Г.Эрдэнэтуяа: Гулдмай алтны үнэ, түүгээр урласан үнэт эдлэлийн үнэ цэнийн хооронд асар их зөрүү бий

2019 оны 06 сарын 14

СУИС-ийн харьяа Дүрслэх Урлагийн Дээд Сургууль төгсөөд гоёл чимэглэлийн зураач, загвар зохион бүтээгч, уран дарханы мэргэжлээр тасралтгүй ажиллаж буй Гантөмөрийн Эрдэнэтуяа “Зоос гоёл” ХК-иас хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Тэр үеэс хойш маркетинг, санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн тодорхой хугацаанд ажиллаж дадлагажсан ч үндсэн мэргэжлийн ажлаа орхиогүй аж. Тийм ч учраас “Хэрэглээний өв соёлын гайхамшгийг мэдрүүлэгч үндэсний гоёл чимэглэлийн салбар”-т тулгамдаж буй асуудал, түүний шийдлийн талаар өөрийн гэсэн байр суурьтай. Гоёл чимэглэлийн бизнесийг хөгжүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн-үйлчилгээ болгох чиглэлд төр засгаас алсын хараатай бодлого гаргаж, үйлдвэрлэгчдээ дэмжих цаг болсон хэмээн үздэг “Сод гоёлжин” ХХК-ийн захирал Г.Эрдэнэтуяагийн ярилцлагыг уншигч танаа толилуулж байна.


-Таны бодлоор, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд төрөөс нэн тэргүүнд ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх нь оновчтой байна вэ?

-Гадаадын бусад улс оронд үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчдээ төрөөс нь дэмжиж хүүгүй буюу маш бага хүүтэй удаан хугацааны зээл өгч санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж өгдөг туршлага байдаг. Манай улсын хувьд ч, төрөөс манай салбарын үйлдвэрлэгчдийг дэмжиж хөгжүүлэх бодлого зохицуулалт, санхүүжилтийн хүртээмж бүрдэх таатай орчин бий болоосой гэж хүсэж байна. Хамгийн наад зах нь, хөрш зэргэлдээ улс орнуудад Монголдоо үйлдвэрлэж урлан бүтээсэн бараа бүтээгдэхүүнээ татваргүй гаргах таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх, татварын бодлогоор дэмжих эрх зүйн зохицуулалт хийх нь нэн чухал байна.

-Салбарын хувьд татварын бодлогод ямар зохицуулалт илүү оновчтой баймаар санагддаг вэ?

-Татварын систем Монголд тэгш бус бөгөөд дарамт ихтэй байна. Банкны өндөр хүүтэй, богино хугацааны хүнд нөхцөлтэй зээлээр үйлдвэрлэл худалдаа явуулаад, төрд өндөр татвар төлнө гэдэг бол жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа бидэнд хүнд ачаа юм. Иймд ЖДҮ-үүд болон худалдаа эрхлэгчдэд жилийн борлуултын орлогоос нь шалтгаалаад 250 саяас доош орлоготой бол жилд нэг удаа тодорхой мөнгөн дүнгээр татвар төлнө гэвэл бүх хүн шударгаар татвар төлдөг болж, улсын орлого ч нэмэгдэнэ гэж боддог.

-Тэгвэл ЖДҮ-ийг хөгжүүлэх ямар гарц байна вэ?

-Энэ олон жилийн туршлагаасаа харахад, хөрөнгө санхүүжилт л их чухал юм байна. Эс тэгвэл зээлээс зээлийн хооронд явж байгаа үйлдвэр хэзээ ч томордоггүй, хөл дээрээ босдоггүй юм байна гэдгийг биеэрээ мэдэрч байна. Бага мөнгөтэй нөхцөлд яаж ч хэмнээд зардал их гардаг учраас ёстой л үлгэр гэдэг нь болж байна. Уг нь алтны уурхайнууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, аль аль талдаа ашигтайгаар хамтран ажиллаж болмоор санагддаг. Гулдмай алтыг тэр чигээр нь хил давуулснаас Монголдоо гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн хийгээд түүнийгээ экспортлох юм бол улс орны хөгжилд ч хэрэгтэй. Ийм байдлаар хамтарч ажиллаад явах газрууд байдаг болов уу гэж бодогдоод байгаа. Гулдмай алтны үнэ, түүгээр урласан үнэт эдлэлийн үнэ цэнийн хооронд асар их зөрүү бий шүү дээ.

