МЭДЭЭЛЭЛ ЗЭВСГИЙН ЭРИН

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Хүн төрөлхтөн түүх намтраа бичихдээ нийгэмшлээрээ бас багаж зэвсгээрээ хэмжин тодорхойлсоор иржээ. Анхны баримжаа нь хүй нэгдлийн гэсэн тодорхойлолтоор эхэлдэг. Хүйгээрээ хамтран аж төрж байсан үеийн буюу нийгэмшлээрээ тодорхойлсон хэрэг. Дараа нь боол эзэмшлийн нийгэм гэж хүйгээрээ аж төрж байсан үед хүч чадал, оюун ухааныхаа давуу талаар нэг бус хүн тодорч бусдыгаа дагуулах эсвэл захирах хандлагад орж тэгээд өөрөөс нь дутуучуудыг боолчлон захирах хандлагад орсон. Тэр нь даамжирсаар хүч чадал, ухаан бодлоос гадна хуримтлуулсан эд баялгаараа ч ялгарч хамжилгат буюу өрнөдийн ойлголтоор феодалын нийгэм буй болгон газрын эзэн гэдэг шинэ онцлог буй болсон тэр феодал хүн бол эд хогшил, мал, мөнгө, газар нутаг зэрэг баялаг эзэмшиж тэр хэрээрээ тийм юмгүйчүүдийг ноёрхон захирдаг болсон. Тэр хөрөнгөө улам зузааруулж улмаар үйлдвэр, барилга, зам тээврийн хэрэгсэл мэттэй болж хөрөнгөтөн гарч тэр нь нийгэмд давамгайлах нөлөөтэй цөөнх болж бас давамгайлах эрхтэй нийгэмшил буюу капитализм хэмээгдэх болсон. Капитал хэмээх хөрөнгө эзэмшигчид, үгээгүүчүүд хоёрын тэнцвэргүй байдал гүнзгийрсэн үед олонхи нь болсон пролетари нарын дургүйцэл даамжирч хувьсгал гарган нийгмийг өөрчлөн нийгэм журам улмаар эв хамтын нийгэм байгуулах гэсэн оролдлого бүхэл бүтэн зуун дамжин өрнөсөн боловч эцсийн дүнд хүрч чадсангүй явсаар хорин нэгдүгээр зуунтай золголоо. Энэ бүхэн нь нийгэмшлээрээ түүх намтраа ангилан нэрлэх хандлагын илрэл юм. Харин хөдөлмөрлөх, бүтээх багаж зэвсгийн талаасаа бол чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үе, уурын болон цахилгаан хөдөлгүүрийн үе гэхчлэн мөн үечлэн нэрлэсээр хорьдугаар зуунд ороод цахилгаан зэвсгийг цахимжуулах аянд нэгджээ. Тэрнээс үүдээд хорин нэгдүгээр зууныг “мэдээллийн зуун” гэж нэрлэх хандлага их хүчтэй болж тэр нь ч үнэний талтай жил ирэх тусам нотлогдсоор байна. “Информационная цивилизация” буюу information civilization бол үнэндээ гэнэт энэхүү зуунд гараад ирсэн зүйл биш юм. Хүн төрөлхтөн “насан туршдаа” мэдээлэл хуримтлуулсаар ирсний үр дүн бөгөөд өнөө үед л өндөрлөгтөө хүрч байгаа үзэгдэл болой. Мэдээллийн соёл иргэншил наад зах нь зургаан үе шат дамжиж, магадгүй хэдэн сая жилээр тоологдох урт настай болж яваа ололт юм. Ололт гэсэн нь хүн төрөлхтөнтэй холбоотой юм. Харин амьд байгаль, ан амьтан, ургамал ногоо бол мэдээлэлжихдээ харьцангуй зогсонги байдалтай ажгуу. Хүн төрөлхтөн мэдэээлэлжүүлэгдсэнээрээ асар хурдан, асар хүчтэй хөгжин өөрчлөгдсөөр буй гоц үзэгдэл (феномен) юм. Хүн анхандаа мал, адгуус шиг ердөө л мэдрэхүйн эрхтэнгүүдээрээ мэдээлэлжиж байсан. Өөрөөр хэлбэл нүд, чих, хамар, ам, арьсаараа л өнгө зүс, дуу