“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгээр хосгүй ховор үзмэрүүдийг дэлгэнэ

2018 оны 02 сарын 06

 

Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг. 2018 оны анхны үзэсгэлэнгээ “Монголчуудын уламжлалт сав суулга” нэртэйгээр 2-р сарын 8-аас 3-р сарын 14 хүртэл үнэ төлбөргүйгээр түмний хүртээл болгох аж.

Үзэсгэлэнд Хүннүгийн үеийн ваар, Маршал Чойбалсангийн алтан чимэглэлтэй мөнгөн аяга, Богд хааны хэрэглэж байсан гоёмсог хийцтэй луун бариултай хос домбо, шүр, сувд, номин шигтгээтэй тахилын аяга, XIX зууны үеийн Бичгийн хүний гэр зэрэг уран дархчуулын ухааны, нүдний, гарын урыг шалгасан хосгүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх юм.


Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт эртний чулуун зэвсгийн үеийн чулуу, шавар савнаас эхлээд орчин үеийн шаазан, ваар, хөргөгч хүртэлх олон зуун жилийн сав суулганы арвин баян цуглуулга хадгалагдаж байдаг билээ. Монголчууд эртнээс мал, зарим ангийн арьс, ширийг боловсруулан нүүдлийн амьдралдаа зохицсон эвдэрч гэмтэх нь бага, хүнсний зүйл хадгалах сав суулга, дашмаг, борви, хөнөг, хөхүүр, арьсан тулам зэргийг хийж ахуй хэрэглээндээ өргөнөөр ашигласаар ирсэн бөгөөд мөн ачаа бараа хадгалах, зөөж тээвэрлэх зориулалттай тулам, тэнж, богц зэргийг хэрэглэдэг байжээ.


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zulaa(66.181.179.93) 2018 оны 02 сарын 06

Хурц мэтийн нүдний хор орохын нэмэр дээ. Тэгж байгаад дараа нь дээрэмжүүлчихнэ.

0  |  0
Top