-Улсаас энэ тал дээр ямар нэгдсэн бодлого дутагдаж байна вэ?

-Төр засгаас анхаараад, ЖДҮ-ээ хөгжүүлж тоног төхөөрөмжөө сайжруулахад нь бодлогоор дэмжих юм бол маш том боломж монголчуудад байна. Монгол урлаачид гоёл чимэглэлийг үнэхээр гайхалтай урладаг. Энэ салбарыг хөгжүүлэх юм бол манайх шиг баялаг ихтэй улс хөл дээрээ босоход хэцүү биш санагддаг. Бид Дубайгаас юугаараа дутна гэж? Үнэт эдлэлийн том павильонууд ажиллуулж, гаднын жуулчдад нэг цэгээс борлуулалт хийх боломжийг нь нээгээд өгөх юм бол татвараа авахад ч цэгцтэй болно биз дээ. Манайхан тоног төхөөрөмжөө сайжруулчих юм бол тэднээс огт дутахгүй, бүр илүү гарахаар уран гоё хийцтэй үнэт эдлэл урлаж чадна. Ази, Европын орнуудад болдог олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэн үзэж, тэдний туршлагыг судлаад явж байхад ийм л боломж харагдаад байгаа юм.

-Үнэт эдлэл урлаачдад нэн тэргүүнд ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байна вэ?

-Бид 4D, 5D тоног төхөөрөмж дээр үнэт эдлэлийн загварыг шууд агаарын орон зайд хийгээд үзүүлдэг хэмжээнд хүрэх хэрэгтэй байна. Монголын гар урчууд жижиг үйлдвэрлэл эрхэлдэг учраас тэр үнэтэй тоног төхөөрөмжийг оруулж ирж чаддаггүй. Ийм тоног төхөөрөмж авч дийлэхгүй болохоор өнөөгийн шаардлагад хүртэл хөгжихгүй байна. Өнөөдөр Монгол Улсад олон улсын нийтлэг жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай, орчин үеийн үйлдвэр, худалдааны төв хараахан байгуулагдаагүй байгаа учир Солонгос, Турк, Сингапур, Орос, Хятад, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Арабын улсуудаас их хэмжээний алт мөнгөн эдлэл импортоор орж ирж байна. Үүнийг бид өөрсдөө хийж байх ёстой шүү дээ. Монгол Улс маань алт, мөнгөний баялаг нөөцтэй орон.  Бид олон жилийн дадлага туршлагатай, ур чадвар сайтай боловч хөрөнгө оруулалтгүйн улмаас цехийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

НАНО ТЕХНОЛОГИОР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫГ ЗОХИОН БҮТЭЭХ АРГЫГ НЭВТРҮҮЛНЭ

-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Үнэт эдлэл урлаад загвар гаргаж байхдаа ямар хүн зүүх бол, яаж харагдах вэ гээд төсөөлнө биз? 

-Бүгдийг нь төсөөлж байж л урладаг. Хэд орчим насны хүнд хийж байна гэдгээсээ хамаарч загвар нь өөр өөр байна. Залууст бол гял цял, эсвэл энгийндүү байх жишээний. Энэ яг тэд орчим насны хүнд таалагдана даа гэдэг байдлаар загвараа гаргадаг. Харин захиалга өгвөл үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж зөвлөгөө өгөөд, энэ хүнд ийм гоёл зохино доо гэж хараад, ивээл чулууг нь хүртэл асууж, зүс царай болон арьсны өнгө гээд тохирох загварыг санал болгодог юм. Эхлээд зургийг нь гаргана. Зураг загвар нь үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцвэл урлах ажилдаа орно. Ер нь хэрэглэгчийн бүх юмыг нь мэддэг байх шаардлага гардаг учраас сэтгэл судлаачийн түвшинд хүртэл ажиллах болдог. Ийм бүтээлд цаг хугацаа нэлээд шаардагддаг онцлогтой.

-Загварын хувьд үндэснийхээр дагнадаг уу, эсвэл орчин үеийн хэв маяг оруулдаг уу?

