Өдөр тутмын хэрэглээ тань үр хүүхдийг чинь заналхийлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 08

Эрүүл саруул амьдрахад хамгийн их хор уршиг авчрах хөнөөлт хэрэглээнүүдийн талаар та, бид төдийлөн мэддэггүй. Тэгвэл гэрийн хаа нэгтээ хэвтэж байдаг хуруу зай ямар их хор хөнөөлтэй болохыг одоо өгүүлье.

Хуруу зайнаас хүүхдээ хол байлга!

Бидний үнэнч анд гар утас, автомашин, цаг, нөүтбүүк, бяцхан хүүхдийн тань наадах дуртай, хамгийн хайртай тоглоомонд ч үхэлд хүргэх аюул нуугдаж буй гээд бод доо. Учир нь тэдгээрийг зай хэмээгч хор тэжээн тэтгэж буй. Монголчууд бид юмыг “монголчлох” дуртай улс. Тиймдээ ч цэнэг нь дууссан зайг сэргээх гэж хазаж, шороонд булах тохиолдол нийтлэг байдаг. Зайг хазахад ам гашуу оргиж, хэл дарвиганадаг. Ингэснээр түүний доторх хорт бодисуудыг өдөөн, химийн урвалд оруулдаг гэнэ. Мэдээж энэ үед бидний бие махбодь зайны хорыг өөртөө шингээж, улмаар янз бүрийн өвчнөөр өвчлөх шалтгаан болдог аж. Гэтэл зай нь хазахад байтугай хашааны мухар, хогийн саванд хэвтэж байхдаа ч хүнд их хэмжээний хор хөнөөл учруулдаг эд юм байна. Түүнчлэн зайнууд нь  байгаль орчин, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй гэгддэг мөнгөн ус, кадми, хар тугалга зэрэг хүнд металл агуулдаг бөгөөд найрлагад нь хэр хэмжээтэй орсноос шалтгаалан хордуулах тун нь харилцан адилгүй гэнэ. Тухайлбал, хар тугалга их хэмжээгээр агуулсан зай хүүхдийн биеийн өсөлт, мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлж, сонсгол муудахад хүргэх аюултай аж. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нэг ширхэг хуруу зай дөрвөн ам метр хөрс, 8000 литр ус бохирдуулдгийг тогтоожээ. Ингээд бодохоор хаа сайгүй хаягдаж орхисон хуруу зайны хөнөөл монголчуудыг хэрж байгаа нь нэгэнт тодорхой байгаа юм.

Монголд зайны хэрэглээний зохицуулалт алга

Засгийн газраас 2015 оны зургадугаар сарын 29-нд 264 дүгээр тогтоол баталж, Аюултай хог хаягдлын жагсаалтад бүх төрлийн зайг багтаасан байдаг. Албаны хүний хэлж буйгаар дээрх жагсаалтад орсон бүхий л хог хаягдлыг ангилан ялгах, хаях, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл явцыг төр, засгаас бодлогоор зохицуулж, онцгой анхаарал тавих ёстой гэнэ. Харамсалтай нь манай улсад зайны хор уршиг, хэрхэн зүй зохистой хэрэглэх талаар мэдээлэл хомс байна. Холбогдох яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагууд нь хүртэл зайны талаар дорвитой судалгаа хийгээгүй, өгөх мэдээлэл хомс байгаа юм. Аюултай хог хаягдлын жагсаалтад ямар нэг хорт зүйлийг бүртгүүлснээр хор хөнөөл нь өөрөө үгүй болж, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах нь зогсчихдоггүй байлтай. Бодит байдал ийм л байна. Өөрөөр хэлбэл, Монголд аюултай хог хаягдалтай холбогдсон хууль тогтоомж хэрэгждэггүй, тунхагийн төдий байгаа нь үүнээс харагдана.

Гурван цаг тутамд нэг хүүхэд...

