Э.Халиун: DYRBERG/KERN бол байгалийн хүчирхэг өгөгдөлтэй, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийн гоёл юм

Дани улс бүтээгдэхүүний загвар, хийц, чанараараа дэлхийд алдартай төдийгүй чанарыг эрхэмлэдэг улс. Дани эмэгтэйчүүдийн хүчирхэг бөгөөд эрхэмсэг бардам, тусгаар тогтносон зан чанар нь DYRBERG/ KERN брэндэд  нэвт шингэсэн байдаг онцлогтой. Эрч хүчтэй, зоримог, дайчин эмэгтэйчүүдэд зориулагдсан DYRBERG/KERN брэнд шиг өвөрмөц загвар хийцтэй, сонин содон гоёл чимэглэл нэн ховор билээ.  

Анх 2008 онд Дани улсын соёл, загварын онцлогийг нь судлах зорилготойгоор график дизайнер мэргэжлээ дээшлүүлэхээр очиж байсан үеэс л DYRBERG/KERN брэндийг Монголдоо оруулж ирэх санаа төрсөн хэмээн ярьж буй эрхэмсэг хатагтай Э.Халиун өдгөө тус брэндийн Монгол, Япон дахь захирал төдийгүй Азийн бүсийн захирлаар нь томилогдон ажиллаж байна.


 

 

Image may contain: 1 person

DYRBERG/KERN брэндийг Монголд оруулж ирэх франчайз эрхийг авах итгэлийг та хэрхэн олж авсан түүхээс ярилцлагаа эхэлье. 

Нэгдүгээрт бүх юм амар хялбар байгаагүй. Тус брэндийг "Монголд борлуулах хүсэлтэй байна" гэхэд тухайн үед  Монгол гэдэг улсыг мэдэхгүй шахам байсан учир манай улсыг маш жижиг зах зээлтэй гэж харж байсан. Гэхдээ л би шантраагүй. Яагаад манай Монголчууд  DYRBERG/KERN брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж гэсэн бодол төрж, зориг шулуудан хоёр жилийн турш уйгагүй зүтгэсэн.

Энэ их хүчин чармайлтын үр дүнд өнөөдрийн DYRBERG/ KERN” монголчуудад танил болсон гэж хэлж болох уу?

Тийм ээ. Анх Дани улсад стилист мэргэжил эзэмших зорилготой очиж байлаа. Сургалтын төлбөр өндөр учир хичээлийнхээ хажуугаар янз бүрийн ажил хийх шаардлага гарсан.. Япон хоолны газарт тогооч, зөөгчөөс эхлээд график дизайнер мэргэжлээрээ ч олдсон ажил болгоныг хийж байлаа. Модель болж байсан ч удаа бий. Уран зургийн тухайд бол бүр багаасаа зураг зурах дуртай байсан. Данид би жирийн л нэг оюутан охин. Бусдаас онцлог юм хийж чаддаг гэдгээ харуулахын тулд “My Colours” нэртэй уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм. Гэтэл хамгийн гайхалтай нь, даничууд зургуудыг маань сонирхож маш их худалдаж авсан. Даничууд Монголыг надаар төсөөлөх тул  Монголын нэрийг сайнаар гаргахын төлөө их хичээдэг байлаа. Ингэж л тэд  манай улсыг сонирхож эхэлсэн дээ.

DYRBERG/KERN брэндийн эрхийг авах зам хэр урт байв?

DYRBERG/KERN брэндийн эрхийг Монголдоо авахын тулд 2-3 жил уйгагүй  хөөцөлдсөн. Эндээс би, зорьсон л бол шантарч, замын дундаас буцах хэрэггүй гэдгийг маш сайн  ойлгосон. Эцсийн үр дүнг нь үзэхийн тулд уйгагүй хөдөлмөрлө гэдгийг одоо ч гэсэн эргэн тойрныхондоо хэлдэг. DYRBERG/KERN рүү анх ороход намайг хэн ч авч хэлэлцээгүй. Яагаад гэвэл би тэнд ганцаархнаа Ази хар үстэй хүүхэн /инээв/. Бусад хүмүүс 20-30 дэлгүүртэй байхад, би ганц дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулдаг байлаа. Харин одоо Данид  манай Монгол Улс хэдийнээ танигдаж, дээгүүр байр сууринд очсон гэж болно. Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүний  борлуулалтаараа биш.  Хандлага, бүтээлч байдал, менежмент зэрэг   өдөр тутмын үйл ажиллагаагаараа нилээд  дээгүүрт ордог. 

