томилох, тушаалд шатлан дэвшүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангахдаа мэдлэг чадварт суурилсан зарчим
  •              3.3.3 Төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүн эсвэл улс төрийн үзэл бодлоос нь хамаарч ажлаас халахгүй байх заалт нэмэх.

4. Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх

  •             4.1 Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэг
  • т, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх
  •             4.1.1 Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой болгож Үндсэн хуульд аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус оруулах
  •            4.1.2 Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох

    5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах

  •           5.1 Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох
  •           5.1.1 Төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх арга, механизмыг Үндсэн хуульд бий болгох
  •           5.2 Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах;
  •           5.2.1 Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах парламентын бүтэц байгуулах
  •           5.3 Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох
  •           5.3.1 Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх

 

  •           5.3.2 Шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох   

   6. Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх хэлэлцэх нөхцөлийг хангах.

  •          6.1 Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

 

 

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ДҮН 

 

Дэмжигдсэн:

  • Ерөнхий сайдад сайд нараа томилох, өөрчлөх эрхийг олгох

      • Засгийн газрын бүтцийг тогтоож, яамдын нэрийг заах                                                           

      • Засаг захиргааны нэгжид хот, тосгоныг оруулах

      •Төрийн албаны зөвлөлийн бие даасан хараат бус байдлыг Үндсэн хуулиар хамгаалах заалт нэмэх.

      •Төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх арга, механизмыг Үндсэн хуульд тусгах

      •Шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэг бүхий ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг өргөтгөх зэрэг.

      •Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой болгож, аймаг нь сум, хотод, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдахаар заах.

 

Дэмжигдээгүй:

    • Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүд, аймаг, нийслэл, хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүдээс сонгодог болох

    • АИХ, УБХ гэсэн хоёр танхим бүхий парламентын тогтолцоонд шилжих

    • Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах Эргэлзсэн:

    • Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүний албыг хавсарч болох

    • Ерөнхийлөгчийг нэг л удаа 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгох

    • Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг болиулах. Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжөөс ашиглав.

 

http://r.news.mn/image/2017/01/19/nzjpu2cnnnbizlgr/ea912f878bf51a181e1eaf3be2783008.jpeg

 

ЕРӨНХИЙ САЙДАД ЭРХ МЭДЭЛ БУС, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ЧУХАЛ 

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ сонгож томилох эрх олгохыг тусгахаар эрмэлзэж байна. Үндсэн хуулиар “оролдох” болсон шалтгаан нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, нөгөө талдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихад чиглэж байгаа юм. Зөвлөлдөх санал асуулгад оролцогсдын олонх нь үүнийг дэмжжээ. Гэхдээ Ерөнхий сайдад эрх мэдэл дутсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ерөнхий сайд сайдуудаа өөрөө томилохгүй ч багаа бүрдүүлэн ажиллах, өөрөө хүнээ томилон ажиллуулах боломж бололцоо байсаар ирсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд өнөөдөр эрх мэдэл дутсан гэхээсээ илүүтэй, Засгийн газрын тогтвортой байдал дутагдаж байгаа гэвэл үнэнд илүү ойр болно. Ерөнхий сайдыг улс төрийн нэг фракц, эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлоор унагадаг, айлгадаг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдыг ямар ч хамаагүй аргаар огцруулдаг үзэгдэл хавтгайрсан нь Засгийн газрыг тогтворгүй болгодог гол шалтгаан, санаа зовоох асуудал юм. Засгийн газар тогтворгүй байх нь манай улсын хувьд хөрөнгө оруулалт, бизнесийн орчин төгөлдөржихөд бэрхшээл учруулна. Тиймээс Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй тогтвортой байдлыг хамгаалах заалтыг Үндсэн хуульд тусгах нь чухал юм. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулсан тохиолдолд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог байх нь Засгийн газрыг тогтворгүй болгоход нөлөөлж буй нэг хүчин зүйл юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулсан ч сайдууд нь танхимдаа үлддэг байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм бол төр тогтвортой байх бас нэгэн үндэс болно. Ерөнхий сайдаас шалтгаалж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж ирснийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулдаг. Энэ хугацаанд Монгол Улс 13 Засгийн газрын нүүр үзсэн нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хамгийн гол үзүүлэлт хэмээн ажиглагчид үзэж байна.