чимээ, үнэр,амт, хатуу зөөлнийг мэдэрч тэр талаар мэдээлэлждэг байсан нь мэдээлэлжих анхны үе шат юм. Хоёрдахь үе шат нь гэвэл хэл яриатай болсон цагаас эхэлсэн хэрэг. Хэлээр, яриагаар мэдээлэлжих үеэсээ л хүн нь адгуус амьтнаас ялгарч дээшээгээ цойлж эхэлжээ. Нөгөөх нүд, чих, хамар, арьсаараа мэдэрсэн зүйлээ амаараа тодорхойлдог болсон тул сайхан, муухай, өнгөтэй, өнгөгүй, хатуу, зөөлөн гэхчилэн үгсээр ярьдаг болж тэдгээр үгүүд нь мэдээлэл тээгч болон хувирсан тул амттай гэвэл шууд аваад л идэх, гашуун гэвэл амандаа хүргэхгүй байх гэхчилэн мэдээлэл нь бас хүний үйлдлийг заагч болон хувирсан. Ийнхүү хүн төрөлхтний мэдээллээр соёлжих хамгийн үр нөлөөтэй арга хэрэглүүр нь хэл, яриа болсноос хойш энэ чиглэлд “үсрэлт” гарчээ. Гуравдахь үе шат нь мэдээллийн хуримтлалд бүүр ч онцгой нөлөөлсөн байна. Үүнийг “бичиг үсгээр мэдээлэлжихүй“ гэж нэрлэж бүрэн болно. Хүн бичиг үсэг зохиосноор мэдээлэл дамжуулах, хуримтлуулах, үеэс үед өвлүүлэх аугаа их хүчин чадалтан болсон юм. Дөрөвдөх үе шат нь номоор мэдээлэлжүүлэх арга болсноороо нэг мэдээллийг олон хувь болгон түгээх, мэдээллийг (мэдлэгийг) мөнхжүүлэх чадвартай болсон хэрэг. Тэрхүү ном гэгч нь мэдээлэл багтаамжаар маш давуу талтай бөгөөд “номын сан” гэдэг хадгаламжийн бас үйлчилгээний газар буй болж улам ч баталгаатай, хүртээмжтэй “мэдээллийн банк” үүсчээ. Тавдахь үе шат нь долгионоор мэдээлэл түгээх арга бөгөөд анхдагч нь 1885 оноос буй болсон радио (radio-латинаар цацраг, цацна гэсэн утгатай) юм. Түүний тусламжтайгаар холын зайнд үг, яриаг түгээн дуу авиа дамжуулах ухаанаа тэлж дүрстэй мэдээлэл түгээх телевиз зохион бүтээснээр маш том үсрэлт хийсэн байна. Алсаас харах гэдэг утгаар нэрлэгдсэн энэхүү ололт 1936 оноос амьдралд нэвтэрч улмаар хар цагаанаас өнгөт дүрстэй бичлэг нэвтрүүлэх хүртлээ хөгжиж бүх дэлхийг бүхэлд нь “эзэгнэсэн” маш хүчирхэг, түгээмэл “мэдээлэгч” болон хувирсан тул “зурагт” (телевизор) гэдэг хэрэгсэлгүй айл өрх, үйлдвэр, албан газар, хэвлэлийн газар дэлхийн хаа ч байхгүй тийм өргөн хэрэгцээний мэдээллийн эх сурвалж гэгдэх болжээ. Нэг ёсондоо дэлхий дахиныг буюу нийт хүн төрөлхтнийг буун дуугүйгээр “байлдан дагуулагч” төржээ гэсэн үг юм. Зургаадахь үе шат нь цахим хэрэгслээр мэдээлэлжүүлэх эрин юм. Хорьдугаар зууны сүүлч хорин нэгдүгээр зууны хүн төрөлхтөн бичил явцын (Микропроцессор) технологийг зохион эзэмшсэнээр “мэдээллийн нийгэмлэг” төлөвшин тогтож улмаар” мэдээлэлжсэн хүн төрөлхтөн” гэдэг зэргэмжинд дэвших эрин эхэлсэн гэлтэй. Цахим хэрэгсэл “компьютер” албан газрын хүрээнээс хальж “хувийн компьютер” түгэн дэлгэрч айл өрхөд байтугай амь хүний цүнхэнд тэрхүү цахим хэрэглүүр орогнох болтлоо түмний хүртээл болоод байна. “Микропроцессор” буюу бичил цахим хэрэглүүрийн ачаар