Брэндийн эрхээ авсан анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

Анх DYRBERG/KERN эрхийг надад өгөхөд би өөртөө ч итгэж чадахгүй баярласан. Ингээд надад итгээд өгчихөж байгаа юм гэж үү гээд л толгойд түм  буман бодол орж ирж айх, баярлах хоёр зэрэгцсэн. Эхний үед  гэрээсээ ажлаа хийдэг байлаа. Анхны захиалгаа хүлээж аваад бөөн баяр, гэрээрээ дүүрэн бүтээгдэхүүнээ задалчихсан сууж байснаа одоо ч гэсэн тодхон санадаг юм. Энэ мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй.

DYRBERG/ KERN брэнд дэлхийн хэдэн оронд салбартай вэ?

DYRBERG/ KERN брэнд 60 оронд салбартай. Салбарын захирлууд нь олон улсын хуралд ирж оролцдог. Энэ  хуралд анх манайх 2013 онд Шилдэг маркетингтай  орноор шалгарч байсан. Харин 2017 онд “Building a brand” сэдвээр олон улсын захирлуудад илтгэл тавьсан. Үүнд өөрийн бизнесийн туршлага, төлөвлөгөө стратеги, бодлого, соёлын ялгаа болон алдаа оноонуудынхаа талаар хөндсөн. Энэ илтгэл маань хоёрдогч орноос тавигдсан анхны илтгэл байсан бөгөөд хүмүүс маш сайхнаар хүлээж авч надад урам зориг өгсөн. Бусад захиралуудад ойлгогдож эхэлсэн л дээ.  

Монголдоо шинэ брэнд оруулж ирж таниулах амаргүй ажлыг та хийж, бас хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Бахархалтай байна.

Баярлалаа. Энэ жил ч мөн урилгаар очиж илтгэл тавьсан. Энэхүү илтгэлээр DYRBERG/KERN брэндийг Монголд хэрхэн нэр хүндтэй болгосон бэ гэдгээс эхлээд ажлынхаа онцлог, арга барил, менежмент зэргээ хуваалцсан. Маш сайхан хүлээж авсан. “Өө манай Халиунаа гээд л Канад,  Швед, Норвеги, Францын төлөөллийн захирлууд  баяр хүргээд л. Бусдад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг чинь сайхан мэдрэмж шүү дээ.

DYRBERG/KERN БРЭНДИЙГ МОНГОЛД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХИЙН ТУЛД СОЁЛЫН ТУЛААН ХИЙСЭН

No automatic alt text available.

 “DYRBERG/ KERN”-ийг давтагдашгүй болгоод байдаг тэр онцлог чамин зүйл нь  юу вэ?

DYRBERG/ KERN” гэдэг нь  хоёр хүний нэрний нийлмэл үг юм. Энэ хоёр хүн  хоёулаа дизайнер. Данийн Урлагийн их сургуульд суралцаж байх үедээ тус брэндийг нээж байсан түүхтэй юм билээ. Өдгөө 30 жил болж байна. “DYRBERG/ KERN” брэндийн гол онцлог нь ган, үнэт чулуу хоёр юм. Жижигхэн ч гэсэн деталь хэсгийг орхигдуулалгүй уран нарийн сэтгэмж гаргаж шигтгэж хийсэн төгс урлагийн бүтээл гэж ойлгож болно. Нэг ёсондоо эмэгтэй хүний хүчирхэг байдлыг ган төмрөөр илэрхийлж байгаа юм. Үүн дээр төрөл бүрийн үнэт чулуу, кристаллууд нэмэгдсэнээр бүсгүй хүний давтагдашгүй гоо сайхан, өөртөө итгэлтэй байдлыг тодруулж өгч байгаа юм. Тиймээс дайчин, эрч хүчтэй залуучуудын брэнд. Мөн манай бүтээгдэхүүний  гол загвар хийц нь  маш том, сүрдэм гял цал байдал. Сүрдэм бүтээгдэхүүнийг худалдан авна гэдэг тухайн хүнээс асар их зориг шаарддаг. Энэ бүхэнд манай бүтээгдэхүүний онцлог, давтагдашгүй шинж  чанар нь оршдог.

DYRBERG/KERN брэндийг хэдээс хэд орчим насны хүмүүс хэрэглэвэл илүү тохиромжтой гэж үздэг вэ?