 

ЗАСГИЙН ГАЗАР МЭРГЭЖЛИЙН БАЙХ НЬ ЧУХАЛ 

 

 Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилдоггүй ч байсан сайд нар нь мэргэжлийн хүн байх том шалгуур тавьдаг баймаар байна. Төрийн нэг жирийн албан хаагчийн шаардлага хангахааргүй эрхмийг сайд болгодог жишгийг халах цаг ирсэн. Сайд нарыг томилохдоо тухайн салбартаа олон жил ажилласан, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан гэх зэргээр яам, агентлагийн газрын даргад тавьдаг шаардлагыг Сайд нарт ч нэгэн адил тавих хэрэгтэй юм. Улс төрийн намдаа хандив өгсөн бизнесмэн, намын эрх бүхий албан тушаалтан сайдын алба хашдаг буруу тогтолцоог найдвартай халах арга нь сайдад тавих шаардлагыг Үндсэн хуульд тусгаж өгөх явдал билээ. Засгийн газрын тухай хуульд ийм шаардлагыг тусгаж болох хэдий ч, манай хууль батлагчид санаан зоргоор өөрчлөх боломжтой учраас Үндсэн хуульд тусгах нь найдвартай арга. Үндсэн хууль зөрчөөд сайдыг томилбол, Үндсэн хуулийн цэц дээр очоод унана гэсэн үг. Ингэхгүйгээр улс төрийн нам, хүчнээс мэргэжлийн Засгийн газар хүлээх нь дэндүү гэнэн явдал болж мэргэжлийн бус Засгийн газар удаа дараа байгуулагдан ажиллаж байна Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгагдсан УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах санал дотор “Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах”-аар санал боловсруулагдсан нь дэмжмээр заалт юм. Ерөнхий сайд өөрийн дур зоргоор, нам улс төрийнхөө бүлэглэлд зориулж яам байгуулдаг үзэгдэл үе үеийн Засгийн газарт байсаар ирсэн.

Тухайлбал: Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, Монгол Улсын төсвийг хэд хувааж, хяналтгүй зарцуулж, өрөнд оруулсан “хар түүх”-ийг давтаж болохгүй. Тиймээс Монгол Улс хөгжлийн бодлогоо оновчтой тодорхойлж, ойрын ирээдүйд ямар яам, агентлагтай ажиллах вэ гэдгээ нухацтай хэлэлцэн батлах учиртай. Боловсрол, Эрүүл мэнд, Эдийн засаг санхүү, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Гадаад харилцааны яамтай байх нь зайлшгүй хэрэг. Монгол орны хувьд эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар. Мөн хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэх нь Монголын эдийн засгийн хоёр дахь тулгуур хүчин зүйл билээ. Тиймээс Хөдөө аж ахуй болон Уул уурхайн яамтай байх нэн шаардлагатай. Нөгөөтэйгүүр хэрэглэгч, импортлогч орноос үйлдвэржсэн, экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг орон болохын тулд Үйлдвэр хөгжлийн яам байх нь зайлшгүй хэрэгтэй билээ. Гэвч Монгол Улсын үе үеийн УИХ, Засгийн газар үйлдвэржилтийн асуудлыг төдийлөн анхаарч байгаагүйн улмаас үйлдвэржилт, бүтээн байгуулалтын ажлыг хойш тавьсаар ирлээ. Үйлдвэржилтийн ажлыг эхлүүлэхгүй бол Монгол хэрэглэгч орон хэвээр л байна. Монголчуудад алт, зэс, нүүрс, мал аж ахуйгаас өөр хөрөнгө мөнгө босгодог түүхий эд алга. Эдгээр эрдэс баялгаа түүхийгээр нь гадаадад гаргаж хэдэн төгрөг босгож байна. Иймд Үйлдвэржилт бүтээн байгуулалтын их ажлыг тогтвортой хөгжүүлэх үүрэг бүхий Үйлдвэр хөгжлийн яам нь Монголын Засгийн газрын бүтцэд заавал байх ёстой билээ. Одоогийн бүтцээр бол жижиг дунд үйлдвэрийг нь хөдөө аж ахуйтай, хүнд үйлдвэрийг нь уул уурхайн салбартай нийлүүлэн яамны бүтцэд оруулах байдлаар нэгдсэн бодлогогүй явж байна. Иймд Монголын төр, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тогтвортой байж улс орны хөгжлийг хурдацтай урагшлуулахын тулд Засгийн газрын бүтэц, яамдын нэрийг Үндсэн хуульд нэр заан оруулах нь чухал байна. Монгол төрийн бодлого тогтвортой байж гэмээнэ улсын хөгжил урагшлах учиртай.

