Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна

2018 оны 01 сарын 26

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж,  мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг өнөөдөр  Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын тухай Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдын мэдээллийг сонслоо.

Тус аймагт 16087 малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 2017 оны 10 сараас 2018 оны 01 сар хүртэл нийт нутгийг хамарсан цас 20-24 удаа орж, 11 дүгээр сарын 4-нд нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар бороо орж, 5-6-ны өдрүүдэд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас бэлчээр мөсдөж, цасанд битүү дарагдан малын бэлчээрлэлтэд хүндрэл үүссэн байна.

Одоогийн байдлаар хангай, тал хээрийн бүсийн 14 сум цагаан зудтай, говийн бүсийн 5 сумын нутгаар отор нүүдэл ихээр орж ирснээр туурайн зуд болох эрсдэл үүсч, 13 сумын 12.1 мянган мал хорогджээ.

Нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45см, хунгарласан газар, гуу жалгандаа 90-150 см байна.

Улсын төсвийн тодотголоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 432 сая төгрөгийн санхүүжилтээс сум бүрд 15.9 сая төгрөгийг буюу нийт 302.1 сая төгрөгийг олгож, үлдэгдэл 121 сая төгрөгөөр аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт, ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны автомашины парк шинэчлэлтийг хийх, Өлзийт, Есөнзүйл сумдын  ЗДТГазарт автомашин шаардлагатай байгааг шийдвэрлэж өгөх, иргэн, аж ахуй нэгжийн худалдан борлуулж байгаа өвсийг малчдад ноосны урамшуулалаар урьдчилан зээлээр олгох боломжийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай хамтран судалж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг саналыг тавилаа.

Цаашид зарим аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал  хүндрэх төлөвтэй байгаа тул мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт өвс тэжээл хүргэх зорилгоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 8000тн өвсийг үнэгүй, 6500тн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд хуваарилан олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ дагуу Өвөрхангай аймагт 550 тн өвсийг үнэгүй, 500 тн тэжээлийг  50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг өвөлжилт хүндэрсэн сумдын Засаг дарга нартай уулзаж нөхцөл байдлыг тодруулж, малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрсэн, цаашид хүндрэх төлөвтэй байгааг харгалзан нэмж 320 тонн өвс үнэгүй, 300 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.

Ингэснээр Өвөрхангай аймагт нийтдээ 820 тн өвс үнэгүй, 800 тн тэжээл  50 хувийн хөнгөлөлтэй үнээр олгогдож, энэхүү тусламжийн эхний цувааг хүлээлгэн өглөө.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ХХААҮЯ, ХНХЯ, МХЕГ, ЗТХЯ, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд багтан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top