Ер нь бол дунджаар 28-аас дээш насны бүсгүйчүүд илүү их хэрэглэдэг. Яагаад гэхээр нэг талдаа мөн чанар болоод үнэ. Нөгөөтэйгүүр өнгө дизайн, загвар хийцийн хувьд бие даасан эмэгтэйчүүдэд зориулагдсан бүтээл. Хүн харахад хэт гял цал гоёл юм шиг хэрнээ, бүтээгдэхүүн болгон дээр задлаад үзэхэд өвөрмөц шийдэл, хэв загвартай учраас тэр болгон залуу охид хэрэглэж чаддаггүй. Яалт ч үгүй л “байгалийн хүчирхэг өгөгдөлтэй” буюу өөртөө итгэлтэй, өөрийгөө мэдэрсэн эмэгтэйчүүд илүү их хэрэглэдэг.

DYRBERG/KERN брэнд ер нь нүүр царайгаараа өвөрмөц хүмүүсийг сонгож гаргаж ирдэг л дээ. Миний харж байгаагаар, салбар салбартаа тэргүүлэгч эмэгтэйчүүдийг сонгож  тэдний гадаад  төрхөд өөрөө ч олж хараагүй тэр тэсрэлтийг хийж чаддаг.

Миний хувьд  график дизайнер, зураач мэргэжилтэй. Аливаа зүйлийг хийхдээ бүтээл болтол нь хийх дуртай. Энэ чанар маань ч  үүнд нөлөөлдөг. Нөгөө талаар манай  DYRBERG/KERN брэндэд өөрийн гэсэн онцлог шинж гэж бий.   Өөртөө итгэлтэй, хүчирхэг, эмэгтэйчүүд л тэрхүү шинж чанарыг гаргаж ирнэ.  Үүнийг илтгэх хэн байх вэ гэдгийг бодсоны үндсэн дээр моделио сонгодог. Тухайлбал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, АЖ Н.Сувд, С.Оюун нар “DYRBERG/ KERN”-ийг улам тодотгож өгнө гэдгийг нь олж харсан. Тэд бол маш хүчирхэг дайчин эмэгтэйчүүд гэдгээрээ танигдсан хүмүүс. Тийм учраас Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, АЖ Н.Сувд, С.Оюун  нарын хүчирхэг эмэгтэйчүүдийг төсөөлшгүй өөр өнцгөөс нь хүмүүст харуулахыг зорьсон. Манай брэндийг сайн мэдэхгүй хүний хувьд, анх харахад маш том, сүрдэм санагддаг. Тэр утгаараа манай брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь тухайн хүнээс өөртөө итгэх итгэл, багагүй зориг шаарддаг юм. Яг энэ шаардлагад дээрх эмэгтэйчүүд тохирно гэдгийг анзаараад  хамтарч ажиллах санал тавьсан.

“DYRBERG/KERN” брэнд өдгөө монгол бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийн салшгүй нэгэн хэсэг болж чаджээ. Энэ хүртлээ нэлээдгүй замыг туулсан байх?

Манайхан гоёл чимэглэл гэдгийг алт, мөнгө, монет төдийгөөр хардаг байсан үе бий. Тийм учраас энэхүү брэндийг Монголдоо таниулахад “соёлын тулаан” болсон гэсэн үг. Энэ утгаараа, хэрэглэгчиддээ итгэл үнэмшил төрүүлэх, мөн алт, мөнгөн эдлэлээс ямар ялгаатай вэ гэдгийг нь  ойлгуулахад багагүй цаг хугацаа орсон. Нөгөө талаас  манайханд том зүүлт, бөгж  хэрэглэх зориг дутагдаж байсан. “Ямар гоё юм бэ” гэсэн хэрнээ л  худалдан авч зүрхэлдэггүй байсан бол одоо энэ хандлага нь эрс өөрчлөгдсөн. Авууштай нь манай монгол бүсгүйчүүд шинэ зүйлд амархан дасан зохицдог, мөн чанарыг нь хурдан ойлгодог зэрэг сайн  чанарууд нь үүнд нөлөөлсөн. Цаг хугацааны явцад бүтээгдэхүүний маань үнэ цэнийг илүүтэй мэдэрч эхэлж байна.  Одоо манай  хэрэглэгчдийн  80 орчим хувь нь  өөртөө итгэлтэй, бардам бүсгүйчүүд. 

Соёлын тулаан гэж хэллээ. Тухайлбал ямар тулаан болж байв?

