Их эмч Ц.Лочин Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”-иар шагнууллаа

2018 оны 01 сарын 31

 

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Лочинг “Алтан медаль”-иар шагналаа. Тус шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа шинэ бүтээл зохион бүтээсэн хүмүүст олгодог.

Ерөнхий мэс заслын их эмч Ц.Лочин нь 20 гаруй ерөнхий мэс засал ба дурангийн мэс заслын багажуудыг шинээр бүтээж, сайжруулан өөрчилжээ. 1986 оноос эхлэн манай улсын 20 хүнд уг шагналыг олгосон байна.

Шагналыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү гардуулав. Тэрбээр “Юуны өмнө Монгол хүний оюун ухаан дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг нотолсон нэр хүндтэй шагналыг хүртэж байгаад баяр хүргэе. Дэлхий дахины шинийг санаачлагчдад олгодог тус шагналыг 1979 оноос олгож эхэлсэн байдаг. ДОӨБ-ын медалиар шагнуулах нэр дэвшигчид нь өөрсдийн шинэ бүтээлийг патент, ашигтай загвараар эрхийн хамгаалалт хийлгэсэн байх ёстой. Мөн зохион бүтээсэн бүтээлүүд нь амьдрал дээр бодитой хэрэглэгддэг байх шалгууртай юм. Маш нарийн нягталдаг. Бидний өгсөн материалыг 2-3 жилийн хугацаанд судалсан. Оюуны өмчийн хөдөлмөр, хүчин чадлыг Монгол Улс үнэлэх цаг нь аль хэдийн болсон. Мэс заслын их эмч Ц.Лочин маань улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт маш чухал ач холбогдолтой, нэр хүндтэй шагналыг Монгол Улсдаа авчирлаа. Цаашдынх их үйлст нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tgag(66.181.165.212) 2018 оны 01 сарын 31

Баяр хүргэе. Мундаг эмч шүү

0  |  0
Top