 

Монгол Улсын Үндсэн хууль 1924, 1940, 1960, 1992

 

ЕРӨНХИЙЛӨГЧ АМЬГҮЙ АЛБАТ БОЛОХ УУ? 

 

Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй хоёр дахь том өөрчлөлт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хазаарлах явдал билээ. Засгийн газрын ажилд Ерөнхийлөгч оролцдог, чиглэл өгдөг, шүүх засаглал төрийн тэргүүний эрх мэдэлд байснаараа “төвөг учруулж” ирсэн. Ерөнхийлөгчийн хуульд заагаагүй эрх мэдлийг манай сүүлийн Ерөнхийлөгч нар (Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж) давуулан эдэлж, Засгийн газрын ажилд “хошуу дүрж” ирлээ. Ийм учраас өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж буй нь энэ. Гэвч үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээсээ илүүтэй Засгийн газар нь Ерөнхийлөгчийн эрхийг өөртөө авах эрх мэдлийн хуваарилалт явагдаж байна ч гэж ойлгож болох билээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийн “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” тухай бүлэг сэдэвт Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах тухай тусгасан. Тус сэдэвт Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог болох, ингэхдээ УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаар (УИХ-ын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүдээс бүрдэнэ) сонгох, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг болиулах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг болиулахаар саналд тусгасан байна. Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах дээрх асуудлуудад эргэлзээтэй хариулт өгчээ. Тогтоолын төсөлд тусгасан саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Ерөнхийлөгч үнэхээр бэлэг тэмдэг гэсэн нэрэндээ дөхөж очиж байна. Гадаадад албан ёсны айлчлалын хүрээнд асуудал шийдвэрлэх ч эрхгүй болохоор харагдаж байгаа. Монгол төрийн тэргүүний хувьд ганц хууль санаачлах эрхгүй болох юм байна. Энэ бол дэндүү хэтийдүүлсэн, Ерөнхийлөгчийг “нүцгэлсэн” хуулийн өөрчлөлт болохоор харагдана. Төрийн тэргүүнд хууль санаачлах эрхийг үлдээх ёстой билээ. Ерөнхийлөгчийн эрхийг хумьж нөгөө талдаа Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байхаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан ч ард түмний төлөөлөл таашаасангүй. Одоогийн УИХ-ын 76 гишүүний тансаглал дээр олон арван хүнийг нэмж, унаа машин, цалин хангамжаар хангах нь гэсэн олон нийтийн санал шүүмжлэлд өртжээ. Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын энэ санал ч ортой биз. Ардын их хурал, Бага хурал гэсэн “хөл толгой нь олдохгүй” статустай байх нь хэрэггүй биз ээ. Олон дарга, удирдлагатай байснаараа улсын бодлого сайжирдаг бол улс хөгжих боломж байсан. Гэвч тийм биш ажээ. Монголчууд нэг хүнд ноогдох төрийн албан хаагчийн тоогоороо дэлхийд тэргүүлж буй орон. Дарга нарын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байхгүй билээ.

 