Худалдан авагчид маань хамгийн их асуудаг нэг асуулт байсан л даа.  /инээв/ Алтан ээмэгний дайтай үнээр DYRBERG/ KERN брэндийн нэг гоёл чимэглэл авлаа гэхэд түүнийгээ барьцаалахад үнэ хүрэх үү? Алт, мөнгөн загвар байна уу гэж их асуудаг байсан.  Энэ мэт үнэ цэнийн ялгааг гаргахын тулд маш их тайлбарлах шаардлага гарна. Мөн хэрэглэгчийн зан төлвийн судалгааг хийж монголчууд юуг илүүтэй таашаадаг, юунд дургүй зэргийг нь харгалзан үзэж бүтээгдэхүүнээ сонгон оруулж ирдэг. 

“SEMI NUDE ART FASHION SHOW”  ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГОО САЙХАН ХҮЧИРХИЙЛЛИЙН “БАЙ” БОЛОХ ЁСГҮЙГ ГЭДГИЙГ ИЛЭРХИЙЛСЭН

Image may contain: jewellery

Хувцаслалтын амин сүнс нь гоёл чимэглэл гэдэгтэй та санал нийлэх үү? Ялангуяа DYRBERG/KERN брэнд үүнийг илтгэнэ гэж харагддаг.

Гоёл чимэглэл гэдэг тухайн хувцсыг илүү тодотгож, төгс болгодог. Миний хувьд гял цал хувцаслах гэхээсээ илүүтэй даруухан хувцаслаад түүн дээрээ гоёл чимэглэлээ зүүхийг илүүд үздэг. Ямар ч энгийн хувцсыг DYRBERG/KERN-ийн зүүлт, бугуйвч, гоёл чимэглэл гайхалтай тодотгож, тодруулж өгч чаддаг.

Тухайлбал, өвлийн улиралд гоёл чимэглэлээ хэрхэн зүүж хэрэглэвэл илүү тохиромжтой вэ?

Орчин нөхцөлөөс гадна хувцасны загвараас хамаараад  гоёл чимэглэл бүр ялгаатай. Гоёл чимэглэл нь зарим талаар  биеийн сул талыг  далдлах үүргийг давхар гүйцэтгэдэг. Өвлийн зузаан хувцас дээр уртавтар зүүлт илүү тохиромжтой.  Мөн бугуйвч, цагийг  гадуур нь гаргаж  зүүх нь зохимжтой. DYRBERG/KERN брэндийн намар, өвлийн “Хэмнэл” коллекц гарсан байгааг энэ дашрамд дуулгая.

Гоёл чимэглэлээр сул талаа  далдалж болно гэдэг их сонирхолтой санагдлаа?

Энэ нь маш өргөн хүрээний сэдэв юм. Тухайлбал, гонзгой царайтай хүн урт ээмэг зүүвэл улам л гонзгой харагдуулна. Урт хүзүүтэй хүн 90 см урттай зүүлт зүүвэл мөн л зохисгүй. Харин хүзүүндээ тулсан зүүлт зүүвэл баланстай харагдах зэрэг нарийн зүйлс байна. Манай эмэгтэйчүүдийн 80 хувь нь гоёл чимэглэлийг гангарах гэж л зүүдэг. Гэтэл гоёл чимэглэл нь эзнээ аливаа нэгэн сөрөг энерги, дайснаас хамгаалах хамгаалалт нь байсаар ирсэн түүхтэй. DYRBERG/KERN-д зурхайн ордуудад тохирсон чулуунууд байдгаас гадна мөн бөгжний толгой нь солигддог загвар ч гэж бий. Эмэгтэй хүмүүс хувьсамтгай, сэтгэл хөдлөл ихтэй шүү дээ. Тэгвэл манай загваруудын шигтгээ чулуу нь солигддог болсноор бүсгүйчүүд хүний анхаарлыг татах, эсвэл сэтгэл зүйн байдлаа илэрхийлэх боломжтой болсон.

Монгол хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулсан Үйтэм брэндийг та өнгөрсөн жил гаргасан шүү дээ. Яагаад үйтэн хуарыг сонгох болов?

Монголчууд үйтэнхуарыг хамгийн тансаг материал гэж үздэг. “Үйтэм” брэнд нь үйтэнхуарын элементийг агуулсан хэрнээ орчин үеийн хувцасны шийдлийг гаргаж өгснөөрөө онцлогтой. Монгол хэв шинжийг агуулсан өвөрмөц хэрнээ биед эвтэйхэн, хаана ч өмсөхөд тохиромжтой загварын хувцаснуудыг “Үйтэм” брэнд хийж байгаа.

