Удахгүй нийслэлчүүдийн нэг зовлон дуусч, нөгөө зовлон эхэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

Удахгүй урь орж, хүйтний ам цаашилна. Нийслэлчүүд "утаа" гэх аюул заналаас дөнгөж хагацмагцаа хөрсний бохирдол хэмээх бүр илүү хортой гамшигтай нүүр тулах цаг айсуй. Хотыг нэлд нь бүрхсэн нүүрсний хар утаанаас болж дан биетэй нь уушгиа бага хордуулах юм сан, давхар биетэй нь сэтэрхий уруултай хүүхэд төрүүлчихгүй юм сан гэж өвөлжингөө амьсгал түгжих дасгал хийсэн нийслэлчүүд бид муу ус, хогоо гадаа асгадгийнхаа балгаар урин дулаан болоход бас л амьсгалын дасгал хийхээс өөр аргагүй байдалд хүрсээр дасал болжээ. Ялангуяа 100 айл, Яармаг, Дэнжийн 1000 айл, Шархад, Хайлааст орчмын иргэд энэ тал дээр онцгой байдаг гэх. Цас ханзарч эхлэх цагаар дээр дурдсан газруудаар явахад уушгиныхаа багтаамжийг ч давхар шалгана даа. Эндхийн айлууд бохироо гаднаа ил асгаж зундаа түүн дээгүүрээ яваад бүр сурчихсан. Тэгээд ч муу усны нүх ухахаар тэндээс нь ус гарч золигтоод байдаг болохоор нүх ухах шаардлага байхгүй. Сул асгасан муу ус нь хөлдөөд мөсөн талбай болж хувирах учир хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болдог сайн талтай. Үүний хажууд ганц, нэг хөгшин хүн хальтирч унаж хөлөө хугалах бол юу ч биш.

Монголчууд бидний шүтэн дээдэлдэг, ойр харьцдаг амьтдын дотор нохой дээгүүр байрт заларна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ялангуяа нийслэлийнхэн, тэр дундаа гэр хорооллынхон морь гэхээсээ нохойг нэгдүгээрт нэрлэх нь хэвийн үзэгдэл. Цэцэрлэг, сургуульд ч тэгж заадаг билээ. Гэр хороололд айл болгон нэгээс доошгүй нохойтой байх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчлэх бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хулгайчдын “шуурхай бүлэг” өдөр, шөнөгүй ажиллана. Айлууд эр нохой тэжээхийг эрхэмлэдэг ч “шуурхай бүлэг”-ийн хүчин зүтгэлээр эм нохой тэжээх нь ч цөөнгүй. Ийм маягаар эзэнтэй болсон эм нохой нь жилд хоёр удаа гөлөглөх бөгөөд өвөл гарсан гөлөгнуудийг шүтдэг, ойр дотно амьтнаа алдаг монгол заншил ёсоор гаргаад л хаяж орхино.

Энэ заншлыг мэдэхгүй гадаад хүн хүн “Танай монголчууд сүлдэндээ залсан морь, өвөг дээдсээ зүйрлэн нэрлэдэг чоно, хамгийн дотно нөхөр гэгддэг нохой зэрэг шүтэээнээ төхөөрдөг заншилтай юм байна. Лам нараа яадаг вэ” гэж асуувал “Нэг хэсэг алдаг байгаад одоо больсон” гэсэн хариулт сонсоно.

Ингээд зун болохоор нөгөө гаргаж хаясан гөлөгнүүд үхсэн нохойны сэг зэм “мөсөн талбайн” хайлсан устай нийлээд өвчин тахал дэгдэх таатай нөхцлийг үүсгэнэ. Харин нийслэлчүүд бид угаас амгалан улс тул “Хурдхан шиг өвөл болоосой” гэсэн шүү юм ярьцгаасаар өвөлтэй золгоно. Нэг хэвийн зүйлд дургүй монгол зан хачир нэмж хүүхдүүд нь мөсөн талбайгаа, томчууд нь утаагаа санаж ч магадгүй.

Бас хардаж сэрдэх үзэл монгол хүнд нэвт шингэсэн байдаг тул “Газар дээр чинь шинэ байр бариад орон сууц өгье” гэхэд “Илүү үнэ хүргэнэ” гэх юм уу “Худалч хулгайч л хүмүүс байгаа биз” гэж зөрнө. Төр засагт ч адилхан хариу өгнө. Шуналтай зөрүүд зан нь дэндүү учир төр засаг шинэ байр өгнө гэхийн оронд “авахгүй” гэвэл “ав, ав” гэж байж мэдэх улсууд аж.

“Хүн бол бактеритэй яг ижил. Тэд нэг үржил шимтэй газар олж суурьшаад үржиж эхэлдэг. Тэгээд тэр газрынхаа шим шүүсийг барагдаж дуустал салдаггүй” гэж гадаадын нэгэн алдартан хэлсэн гэдэг.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.88.162) 2018 оны 02 сарын 06

ШОРООНЫ улирал эхэллээ дээ

0  |  0
bi(103.26.193.143) 2018 оны 02 сарын 05

zawaan shv

0  |  0
Top