ЗӨВЛӨМЖИД ОРООГҮЙ МИНИЙ, ТАНЫ САНАЛ 

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд ард түмнээс нээлттэй санал авах ёстой. Гэвч Зөвлөлдөх санал асуулга тийм зарчмаар явагдаагүй билээ. Монгол Улсын иргэн хэн ч бай хуулийн өөрчлөлтөд санал өгөх эрх хангагдаагүй. УИХ-ын тогтоолын төслөөр батлагдсан зургаан сэдвийн хүрээнд л цөөн хэдэн хүнээс санал авч, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн. Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулъя гэдэг санал, санаачлага гаргах эрх надад, мөн танд олгоогүй нь тун учир дутагдалтай байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт “ Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гээд заачихсан. Монгол Улсын Их хурлын гишүүн, хууль батлах, бодлого тодорхойлох эрхэм 25 настай залуу байна гэдэг чамлалттай биш гэж үү. Яг 25 насандаа сонгогдохгүй ч 30 нас хүрээгүй залуу энэ парламентад ард түмний төлөөлөл болон сууж байна. Энэ нь түүний буруу биш ч, ажлын туршлага, амьдралынх нь хар ухааныг нь харсан ч хууль батлах хэмжээнд хүрч боловсорсон гэж хэлэхэд эртэднэ. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэсэн зүйр үг бий. Биеэ ч, гэрээ ч засч амжаагүй залуу хүнээр Монголын төр бодлогоо тодорхойлуулж байна. “Боловсролтой залуучууд чадна. Монголын ирээдүй” гэж сэтгэлийн хөөрлөөр бид үүнд хандаж ирсэн. Боловсролтой сайн залуучууд төрийн ажилд нухлагдаж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулах нь сайн хэрэг. Гэхдээ хууль баталж, улсын бодлого тодорхойлох хүн бол ажлын арвин их туршлагатай, мэргэшсэн, эрдэм боловсролтой, оюунлаг, ёс суртахууны өндөр хариуцлагатай эрхэм байвал зохино. Тийм учраас Монгол төрийн босго өндөр байх ёстой билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүнийг дан ганц насаар нь зааглах бус, харин ажлын туршлага, мэдлэг боловсрол, ёс суртахууны хэм хэмжээ зэрэг шаардлагуудыг ч бас харгалзан үзвэл зохилтой санагдана. Хуулиар гэм буруутай нь тогтоогдсон, ял шийтгүүлсэн хугацаа нь дуусгавар болоогүй хүн парламентын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхгүй байхаар хуульчлах хэрэгтэй байна. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, ёс суртахуунгүй нэгэнд хууль батлах эрх өвөртлүүлнэ гэдэг байж боломгүй явдал юм. Энэ бол Үндсэн хуульд тусгах өөрчлөлтийн нэг санаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар тусгасан. Энэхүү зургаан жилээр сонгодог тогтолцоог УИХ, Засгийн газрын түвшинд ч нэвтрүүлэх хэрэгтэй билээ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг зургаан жилээр томилсноор төрийн ажил илүү тогтвортой байх давуу тал ажиглагдаж байна. Одоогийн тогтолцоогоор Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ, орон нутгийн сонгуулиуд гээд монголчууд хоёр жил дараалан улс төрийн сонгуулиар амьсгалж байна. Иймд зургаан жилээр парламентыг ч, ерөнхийлөгчийг ч сонгодог байх юм бол ойр ойрхон сонгуульдаж улс төрждөг үзэгдэл багасна. Төрийн бодлого одоогоосоо илүүтэй тогтвортой хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа урт хугацаанд томилогдсон УИХ-ын гишүүнийг хариуцлага алдсан тохиолдолд эргүүлэн татдаг байх хэрэгтэй билээ. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай яригддаг ч дорвитой шийдэлд хүрч хуульд тусгасан юм алга. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг тодорхой үндэслэлүүдээр эргүүлэн татдаг байхаар хуульчилж болж байна. Энэ мэт Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах санал, ард түмний санал санаачлага олон байж таарна. Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлсэн Үндсэн хуультай байхын тулд тэдний саналыг заавал тусгах ёстой билээ.

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ХЭН ЯМАР САНАЛТАЙ БАЙНА ВЭ?

 

http://dardas.mn/wp-content/uploads/2017/11/olloo_mn_1485248761_nyamdorj6.jpg

 

УИХ-ЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЧИХВОЛ ЯАДАГ БОЛ ГЭЖ БОДОГДОХ БОЛСОН 