“Semi Nude Art Fashion Show” буюу хагас нүцгэн урлагийн шоуг та  Монголд  анх удаа тун амжилттай зохион байгуулсан. Энэ жил дахин зохион байгуулагдах уу?

Image may contain: jewellery

Энэхүү шоугаа хоёр жил тутамд хийж байхаар төлөвлөсөн. Хүмүүсийн анхаарлыг их татсан л даа. Нэгдүгээрт, миний бизнес эмэгтэй хүн рүү чиглэгддэг. Энэ утгаар шоугаа “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө” гэсэн уриан дор зохион байгуулсан. Мөн урлагийн шоутай хамтатгаж өмнө нь аль ч шоунаас авч байгаагүй тэр мэдрэмжийг мэдрүүлэхийг зорьсон. Уригдсан зочид маань тэр мэдрэмжийг авч чадсан гэдгээ илэрхийлж байсан.  

Нэрний хувьд багагүй шүүмжлэлд өртсөн үү?

Шоуны нэрийн хувьд гоо үзэсгэлэнгээ илүүтэй тодотгож байна гэж ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй, хүчтэй байж л хүчирхийллийн эсрэг зогсох ёстой. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд тэр болгон олны өмнө ил гараад байдаггүй. Нийгмээс өөрөө өөрийгөө тусгаарлаж амьдардаг. Тэр бүхэн гагцхүү хаалттай хаалганы цаана л үлддэг. Ингэснээрээ эмэгтэй хүн залуу нас, гоо үзэсгэлэн бүх зүйлээ алддаг. Тийм учраас эмэгтэйчүүддээ урам зориг өгөх үүднээс, өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гоё сайхан байснаараа хүчирхийллийн “бай” болох ёсгүй гэдэг санааг л энэхүү шоугаараа илэрхийлэхийг зорьсон. Бид өөрсдийнхөөрөө байж, гоо сайхнаа тодотгох ёстой.  Тэр хэмжээгээрээ бид хүчтэй байж, хүчирхийллийн эсрэг зогсоно гэсэн санаа юм. Мөн манай брэндийн онцлогийг харуулах нэг санаа нь бид хувцасгүй ч байж чадна гэдгийг давхар харуулсан гэх үү дээ.

No automatic alt text available.

МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГИЙГ ОЛОН УЛСАД ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Гоёл чимэглэлийг юутай зүйрлэх вэ?

Давстай зүйрлэнэ. Давсгүй хоол сул, амтгүй байдаг шиг хувцас дангаараа давсгүй хоолтой адил. Гоёл чимэглэл гэдэг тухайн хүнийг илэрхийлэх гол өгүүлэмж юм. Өөртөө итгэлтэй хүн гоёлтой байдаг гэж би боддог.

Өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд ажил амьдралдаа баримталж ирсэн зарчим тань чухамхүү юу байв?

Дуртай ажлаа хийнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж. Хүн зорилготой байх хэрэгтэй. Үүнийхээ дагуу төлөвлөж ажиллавал илүү амжилтад хүрнэ гэж боддог. Хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандвал түүнийхээ үр шимийг хэзээ нэгэн цагт хүртэнэ. Миний зарчим гэвэл, хэзээ ч мөнгөний төлөө гэдэг өнцгөөс ажилдаа хандаж байгаагүй. Хийсэн бүтээсэн зүйл минь хүмүүст хүрч, тэднийг баярлуулж байх нь л миний амьдралын гол утга учир юм даа. Ямар ч ажлыг бүтээл гэж хардаг. Энэ ч утгаараа аливаад  бүтээлчээр хандахыг хичээдэг. Миний хийсэн ажил бусдад таашаал, мэдрэмж өгч мөн нэгийг бодогдуулаасай гэж хүсдэг.

Сайхан үг байна. Энэ их ажлын хажуугаар чөлөөт цаг ховорхон гарна биз?

Цаг зав гарвал зураг зурах, ном унших дуртай. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөхийг илүүд үздэг. 

“DYRBERG/ KERN” брэндийн ямар бүтээгдэхүүнийг та өөртөө анх авч байв?

Нэг бугуйн цаг өөртөө авахын тулд ажил хийж мөнгө цуглуулсан.  Алтан шаргал, битүү шигтгээтэй энэ гоёмог цагийг худалдан авлаа гэхэд, хэнээс ч санаа зовохгүйгээр  зүүгээд явж чадах уу гэдэг асуултыг би  өөрөөсөө асууж байлаа. Зүүгээд явж байхдаа  “Ямар гоё цаг вэ” гэдэг үгийг  бусдаас олонтоо сонсоод өөртөө итгэлтэй болж урам зориг орсон. Өөрийнхөө хэрэглэж байгаа бүтээгдэхүүний талаар бусдаас магтаал сонсоно гэдэг сайхан.