бүх төрлийн машин, техник багаж, төхөөрөмжийн хийц нарийсч, хэмжээ нь жижгэрч, программчлагдсан “мэдээллийн хөнгөн, хүнд үйлдвэр” буй болсоор байна. Үүний үрээр материаллаг үйлдвэрлэл биш мэдээллэг үйлдвэр цойлон гарч “мэдээлэл багтаамж сайтай” бүтээгдэхүүний эрин эхэлсэн байна. Ямарваа үйл явц, үйлдвэрлэл, хөгжил нь нөөц дутах, нөөц илүүдэх, нөөцийн хямралд орох тохиолдлоос ангид байхад хэцүү хүндийн зовлон, жаргал нь “мэдээллийн соёл иргэншилд” ч хамааралтай ажээ. Нэг талаас “мэдээллийн цатгалдал” нөгөө талаас “мэдээллийн өлсгөлөнд” өртсөн бүхэн голдуу хоцрогдож, бүтээгдэхүүн нь гүйхгүйгээс эхлээд гарзтай үр дагавараас салахад хүнд болох юм. Мэдээллийн баялаг бол олох, арвижуулах, хадгалах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааг шаардах улмаар гүйлгээнд оруулах, шинэчлэх юмуу шинэ мэдээлэл дэвшүүлэх гэхчилэн олон шат бүхий бүтээлч, чөлөөт ажиллагаа хэрэгжүүлсний ачаар үр дүнд хүргэх учиртай. Тэр бүхэнд цахим техник, түүний сүлжээ, цар хүрээг тэлэх хэрэгцээ гарахаар барахгүй мэдээллийн хойноос хөөцөлдөх, мэдээллийн хорлолоос (хакер гэх мэт) хамгаалах, нууцыг хадгалах зэрэг шаардлагыг ч хангах нь чухал юм. Цахим мэдээлэлжүүлэлтээр олон түмэнд, хувь хүнд нөлөөлөхөд интернет, вэбсайтаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зурагт, радио, сонин, сэтгүүлийн ач холбогдол асар өндөр юм. Хазгай ташаа мэдээлэл түгээх аюулыг эдгээр хэрэгслүүдийг барьж байгаа хүмүүс улс төрийн болон ашиг сонирхолын эсвэл дарамтын балгаар цацаж, түгээж мэдэх сул талаасаа чөлөөлөгдөх ёстой. Мэдээлэл улам бүр даяаршиж байгаа нөхцөлд мэдээллийн үнэн зөв, баримттай, шударга байх эсэхээс зөвхөн нэг улс орон ч биш нийт тив дэлхийнхэнд гай тарьж будлиан самуун тэр ч байтугай дайн дэгдээж мэдэх эмзэг бөгөөд осолтой үр дагаварт хүргэж болзошгүй гэдгийг ч гэсэн зөвхөн сэтгүүлчээр барахгүй улстөрчид онцгой анхаардаг байх учиртай. Мэдээллийн эринд мэдээлэл бүхэн үнэтэй, бас өгөөжтэй, өөрөөр хэлбэл аливаа чанар сайтай мэдээлэл дэлхийн хаана ч үйлдвэрлэл болон хувирч чадах юм. “Мэдээллийн эдийн засаг” гэж яригдаж эхлээд байгаа нь ч үүнийг хэлж буй хэрэг юм. Мэдээлэлжсэн соёл иргэншилтэй болоход юуны урьд “мэдээлэл”(информация) гэдэг ойлголтыг “мэдээлэл зүй” (информатика) гэж яг л “математика” (тоо зүй ) гэдэг шигээ л шинжлэх ухааны үндэстэй ухаарах ёстой. Тийм сурах бичгээр ч хүүхэд багачуудаа гэгээрүүлэх учиртай. Иймийн тулд “мэдээлэл шинжилгээ” (информациология) эзэмшсэн эрдэмтэдээ бэлтгэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манайд “мэдээлэл шинжилгээ”-ний доктор цолтон үгүйлэгдсээр байна. Энэ бүхэнд мэдлэг, ойлголт гүнзгийрсэн нөхцөлд иргэдийг “мэдээлэгжсэн” (информированность) хүмүүс байхад нь идэвхтэй тус хүргэж