-Үндэсний загварыг орчин үеийн болгож хийдэг гэж товчоор хэлж болно. Цаг үеийн мэдрэмжтэй байх нь их чухал. Ямар загварын гоёл чимэглэл тренд болж байгааг мэддэг байх ёстой л доо. Толгойн гоёо гэхэд халх эхнэрийн толгойн боолт чимэг шиг хийвэл хүнд нүсэр учир бараг хүн зүүхгүй, үнийн хувьд ч маш үнэтэй болох ба цаг хугацаа их орно. Иймд загвараа гаргахад үндэсний болон орчин үеийн загварын хэв маягийг хослуулан байнга хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд мэдрэмжтэй хандах хэрэгтэй гэж боддог. 

-Үнэт эдлэлийн зах зээлийг харахад мөнгөн аяга, хэт хутга, бүс зэрэг эрчүүдийн үнэ цэнэтэй эдлэл хэрэглэл их харагддаг. Эмэгтэй хүний үнэ цэнэтэй гоёл ховор юмуу гэж санагдсан. “Сод гоёлжин” компанийн хувьд ямар төрлийн гоёл урлаж байна вэ?

-Манай “Сод Гоёлжин” компани “Гоёлжин” брэнд болж танигдсан эмэгтэй хүний толгойн гоёл, үндэсний болон гоёлын дээлэн дээр зүүх өргөн ба нарийн цул мөнгөн бүс, мөнгөн тоногтой арьсан бүс, мөнгөн тоногтой тэлээ, ээмэг, бөгж, зүүлт, эмэгтэй мөнгөн хөөрөг, жинхэнэ байгалийн чулуугаар хийсэн модерн загварын коллекшн зэргийг Монголын сайхан эмэгтэйчүүддээ зориулж урладаг. Цаашилбал, бид Монголд төдийгүй Ази, Европын зах зээлд өөрийн брэндийг таниулах, нэрд гаргах, худалдан авагчтай болохыг зорьж байна.

-Танай компанийн хэтийн зорилго?

-Манай компани уламжлалт арга технологио орчин үеийн техникийн дэвшилттэй хослуулан, нано технологиор бүтээгдэхүүний загварыг зохион бүтээх, импортыг орлох үнэт эдлэлийн үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй болох, улмаар экспортын шинэ шугам бий болгох үндсэн зорилго дэвшүүлж байна. Энэ зорилгынхоо хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэлээр хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн, дэлхийн жишигт нийцсэн алт, үнэт эдлэлийн жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний анхны төвийг байгуулахыг зорьж байна. Үнэт эдлэлийн зах зээлийг Дубайн түвшинд хүргэж хөгжүүлэх боломж монголчууд бидэнд бий гэж боддог шүү.

-Танай компанийн урлан бүтээх үйлсэд амжилт хүсье.

Ярилцсан: Ц.Оюунчимэг


Хаяг: Улсын их дэлгүүрийн нэг давхар "Goyoljin" брэнд 

Холбоо барих утас:  +976 99133668 

И-мэйл: jewel999_tuya@yahoo.com

 


 

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/ 507

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.176.171.37) 2018 оны 03 сарын 21

mongolchuudiin amidral itgel unemshil alga bolood baigaad haramsaj bna.yana daa yana!!!!!haramsaltai bnaa.zaluus ene mongol ulsaa ood n avch yavahk talaar bodooroi!mood mongoloor duusdag odor sonotugei!mongolchuud chadna!

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 03 сарын 21

mongolchuudiin sursan hel n pizdaa genee.

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 03 сарын 21

erdenesiin ezed n baihgui altan deer suusan guilgachin shuu dee bidnii mongolchuud!!!!ha ha mongol oron ovog deedsiin buyanaar gazar nutag alt erdenes oor yu baidag yum ideh hool mal hel hil geed bugdiig uldeesen daanch surgamj aildahk mongol uhkaan baga zayajee.

0  |  0
K(202.9.43.113) 2018 оны 02 сарын 11

Mglchuud Dubain jiriin irged shig 3000$ tsalin awdag bolchihoo yu?

0  |  0
Тэгээ тэг(202.72.245.206) 2018 оны 02 сарын 01

ЭХЛЭЭД УБ-АА ДУБАЙ ШИГ БОЛГОЧИХДОО

0  |  0
Top