“Horned Owl food symphony” буюу “Эвэртэй шар шувуу” гэсэн содон нэртэй лоунжид бидний ярилцлага өрнөж байна. Нэг өгүүлбэрээр ч болов танилцуулна уу?

Их хотын завгүй залуучуудад тав тухыг мэдрүүлэх өвөрмөц дизайнтай үйлчилгээний газар нээхсэн гэж эртнээс бодож байсан л даа. Бүр тэс өөр орчныг бүрдүүлэхийг хичээсэн. Ирж үзээд мэдэрнэ дээ /инээв/. Үйлчлүүлэгчид маань орж ирээд л “Хөөх Монголд ийм газар байдаг юм уу, яг л гадаадад байгаа юм шиг өөр мэдрэмжийг өглөө” гэдэг. Бид үйлчилгээгээ улам өргөжүүлж сайжруулахыг зорьж байна.

Та Монгол дахь DYRBERG/KERN брэндээс гадна Япон дахь салбарыг нь давхар хариуцдаг гэсэн. Хэзээнээс энэ ажлаа эхлэв?

DYRBERG/KERN-ын Япон дахь зах зээлийг 2016 оноос хойш хариуцаж байна. Япон улс бол өөрийнхөө соёлыг хадгалж өнөө цагт хөгжлөө дээд цэгт нь хүргэж чадсан, бүх зүйл нь бэлэн бөгөөд ханачихсан орон. Тиймээс бид онцгой байж л энэ зах зээлд ялгарах ёстой. Үүний тулд нэг жил гаруйн хугацаанд тэндэхийн зах зээлийг судалж, яагаад япон хүн хэрэглэх ёстой вэ гэсэн сэдлийг бий болгох талаар маш их судалгаа хийсэн. Энэ судалгаа маань ч үр дүнгээ ч өгч амжилттай явж байна. “Усыг  нь уувал ёсыг нь дага” гэдэг шиг япончуудын нэгэн адил зарчимч, асуудалд ёс зүйтэй ханддаг тэр л байдлаар нь ажиллаж байна.

Та саяхан DYRBERG/KERN брэндийн  Азийг хариуцсан захирал нь болсон гэж сонссон. Танд баяр хүргэе.

Баярлалаа. DYRBERG/KERN брэндийн Азиийн салбарыг хариуцаж эхлээд дөнгөж нэг сар болж байна. Энэ нь надад үзүүлсэн асар их итгэл төдийгүй, тэр хэрээр хариуцлага оногдож байна. Улам их хичээх болно. Монгол эмэгтэй юу ч хийж чаддаг вэ гэдгийг олон улсад харуулахыг зорьж байна.

Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ярилцсан: Д.Атарцэцэг

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

зочин [ 103.57.95.151 ]      |     2018 оны 2-р сарын 13 -нд, 03:48 минутанд

залуу хүн байж яасан ч унжуу көхтэй юм

Mgl [ 202.9.40.26 ]      |     2018 оны 2-р сарын 11 -нд, 06:54 минутанд

Yu hiij chaddag l gehiin. Zugeer l neg heseg metaliig neg gazraas nuguud ni zuuj avchraad une nemeed l zarj bgaa bizde. Mongold zugeer l retail distriburer hiideg humuus uursdiiguu aygui ih yumand bodoh yumaa. Ta nar baylag buteegch nar erduusuu ch bish

K [ 202.9.43.113 ] 2018 оны 2-р сарын 11 -нд, 11:55 минутанд

Heleed yughew... Haramsaltai n har mass bol haranhui l bh yumdaa. Saihan yariad gaylgar zuil uzuulehed tgd bolloo. Kkkk

”ө [ 202.179.26.115 ]      |     2018 оны 2-р сарын 11 -нд, 06:44 минутанд

Агуу мундаг гайхамшиг

Hun [ 117.111.26.114 ]      |     2018 оны 2-р сарын 10 -нд, 08:56 минутанд

Ajilsag bvsgvi shv!

Тулга [ 117.111.26.114 ]      |     2018 оны 2-р сарын 10 -нд, 08:49 минутанд

Бахархаж байна, Амжилт хүсье!

Go to top of page