Хөдөө аж ахуйн хөгжлийн тогтвортой байдалд дэлхийн анхаарал төвлөрч байна

2018 оны 01 сарын 24

ХБНГУ-ын Берлин хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсыг төлөөлөн оролцлоо. “Мал аж ахуйн  тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай ирээдүй” сэдвээр дэлхийн 70 орны хөдөө аж ахуйн сайд нар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэг  Дэлхий дахины хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ард иргэдийн амьжиргааны түвшинг хэрхэн сайжруулах вэ, Малын эрүүл мэнд-судалгаа, туршлага, ирээдүйн чиг хандлага, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нөөц гэсэн 4 сэдвээр салбарлан хуралдсан юм.

 

Монгол Улсын хувьд Малын эрүүл мэнд-судалгаа, туршлага, ирээдүйн чиг хандлага, сэдэвт салбар хуралдаанд оролцсон. Энэхүү хуралдаанд нийт 18 орны ХАА сайд нар, ДМАЭМБ оролцож мал амьтны эрүүл мэнд болон мал эмнэлгийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцож тулгамдаж буй  асуудлыг шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.

ХХААХҮ-ийн  сайд Б.Батзориг энэхүү салбар хуралдаанд Монгол Улсын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн  салбарт Монгол Улсын Засгийн газраас  баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаарх мэдээлэл бүхий илтгэл тавьж мал эрүүлжүүлэх, бүртгэлжүүлэх асуудалд онцгой анхааран ажиллаж байгаа талаар мэдээллээ. Монгол Улс Малын эрүүл мэндийн тухай хууль болон  Малын генетик нөөцийн тухай хуулиудаа батлаж хуулиа хэрэгжүүлэхээр малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байгаа тухайгаа дурьдаж энэ чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг олон улсын Хөдөө аж ахуйн салбарын сайд нарт хэлсэн.

Хурлын тэргүүлэгч Швейцарь Улс “Хэрвээ хангалттай мөнгөтэй байсан бол салбартаа юу хийх вэ?” гэсэн асуултыг салбарын сайд нарт тавьсан.  Монгол Улс хариулахдаа: Монгол улсынхаа нийт 3 сая хүн амыг аюулгүй хүнсээр хангаж , 66 сая малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, салбарт дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн тогтвортой хөгжил бүхий хөдөө аж ахуйн салбарыг бэхжүүлнэ. Нөөц ихтэй улсын хувьд экспортын чиг баримжаатай орон болох зорилтдоо хүрэх арга замаа түргэвчилнэ гэлээ.

Салбар хуралдаануудаас гарсан саналуудыг нэгтгэн дүгнэж албан ёсны зөвлөмж тунхагийг оролцогч орнууд санал нэгтэй баталлаа. Дэлхийн Хөдөө аж ахуйн салбарын сайд нарын дээд түвшний чуулга уулзалтад оролцогч орнууд   мал аж ахуйн хөгжлийн тогтвортой байдлыг хангах,  дэлхий нийтэд тулгарч буй малын гоц халдварт өвчинтэй үр дүнтэй хамтдаа тэмцэж улмаар хүнсний аюулгүй байдлаа хангаж, хүн амаа экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад доор бүрнээ анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа учраас дэлхий нийтээрээ анхаарлаа энэ зүгт чиглүүлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top