Гурван цаг тутамд нэг хүүхэд товчин зайнаас болоод эрүүл мэнд, амь насаараа хохирч буй гэсэн аймшигтай тооцоог эрдэмтэд гаргажээ. Өдгөө дэлхийн 80 гаруй орны хүүхдүүд энэ зовлонг амсаж, 15 хүүхэд нас барсны 11 нь сүүлийн зургаан жилд хорвоог орхижээ. Зай үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дээгүүрт ордог АНУ-д ийм тохиолдол хамгийн их гардаг гэнэ. Тухайлбал, жил бүр 2800 гаруй хүүхэд товчин зай залгиж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авдаг бөгөөд ноцтой гэмтсэн, нас барсан хүүхдийн тоо сүүлийн 10 жилд ес дахин нэмэгдсэн тухай эх сурвалж мэдээлжээ. Энэ байдал Монгол Улсад ч ялгаагүй тохиолдож байна.

Зайны талаар зайлшгүй мэдэж байх зүйлс

Зай нь маш олон янз бөгөөд үүнд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хуруу зайнаас эхлээд салхины эрчим хүчний станцын нөөцлүүр, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрлийз машины /приус/ зай хүртэл ордог. Өөрөөр хэлбэл өнөөдөр сэргээгдэх эрчим хүч, ногоон гэсэн тодотголтой маш олон зүйл зайтай холбогдож байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй, удаан ажиллагаатай зай зохион бүтээхээр дэлхийн маш олон орны их дээд сургуулиуд, төсөл хөтөлбөрүүд ажиллаж байна.

NiMH-

NiMH зурган илэрцүүд

Өнөөдөр дэлхий нийтээр мөнгөн ус, кадми бүхий зайг өөр зайгаар (жишээлбэл NiMH) солих ажил өрнөж байна. Гэхдээ манай орны зах зээл дээр гарал үүсэл, найрлага нь тодорхойгүй их хэмжээний чанар муутай, хортой зайнууд худалдаалагдаж байна. Тиймээс зай худалдан авахдаа дээрх  бичгийг уншиж, битүүмж сайтайг нь худалдан авах хэрэгтэй. 

Хамгийн хортой зай

хамгийн хортой нь лити зай зурган илэрцүүд

Зайнуудаас хамгийн хортой нь лити (хамгийн хортой, идэмхий бодис болох мөнгөн ус их хэмжээгээр агуулдаг зай) гэнэ. Литийг өдгөө камер, гар утас, зөөврийн компьютер, эмнэлгийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэлд түлхүү ашигладаг юм байна. Энэ нь урсамтгай, ууршимтгай, шингэмтгий бодис болох мөнгөн ус агуулдаг учраас хүнтэй ойр байлгаж, хяналтгүй ил задгай хаяхад дэндүү аюултай аж. Тухайлбал, зайг байгальд ил хаяхад мөнгөн ус агаарт уусан задарч, бид түүгээр нь амьсгалдаг. Ингэснээр төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр удаанаар хордуулдаг аж. Тийм учраас улс орон бүр лити зайг судалж, түүнийг устгах, дахин боловсруулахад онцгой анхаарч байна.

Бусад улсад зайны асуудалд онцгой анхаардаг

Канад улс л гэхэд 1992 онд баталсан Аюултай ачаа тээвэрлэх тухай хуулийн нэгдүгээр заалтад лити зай тээвэрлэх, импортлох тухай тусгасан байдаг аж. Тухайлбал, импортоор оруулж ирж буй барааны дотор лити зай агуулсан тоног төхөөрөмж байвал тээвэрлэгч компаниас нь тодорхой хэмжээний мөнгөн шимтгэл авдаг байсан бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сараас Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгээс (IATA) гаргасан журмын дагуу түүнийг тусгай ачаа гэж үзэн, хатуу хяналт тавих болжээ.

ХБНГУ-д тэртээ 1998 оноос иргэд нь зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн зай худалдан авч, хэрэглэж дууссанаа дэлгүүрүүдэд буцаан өгдөг заншил тогтсон бөгөөд дахин ашиглаж болохуйц материалаар хийснийг нь үйлдвэрт илгээж, боломжгүйг нь тусгай технологийн дагуу устгадаг аж.

АНУ энэ асуудалд маш хариуцлагатай ханддаг юм байна. Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд халгүй, цэнэгээ удаан хадгалдаг, хүнд металл агуулаагүй зай үйлдвэрлэхээр олон байгууллага ажиллаж байна. Тухайлбал, Зайны сургууль, Зайны зөвлөл нэртэй байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж, иргэдэд мэдээ мэдээлэл түгээсээр буй аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top