Ажил хариуцах чадваргүй, хариуцлагагүй, мэргэжлийн бус, шуналтай этгээдүүдийг сайд, даргаар томилж, ажил алчихаад шалтгааныг нь Үндсэн хууль руу тохоод, өөрчлөөд байж болохгүй биз дээ. Тогтолцоогоо өөрчилье гэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентынх байх уу гэдгээ эцэслэж, цэг тавих ёстой. Монголын төрд хөрөнгөөрөө түрий барьсан хүмүүс олон гараад ирэх нөхцөл бүрдээд л байна. Ерөнхий сайд нь сайд нараа томилдог эрхтэй болчихвол ойрын ирээдүйд дан олигархи сайд нартай Засаг бүрдэнэ. Тэдэнд мөнгө, эрх мэдэл хяналтгүй төвлөрнө, болохгүй бол худалдаад авчихна. Хөрөнгө мөнгө, эрх мэдэл хоёрыг салгаагүй цагт Монголын төр олигтой нар үзэхгүй. Тэгэхээр энэ юмнаас холдуулахын тулд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих эсэхийг ард түмнээс асуух ёстой. Үнэхээр ард түмнээс асууж Үндсэн хуулиа өөрчилье гэж байгаа юм бол засаглалын хэлбэрээ асуух хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалд шилжье. гэж ард түмэн шийдвэл үүнд таарсан Үндсэн хууль бичих нь техникийн чанартай асуудал. Арга ядаад л Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол яадаг бол гэж бодогдох болсон. News.mn сайт 2017.05 сар

 

https://cdn.news.mn/shared/Archive/news/photo/2015/9/28/2de9be32a214ed84f09c18e339c01d0eoriginal.jpg

 

(МХХ-НЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮН, ХУУЛЬЧ) Д.ОРОСОО: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛБАЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИНӨ 

Аливаа улс төрийн сонгуулийн цаг үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар парламент хэлэлцэх нь улс төрийн маргаан тэмцэл, үл ойлголцолд хүргэх, олон нийтийг талцуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, Үндсэн хуульт байгуулалд халдах зэрэг сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй байдаг. Тийм ч учраас Үндсэн хуульд зохих хязгаарлалтыг хийж өгсөн байна. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь заалт бол сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар явуулах Ард нийтийн санал асуулгад мөн адил хамаарна. Түүнчлэн Үндсэн хуульд тодорхой хязгаарлалтыг заасан байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэх нь ч Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулна. Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ард нийтийн санал асуулга явуулахаар болбол Үндсэн хуулийн зөрчил үүснэ.

 

http://www.parliament.mn/medias/1964806f-8941-409e-b1f8-8cb8d10a1947.jpg

 

(ҮНДСЭН ХУУЛЬ СУДЛААЧ) Д.ЛХАМЖАВ: УИХ-ЫН ОДООГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ТҮҮХЭН ҮҮРЭГ ОНОГДООД БАЙНА 

Үндсэн хуульд зохих өөрчлөлт оруулах нь тулгамдсан асуудал мөн үү. Энэ асуултад Үндсэн хууль судлаач, шинжээч нарын олон удаагийн албан ёсны судалгаа, саяхан явагдсан Зөвлөлдөх санал асуулга (ЗСА)-ын дүн “тийм” гэсэн хариултыг өгсөөр байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан том ажлын хэсэг, түүний удирдлага ЗСА-ын хүрээнд, нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан, олон байгууллагаас түүний дотор улстөрийн намуудын саналыг авч байна. Төсөл эцэслэн боловсруулагдсаны дараа, уг нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүд санаачлах бөгөөд Үндсэн хуулийн Цэцэд саналыг нь авахаар хүргүүлэх, УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батлагдвал УИХ ард нийтийн санал асуулгаар эцэслэн батлах тогтоол гаргах, санал асуулгыг хөрөнгө хүч хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах чиг шугамыг барьсан. Энэ бол “долоон өөрчлөлт”-ийг оруулснаас эрс ялгаатай, үндэсний эв нэгдлийг хангахад чиглэсэн, хожим жишиг болон үлдэхүйц улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.

 

http://www.parliament.mn/medias/59728c31-0781-4dba-a7c8-1a56e7cc8bb3.jpg

 

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ҮНДСЭН ХУУЛЬ РУУ БҮГДИЙГ ЧИХЭЖ БОЛОХГҮЙ

Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш хорин таван жил улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон нь тодорхой. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт орох үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий болов. Улс төрийн зөрчил, маргааныг гудамжинд, хүчирхийллийн аргаар бус хуулийн хүрээнд парламент дотроо шийдвэрлэж байхыг бодит ардчиллын илрэл гэж ойлгодог. Энэ ч учраас Үндсэн хуулийн өөрийнх нь нэг гол чиг үүрэг бол улс төрийн зөрчил, хямралыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Гэвч нийгэмд болж бүтэхгүй байсан бүхий л зүйлийг дан ганц Үндсэн хуулийн зохицуулалт хоцорсноос, тогтолцооны гажгаас шалтгаалсан хэмээн Үндсэн хууль руу бүгдийг чихэж болохгүй. Нөгөө талаар Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд институцийн төрийн тогтолцоонд эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, хариуцлага, маш тодорхой байхаас төрийн тогтолцоо ч, улс орны хөгжил дэвшил ч шууд хамааралтайг умартаж болохгүй цаг үетэй тулж байна. (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал илтгэлээс)

