Унтахаасаа өмнө ухаалаг гар утсаа хэрэглэх нь маш сөрөг үр дагавартай

Энэ бол үнэн бодит баримт. Ихэнх хүмүүс унтахаасаа өмнө гар утсан дээрээ мэйлээ шалгах, мэдээ харах, сошиал сувгаа эргүүлэх, интернетээр нийтлэл унших эсвэл видео үздэг. Хамгийн харамсалтай нь бидний ихэнх нь хэдэн цагаар ч хамаагүй тэр дэлгэцийг харж хэвтэнэ, ингэхдээ энэ дадал ямар аюултай болохыг гадарлах ч үгүй. Шөнийн цагаар ухаалаг гар утас хэрэглэх тохиолдолд ямар үр дагаварт хүргэж болохыг тодорхойлохын тулд олон туршилт, судалгаа хийжээ. Эдгээр судалгааны нэг нь хүний эрүүл мэндтэй холбоотой, судалгааны үр дүн сөрөг гарсан нь ойлгомжтой болов уу. Ухаалаг гар утаснаас гэрэлтэх цэнхэр гэрэл нь эрүүл мэндэд маш хортой ажээ. Энэ төрлийн гэрэл хүний нүдэнд маш хортой.

Шөнийн цагаар ухаалаг гар утас хэрэглэснээр эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

Нойрны дэглэм алдагдах

Цэнхэр гэрэл нь хүний нойрны дэглэмийг хангах мелатонин гормоны ялгаруулалтанд муугаар нөлөөлнө. Хэрвээ бие махбодид нойр дутагдвал эрүүл мэндийн маш олон асуудлууд бий болно. Эдгээрээс дурдвал:

  • Илүүдэл жин
  • Архаг ядаргаа
  • Зүрх-судасны өвчлөл
  • Анхаарал төвлөрөл муудах, ой санамж муудах
  • Гадаад өнгө үзэмж алдах  
  • Хараагүй болох

 Шөнийн цагаар цэнхэр гэрэл удаан цагаар тогтмол харвал нүдний торлог гэмтэж нүдэнд шар толбо үүсэхэд хүргэнэ. Энэ нь хараагүй болгох ч аюултай.

 Хорт хавдар

 Шөнийн цагаарх хурц гэрэл нь нойрны дэглэм алдагдуулаад зогсохгүй хорт хавдрын эх сурвалж болно, тэр дундаа хөхний болон түрүү булчирхайн хорт хавдрын шалтгаан болдог байна. Мелатонин нь хорт хавдартай тэмцэх байгалийн хүчтэй бодис гэгддэг, харин бид цэнхэр гэрлээр мелатонины ялгаруулалтыг гэмтээдэг. Нэг удаа цэнхэр дэлгэц харж удаан хэвтсэн байхад өвчлөлийн эх сурвалж болно, цаашлаад тогтмол хэрэглэж эхэлбэл аливаа өвчин архаг хэлбэртээ шилжихэд нөлөөлөх ажээ. Яаралтай эсвэл зайлшгүй шаардлагатай үед шөнийн цагаар гар утсаа харах хэрэгтэй, хамгийн гол нь харах хугацааг багасгаж, гэрлийг бууруулах эсвэл шөнийн горим дээр ашиглах ёстойг анхаарна уу.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page