чадна. Материаллаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд наад зах нь инновация дизайн (галбиржуулалт) маркетинг (гүйлгээжилт) гэхчилэн чиглэлээр мэдээлэгжсэн байх аваас бүтээгдэхүүний үнэ, гүйлгээг өндөрт өргөж чадсан юм. Өнгөрсөн эрин зуунуудад хаад ноёд, цэргийн зүтгэлтнүүд аливаа улсын төрийн жолоонд сууж байсан ч гэсэн тэдний алинаас нь ч хараат бусаар засагласаар ирсэн амьгүй мөртлөө амьтай болгоныг захирдаг нэг нэг “эзэнтэн” байсан. Тухайлбал:19 дүээр зуунд “металл”, хорьдугаар зуунд “нефть” бүрэн эрхтэйгээр хүмүүсийг “атгандаа” авч байсан бол одоогийн 21 дүгээр зуунд тэр хаан ширээг “ус” эзэлж эхэллээ. Ирэх хорин хоёрдугаар зуунд “газар” тэр газрын тосны хаанчлалын эзэн болно. Дэлхийн дайн гарах шалтаг ч “ус”, “газар” болж мэднэ. “Нефть” яаж дайны өдөөгч болж байсан одоо ч болсоор байгааг хүмүүс бэлхэнээ мэдэж байгаа бизээ. Ийм мэдээлэл хэнийг ч цочоохгүй байж мэднэ. Тиймээс амирлангуй, бүүр тоомсоргүй хандагчид өөрснөө л хохирдогийг саяхан Ирак дараа нь Ливид ер нь Арабын орнуудад дэгдсэн “Дотоодын” нэртэй “гадаадын дайн” харуулсан байна. Монгол ч гэсэндээ, газрынхаа хөрсөн доорх тосоор гадагш нэвчиж байдаг хэрнээ “шатахуун” дутагдаж бусдаас хараат байгаагаа саяхнаас гадарлах болж байна. Хүн хэлээд гадарлуулж чадаагүй юмыг гэв гэнэт хэдэн зуун мянгаараа олширсон “төмөр сүрэг” нь (зөвхөн нийслэлд л 150-200 мянган хөнгөн тэрэг зам нь нарийдаж, зогсоол нь гачигдаж байгаа) сая нэг ойлгуулж эхлэв бололтой. Газрын тосноос өөр “ундаагаар” ажилладаг уурын тэрэгтэй орнууд (Бразиль мэт) байсаар атал энэ талаар мэдээлэлгүй эсвэл мэдээллийн мөн чанарт нэвтрээгүй “хөнгөн тэрэгний хүнд сурталт эзэнтэнгүүд” мэдээллийн өлсөглөнд автсан маягтай байж ядацгаахыг ч хүмүүс мэдэрсээр байна. “Эмээлгүй хүн өдрийн гуйлгачин, Эхнэргүй эр шөнийн гуйлгачин” гэж Монгол ардын номлол үг байдаг билээ. Мэдээллийг олж авахад амархан ч мэдээллийг хэрэгжүүлж юм болгоход санаачилга зүтгэл шаардах хүндрэл гардаг нь илэрхий. Мэдээллийн зуунд мэдээллийг юм болгоход идэвхжилгүй сурваас цахим сан нь дүүрэн ч гэсэн цалин олоход тус болохгүйд хүрэх нь маргаангүй. Мэдээллийн соёл иргэншлийг төлөвшүүлэх нь төрийн бодлогын гол цөм байх ёстой. Мэдээллийг ажил болгохгүй бол доёорно. “Усны” эрхшээлд автагдахнээ гэсэн мэдээлэлтэй аливаа улс орны төр, засгийн удирдлага, жишээлбэл: манайх гэхэд л төрийн бодлогоо үүнд тал бүрээр чиглүүлэх учиртай. “Ус” үйлдвэрлэж чаддаггүй нөхцөлд байгаа усаа хэрхэн гамтай, хяналттай ашиглах вэ гэдэгт ухаан зарах онц шаардлага, хуульчлал тогтооход “тархиа гашилгах” талаар цаг алдахгүйг хичээх ядаж л ойрын болоод холын цогцолбор хөтөлбөрөөрөө уг асуудлыг нарийвчлан тусгахыг бодох ёстой. Манайх усаар баярхах орон бишийн улмаас энэ асуудал