 

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО БА НАМУУДЫН ТӨЛӨВШИЛД САНАА ЗОВОХ ЦАГ ИРСЭН 

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгааг үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг өөрчлөлтүүд хийгдэх бололтой. Гэхдээ шинжлэх ухааны судалгаа, нотолгоотойгоор авч үзэж, засвар хийх нь чухал билээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас гадна улс төрийн соёл, намуудын төлөвшил, сонгуулийн тогтолцоог төгөлдөршүүлэх шаардлага бий. Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр улс төрийн тогтвортой байдал, хөгжлийн тухай ярих боломжгүй байна. Нэгэнт нам тогтолцоотой төрийг өөрчлөхгүйгээс хойш, улс төрийн намуудын төлөвшлийг бий болгоэ чадах хариуцлагатай улс төрийн хүчнийг төрүүлэх хэрэгтэй билээ. Улс төрийн голлох хүчнүүд улс төрийн соёлтой, хариуцлагатай, улсаа хөгжүүлэх тууштай бодлоготой, авлига, албан тушаалын гэмт хэргээс хол хөндий байх шаардлага туйлын их байна. Улс төрийн намууд төлөвшихгүйгээр төрийн хариуцлагатай байдал, улсын хөгжлийн тухай ярих боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой юм. Иймд Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах онцгой шаардлагатай. Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох, санхүүжилтийн асуудлыг ил тод болгохгүйгээр намуудын төлөвшлийн асуудлыг ярих боломжгүй. Мөн Сонгуулийн тухай хууль боловсронгуй болоод тогтвортой байх ёстой. Парламент дөрвөн жил тутам Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг, тогтворгүй сонгуулийн хуультай явж ирлээ. Энэ нь төрийн бодлогод нөлөөлж байна. Сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцоог дөрвөн жилээр ээлжлэн сонгуульдаа ашигладаг, тогтворгүй сонгуулийн хуулийг халах цаг иржээ. Дэлхий нийт сонгуулийн пропорциональ зарчим руу орж байхад, манайх мажоритар, бүр жижиг мажоритар руу ухралт хийж байна. Жижиг мажоритар нь сонгуулийн хамгийн муу хувилбар билээ. Таван сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн, тус тойрогтоо л таалагдах ажлыг дөрвөн жил хийж байна. Сумандаа, цаашлаад аймагтаа л цэцэрлэг сургууль барихын төлөө ажилладаг Монгол Улсын Их хурлын гишүүнтэй байна гэдэг харамсалтай биш гэж үү. Угтаа УИХ-ын гишүүн бол улсын эдийн засгийг өсгөх, уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, зэргээр макро түвшинд сэтгэж ажиллах ёстой. Гэтэл сумын сургуулийн засвар үйлчилгээний асуудалд толгой гашилгаж явна гэдэг үнэхээр инээдэмтэй хэрэг билээ. Тэр бол сумын Засаг даргын л хийх ажил. Сонгуулийн муу хуулиас үүдэж ийм л зарчим руу явж байна. Сонгуулийн тогтолцоо пропорциональ системд шилжихэд нөгөө талдаа, улс төрчид, улс төрийн намууд төлөвших шаардлагатай билээ. Улс төрийн намууд төлөвшихгүйгээр пропорциональ системд шилжих нь хөрөнгө мөнгөтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, оюунлаг бус хүмүүс хууль тогтоох байгууллагад төлөөлөл болон сонгогдсоор байх нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай юм. Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас гадна Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгож, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлэх нь чухал байна.

Нийтлэлч Т.Амартүвшин

2017- 04 сар "Зиндаа" сэтгүүл №05 /505/

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lorduud(139.5.216.206) 2018 оны 01 сарын 24

MONARH BUEU ERONHIILOGCHIIN ZASAGLAL HEREGGUI

0  |  0
Top