Шинжлэх ухааны салбарын 10 шинэ сонин

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Шинжлэх ухааны чиглэлээр дагнан бичдэг “Popular Science” сэтгүүл сүүлийн үед шинжлэх ухааны салбарт болсон 10 онцлох үйл явдлыг нэрлэжээ.


Панда устах аюулгүй болов

Олон улсын байгаль хамгаалах зөвлөл (International Union for Conservation of Nature and Natural Resources) өнгөрсөн ёсдүгээр сард хуралдаад хулсны баавгай буюу пандаг устах аюулд орсон амьтдын жагсаалтаас хасч, “эмзэг” ангилалд шилжүүлжээ.

Бодит мэт ертөнцийг хүн бүхэнд

Виртуал бодит байдлыг үүсгэдэг дуулганууд нь ихэвчлэн маш өндөр хүчин чадалтай компьютер шаарддаг. Тэгвэл Японы “Sony”фирм ердийн “PlayStation 4”-т залгаж ашиглах боломжтой шинэ дуулга зохион бүтээжээ. Уг дуулга нь маш энгийн байдлаар хийгдсэн бөгөөд тохируулга хийхийн тулд инженерийн төвшний мэдлэг ч шаардахгүй юм.

Татах хүчний долгионыг нээлээ

АНУ-ын “LIGO”эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд А.Эйнштейний дэвшүүлж асан “Татах хүчний долгионы онол” (theory of gravitational waves)-ыг анх удаа баталсан шуугиант үйл явдал энэ оны эхээр болсон билээ.

Эйнштэйн дэлбэрч буй од, мөргөлдөж буй хар нүхнээс таталцлын долгион үүсэж болохыг урьдчилан хэлсэн байдаг. Таталцлын энэхүү долгионыг илрүүлж бүртгэхийн тулд маш мэдрэмтгий бүртгэгч хэрэгтэй. Тодруулбал, нар дэлхий хоёрын хоорондох зайтай тэнцүү хэмжээнд аялж яваа атомын хэмжээний өчүүхэн зүйлийг алдалгүй бүртгэж чадах тийм өндөр хүчин чадалтай бүртгэгч гэсэн үг. Яг ийм бүртгэгч манай дэлхий дээр хоёр байдаг бөгөөд нэг нь АНУ-д /LIGO/ нөгөөх нь Германд /GEO 600/ ажиллуулсны хүчээр шинэ нээлтийг хийжээ. Энэхүү байгууламж нь сансрын алс уудамд хоёр “хар нүх” мөргөлдсөнөөс үүссэн “орон зай-цаг хугацааны долгионыг” бүртгэж авсны дараагаар  хар нүхнүүдийн масс нь Нарны массаас 29 болон 36 дахин хүнд байсан бөгөөд хоёр хар нүх 1.3 тэрбум жилийн өмнө мөргөлдөж нэгдсэнийг тодорхойлсон юм. 

Шинэ нээлтийг хийснээр эрчим хүчний шинэ эх үүсвэр олох, цаашлаад орон зай цаг хугацааг хянах ч боломж гарч ирэхийг эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа юм.

Эх дэлхийнхээ төлөө шатахуун, дизелийн түлшнээс татгалзав

Эх дэлхий улам дулаан болж байгаагаас туйлын мөс хайлж, хуурай газарууд усанд автаж байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшгийн давтамжийг ч эрс ойртуулж буй. Тэгвэл улс орнуудын шүүх хүлэмжийн хийг бууруулах асуудлыг нааштай шийдвэрлэх хандлагатай болжээ. АНУ-ын Орегон мужийн шүүгч Энн Айкений ачаар 21 залуугаас бүрдсэн бүлэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олигтой тэмцэхгүй байгаа, олон улсын өмнө хэлсэн амандаа хүрээгүй Засгийн газрыг Шүүхэд өгөх эрхтэй болсон байна.

Өнгөрсөн жил Голландад мөн ийм жишээ гарч, тус улсын Шүүх “Засгийн газар 1990 онд ялгаруулж байсан хүлэмжийн хийн хэмжээгээ 2020 он гэхэд 25 хувиар багасгах ёстой” гэсэн шийдвэр гаргаж байсан юм.    