хэдийнэ тулгамдсан бүүр хоолой дээр шахалт үзүүлж буй зүйл юм. Гэтэл хоёрын зэрэг 20 жилийн гэх хөтөлбөр маань “усаар гачигдсан” нь гайхмаар. Манай “хотол олны эм болсон горхи булаг рашаанууд” маань хэдэн зуун мянгаараа сүүлийн жилүүдэд хатаж ширгэлээ. Бас хэдэн зуу мянгаараа бидний өөрсдийн буруугаар бохирдсоор байна. Монголдоо байтугай дэлхийд ч цэнгэг усаараа цөөхөнд орох Хөвсгөл нуур маань бохирдол, бас живсан машин тэрэгний хог новшоор бузарлагдсаар байтал дээр нь улам нэрмээс болгохоор Бүрэн хааны фосфорын (сүүмэгтэсийн) ордыг ухаж төнхөхөөр ханцуй шамалсаар байна. Казахстанд Жесказганы сүүмэгтэсийн ил уурхай нээж ухсанаас болоод тоосонцор нь тэр их хээр талын ургамал дээр бууж үлдээд түүнийг нь идсэн үхэр малын туруу, эвэр мултарч унан аюул болсон мэдээллийг хэдэн жилийн тэртээгээс хүмүүс сонсож мэдсэн (Би ч бичиж байсан) баймаар атал цорын ганц хөх уст нуурынхаа хөвөөнд тэр аюулыг дэгдээхийг “нүд анин” зөвшөөрдөг бол тийм “тэнэглэл”-ийн бол үндэстний гай таригсад мөн. Энэчлэнгээр алтын халууралд автсан хүмүүс цианат натраас эхлээд мөнгөн ус гэхчилэн хороор ус голуудыг маань бузарласаар хорь гаруй жил өнгөрөхөд ямар ч эх оронч удирдагч “хуурай өлсгөлөн” зарласангүй харин “урт нэртэй” гэж хочлогдсон тогтоол гаргасан нь сайшаалтай боловч түүнийг хэрэгжүүлэхэд тун их хүндрэл, бэрхшээл учруулагсад гэм зэмгүй хөндөлдсөөр байна. Аливаа хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд эмчийн үзлэгт байнга орж онош тавиулдаг бол эх орноо, түүний эздээ эрүүл байлгахын тулд “усны үзлэг” байнга зохион байгуулж арга хэмжээ авч байх үүрэг төр засагт үүрүүлсэн байх нь ёстой. Манайд эх орондоо тогтдоггүй хэдхэн гол (Туул, Онон, Орхон, Булган гэхчилэн) бий. Гадаад далайд юүлэгддэг тэр хэдэн голоосоо “шанагаар ч билээ хутгаж авч үлддэг байхсан. Энэ талаар харин Хэрлэн, Орхоны уснаас говь руу илүүчлэх санаачлага гаргасан сайхан сэтгэлт, холын хараат залуус гарсан. Гэвч тэдэнд дороос биш дээрээс, дэмжлэг, өөгшүүлгэ мөн л аанайхан дутсаар л байна. Манайхтай зүйрлэшгүй хуурайшилттай Йемен улс хүртэл хадан хясаануудын амыг хаалт ханаар боож хааяа ордог борооны усыг тосч авч ус сэлбэдэг тухайд хэдэн жилийн тэртээд мэдээлж байсан. Бас Африкт “усны бүрхээр” (манай тогоо нэрдэг бүрхээр шиг) зохион бүтээж агаараас ус “нэрдэг” арга ч гарсан. Тийм мэдээллийг анзаарах нь байтугай сонирхдог ч үгүй түшмэдүүдийг өөрсдийгөө төлөөлүүлж буй ард зон маань ч бас хөөрхийлөлтэй. Нөгөөтэйгүүр хэдхэн жилийн цаахныг ядаж саравчлаад хардаг улстөрч бол мөдхөн тохиох “газрын гачаал” дэлхийд заналхийлж эхэлснийг мэдрэхсэн. Харин газрын тухайд бол манай Монгол дэлхийд дээгүүр баян улс. Нэг хавтгай дөрвөлжин километрт хоёрхон иргэн маань эзэгнэн суухаар их хэмжээний газар нутагтай, тэрэндээ эзэн болохын оронд эзгүйрүүлж нэгэн хонхорт хүн амын талыг бөөгнөрүүлээд, сүүлийн хориод жилд тэр их баялгаа сэглээгүй, сэглүүлээгүй аймаг, “лиценз” гэдэг гадаад нэртэй алгын чинээ цаасаар голдуу харийнханд худалдаагүй аймаг гэж үгүй болжээ. Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалах манаанд зогсдог ардын армийнхаа бие бүрэлдэхүүнээс хэд дахин илүү тооны “нинжа” гэдэг сайн дурын партизануудын арми буй болж алтан халуурлаар өвчлөн газар орноо сэглэсээр хорин жил болоход ч өмнийн говийг (Богд уулаас урагших нутгийг) орчин үеийн ган төмөр шүдтэй “арслан заан” гэмээр техникээр өдөр шөнөгүй зулгаалган тавиас, зуун тонны даацтай арав, хорин метр урт даацтай тэрэгнүүдээр зогсоо зайгүй зөөсөөр байхад ч түүнээс олсон хувийн ашиг хонжоондоо “цадсан” түшмэдүүд “хэхэрсээр” хишиг горьдсон ядуус “эвшээсээр” олон жил өнгөрлөө. “Лиценздээд” цадаагүй нь түрээслэх хэлбэрээр газар нутгаа гадаадынхны мэдэлд хоёр гардан барьсаар, тэд нь Халх голоос эхлээд домогт Тамсаг булгийг дайруулаад Сулин хээрээр дамжаад Байтаг Богдыг хүртэл өргөн уудам нутагт хамгаалж “Цусан гавьяа” байгуулж явсан өвөг дээдсийн маань цөөнгүй нь амьд сэрүүн яваа өнөө үед л ийм явдал болж, болгож “өмнийн шаргал говь” саарал тоосны голомт” болоод зогсоогүй хөрсөн дор нь өмнөх хэдэн зууны тэртээгээс хадгалагдаж үлдсэн хүн зоны түүх соёлын дурсгалт зүйлс байтугай үлэмж биет үлэг гүрвэлийн араг яс хүртэл онгилогдон хил давах нь давж, эвдэрч үйрэх нь үйрээд байхад “өмөөрөх” дуу хоолой, хориглох хууль тогтоомж гарах сураггүй хориод жил өнгөрлөө. Түүх соёлын өв дурсгалыг гадагш нь гаргахгүй байх, нэгэнт гарчихсаныг нь эх оронд нь эргүүлэх (эх оронд нь буцааж авах) репатриацын хуультай болооч гэж миний бие удаа дараагийн боловсрол, соёл шинжлэх ухааны сайдууд дээр очиж санал тавьж заримд нь сэдэв бичиж өгч байсан нэг сайд нь саяхан Америкт дуудлагаар зарагдаж эхэлсэн үлэг гүрвэлийн ясыг Монголынх гэдгийг тогтоохоор ажлын хэсгийн ахлагч Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд томилогдон явж байх юм. Газар нутгаа эзгүйрүүлэх нь бусдад алдахын эхлэл юм. “Газар” бол ирэх зууны “хэрүүлийн алим” гэдэг мэдээллийг одоо л ухаарахгүй бол хождол болно. Мэдээллийн зуунд мэдээлэл бол түшмэдүүд ухааран бодож, үйл ажиллагаа, төрийн бодлогодоо тусгах, хувь хүн ч гэсэн сэхээрэх, гэгээрэх шаардлагатай зүйл гэдэг бол улиглалтгүй тодорхой асуудал юм шүү. Мэдээлэл зэвсгийн эрин хэдийнэ эхэлчихээд байна шүү!

 

Л.Түдэв

Дугаар 337/3

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
varane(43.242.243.165) 2018 оны 02 сарын 12

Хэлэх үг алга. Түдэв агуй нь урт наслаарай ТА ШИГ ХҮН МОНГОЛД МИНЬ маш их хэрэгтэй шүү. Таны үг бол алт. Баярлалаа.

0  |  0
Top