Л.Ганбат:ЭЕШ-ын дүнг газар дээр нь засах туршилт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлсэнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Нийт хэдэн төгсөгч шалтгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?

-ЭЕШ-ын бүртгэл өнөөдрийн 09:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл орон даяар онлайнаар 24 цагийн турш  үргэлжилнэ. Энэ жил ЕБС-ийг 42.000 орчим хүүхэд төгсөж байгаа бөгөөд өмнөх оны төгсөгчдөөс 3000-4000 төгсөгч нэмэгдэн 45000 шалгуулагч ЭЕШ өгөх тооцоолол байна. Шалгуулагч нь Монгол хэлбичгийн шалгалтад заавал хамрагдсан байх хэрэгтэй.

-Монгол хэлбичгийн шалгалтын тухайд тодруулахгүй юу?

-Засгийн газрын 37 тогтоолын дагуу ЭЕШ-ийг өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагч нь Монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн үндсэн шалгуур байгаа. Энэ шалгалтын батламж хуудас болон ЭЕШ-ын хуудсыг хамт бүрдүүлснээр их, дээд сургуульд хамрагдах боломжтой болно.

-Шалгуулагч нарын хувьд анхаарах ёстой зүйл нь гэвэл?

-Хамгийн гол анхаарах зүйл гэвэл би ямар мэргэжилтэй болох вэ. Үүний тулд ямар хичээлээр шалгалт өгөх вэ гэдэг сонголтоо эцэг эх болон багш нартайгаа ярилцан зөв хийх нь чухал. Өмнөх жилийн хувьд хүүхдүүд бүртгэл дууссаны дараа хичээл сонголтоо өөрчлье гэсэн тохиолдол маш их гарсан. Бүртгэлийн хугацаа 70 хоногийн турш үргэлжилдэг. Энэ хугацаанд сайтар судалж бүртгэлээ хийх хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна. Мөн шалгалтын бичиг баримтаа бүрдүүлж, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.

-Энэ жилийн шалгалтын онцлог юу вэ?

-Энэ жилээс эхлэн ЭЕШ-д бүртгүүлэгч регистрийн дугаараа хийхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй бүх мэдээлэл гарч ирэх бөгөөд үүн дээрээ үндэслээд хичээл сонголт болон төлбөрөө хийх  боломж бүрдсэн. Ингэснээр шалгуулагчийн хувийн мэдээлэл алдаагүй байх, батламж хуудсан дээр хувийн мэдээлэл үнэн зөв бичигдэх, их дээд сургуульд элсэхэд асуудал гарахгүй байх давуу талтай боллоо. Ингэж бүртгүүлэх үед хувийн мэдээлэлтэй холбоотой зөрүү гарсан тохиолдолд бүртгүүлэгч сургуулийн сургалтын менежерээрээ дамжуулан боловсролын мэдээллийн нэгдсэн системийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой.

-Өнгөрсөн жил материал задарсан гэх мэдээлэл цацагдасан. Энэ жилийн хувьд үүн дээр ямар анхаарал хандуулж ажиллаж байна уу?

-2006 оноос хойш ЭЕШ-ын материал задарсан тохиолдол байхгүй. Харин задарсан мэт ойлгуулах, хэвлэл мэдээлийн хэрэгсэл болон сошиалаар “хууран мэхлэж, мөнгөөр сэдэв зардаг” гэх ташаа зүйлс гардаг. Үүнийг өнгөрсөн жилээс кивер аюулгүй байдлын газартай хамтарч залилан мэхлэх оролдлого хийж байгаа хэсэг бүлэг хүмүүсийг илрүүлж холбогдох арга хэмжээг авсан. Шалгалтын материал задрах ойлголт байхгүй.

-Шалгалтын бүртгэлийн хураамж нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй. 5800 төгрөг байгаа. Харин батламж хуудас 700 төгрөг гэж байгаа.  Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Бүх банкны системээр болон Мобикомын кэнди оноогоор гүйлгээ хийх боломжтой.

-Энэ жилээс эхлэн шалгалтыг газар дээр нь засдаг болж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манай  төвөөс шалгалтын материалыг газар дээр нь засаж дүнг гаргадаг системийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа. Тиймээс зарим газруудад туршилт хийнэ.

-Энэ жил ЭЕШ-ын хичээлийн үргэлжлэх хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Монгол, Англи Орос хэлний шалгалтын “сонсоод ойлгох” даалгаврыг нэмж хугацааг уртасгасан. Харин  заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалтад задгай хэлбэрийн даалгавруудыг нэмсэн. Математик, хими, физикийн хичээлийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, бусад хичээлийн шалгалт 80 минут үргэлжилнэ.

-Шалгуулагчид бүртгүүлэхдээ ямар зүйлсийг бүрдүүлсэн байх шаардлагатай бол?

-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг,

-Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

-И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/

-Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top