 

Хорт хавдрыг устгадаг вирус нээв

Эрдэмтэд вирусыг судалснаас хорт хавдрыг дарангуйлах шинэ эм гаргаж авна гэдгээ мэдэж байсан. Гэвч гаргаж авахын тулд цаг хугацаа хэрэгтэй байв. Тэгвэл удаан хугацааны хүлээлт энэ жил дуусч, Нэгдсэн улсын хүнс, эмийн хэрэг эрхлэх газар (FDA) хорт хаюдрын эсрэг үйлчилгээтэй вирусийн анхны эм болох “IMLYGIC”-ийг энэ жил батламжилжээ.

 

Найм биш, есөн гаригтай болно

Нарны аймгийг урьд өмнө есөн гаригтай гэж байсан ч хожим Дэлхийн ванг гаригийн жагсаалтаас хассан билээ. Ингэснээр Нарны аймаг найман гаригтай гэгдэх болсон юм. Тэгвэл Дэлхийн вангаас цаашаа Далайн вангийн хэмжээтэй аварга гариг байх магадлалтай гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Далайн ван нь диаметраараа Бархасбадь, Санчир, Тэнгэрийн вангийн дараа дөрөвдүгээрт, массаараа гуравдугаарт ордог том гариг бөгөөд манай дэлхийгээс массаараа 17.2, диаметрээрээ дөрөв дахин том гариг юм. Одоогоор бүрэн батлагдаагүй ч байгаа нь тодорхой гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм. Хэрвээ шинэ гариг батлагдвал нарны аймаг дахин есөн гаригтай болох юм.

WhatsApp” тэрбум хүнийг аюулаас хамгаална

            “WhatsApp” энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэглэгчдийнхээ тоон болон текстэн мэдээллийг бүрэн шифрлэдэг болжээ. Ингэснээр уг мэдээллийг гуравдагч этгээд сонсох, буюу унших ямар ч боломжгүй болж байгаа аж.  

 

Денге өвчний вакциныг гаргаж авав

Шумуулаар дамжин хүнд халдварладаг денге хэмээх өвчнөөр жилд 400 сая хүн өвчилдөг аж. Халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, заримдаа нас барахад хүргэдэг энэ өвчний эсрэг вакциныг эрдэмтэд энэ жил анх удаа гаргаж авчээ. Эдүгээ Бразил, Филиппин улсууд вакциныг хэрэглэж эхэлсэн байна. 

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоцоор дэлхийг тойрлоо

Бертран Пикар, Андре Боршбер хэмээх хоёр эр 100 хувь нарны эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг “Solar Impulse 2” хэмээх онгоцоор 40 000 км буюу дэлхийг тойроод АНЭ-ын Абу Даби хотод газардсаныг шинжлэх ухааны гол үйл явдлын тоонд оруулсан байна. Энэ удаагийн нислэг нь цаашид байгальд ээлтэй “ногоон” онгоц үйлдвэрлэх ажилд олон нийтийн анхаарлыг хандуулна гэж найдаж байгаа аж.

Озоны цоорхой багасчээ

Манай гаригийг хэт улаан туяанд өртөхөөс О3 буюу озоны давхарга хамгаалдаг. Харамсалтай нь, энэ давхарга зарим газарт устсан талаарх мэдээлэл гарсаар буй. Тэгвэл 2000 онд байснаасаа дөрвөн сая орчим км2-аас багасчээ.  ХФУ буюу хлор, фтор, устөрөгчийг өргөн ашиглах болсноор дээрх үр дүн гарчээ.

Антибиотикийн шинэ эрин “Тасманийн чөтгөр”-өөс эхэлнэ

Эрдэмтэд Тасманид амьдардаг нэгэн төрлийн амьтны сүүнээс бактерийн эсрэг маш сайн үйлчилгээтэй уураг илрүүлжээ. Ингэснээр нэгэнт хуучраад буй антибиотикийг орлох шинэ төрлийн “зэвсэг” бүтээх боломж олдоно гэж найдаж байгаа аж. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top