Цагаан сар ба бэл бэнчин

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

           

Өнөө маргаашгүй цагаан сар эхэлчих гээд айл болгоны хүн бүр хөдөлгөөнд оржээ. Үүр цүүрээр мод түлээгээ бэлтгээд л, тооноор  нь цонхоор нь гэрэл улалзаж, салхины дээрээс чанаж буй боов боорцог ууц, өвчүүний үнэр  ханхлаад л... Өглөөний эхний автобусаар зорчигчдын тэн хагас нь цагаан сарын бэлтгэлээ базаахаар гарсан гэлтэй харагдана. Хамар хашааны аххүү хүртэл даавуун уут чамбай нь аргагүй эвхээд барьчихсан чихэлдэж явна. Гэрээсээ жорлон хүртэл явахдаа төвөгшөөдөг хүн сар шинийн баярт ингэж анхаарч байхыг бодоход өнөө жилийн баяр өргөн болох нь дамжиггүй. Өндөр настай ээжтэй, ээжид нь жил бүрийн шинийн нэгэнд улс төрийн хамгийн хүндтэй нэгэн ирж золгодгоос ч тэгж их хөл хөөрцөг болдог ч байх. Манайх сар шинэ гээд сүйд болох биш. Дүү нар ирж золгоно. Тэгс гээд л болно. Гэхдээ л хөөрхөн ажил орно. Бага шиг хонины ууц, тавгийн идээ, жаал жуул бэлэг сэлтний зүйл... гээд авна, авна.

Энэ жил гэхдээ өндөр үнэтэй идээ будаагаар зоогийн ширээгээ чимгэлсэн  цагаан сар болох гэж буйгаараа онцлог юм даг уу. Сарын өмнөхөн шатахууны үнэ нэмэгдэх нь энэ тэр гэхээр нь “цагаан сараар тэр муугаар тавгийн идээ засах юм биш...” гээд тоохгүй байсан минь алдаа байж. Зарим хашир айлын эзэгтэй “шатахууны үнэ нэмнэ, нэмэхгүй...” гэж шуугиж байх үеэр сар шинийхээ идээ будааг зэхээд авсан нь оносон гэлтэй. Одоо тэгэхэд хар! Архины үнэ гэхэд 200 төгрөгнөөс дээш нэмэгдчихсэн тууж явна.  Эрчүүд бид ганцхан энэ хүнсний зүйлээр бусдынх нь үнийн өсөж буурсан багцааг мэдээд авчихдагаараа онцлогтой л доо. Бусад нь тэгэхээр гарцаагүй энэ багцаанд өссөн л байж таараа. “Муу” шатахуун тэгэхээр их хорлонтой тос болж таарч байгаа юм. Бүр хүнсний үнэнд нөлөөлчихөж байна. “Шатахууны үнэ өсөхгүй, 36 хоногийн нөөц бий...” гээд дарга сайд нар хэлээд байхад л зэрэгцээд нэмэгдчихсэн байгаа юм.

Сар шинэ дөхөхөөр ууц, хэвийн боов, шатахуун гурвын үнийг түмэн олон байтугай, Төр барьж байсан түүхгүй л дээ. Энэ үнээрээ нэг жилдээ дархлагдана. Юмны үнэ ингэж өсөөд байхад хүмүүс харин ч нэг их тоохгүй л дээ. Өглөөжин, өдөржин банкинд дараалж байгаад багсайтал зээл авах нь аваад, гараад шогшчихно. Гэр хороолол, хот хөдөө ялгаа байхгүй. Гудамжинд ууц дамжилсан, хайрцаг савтай хэвийн боов тэвэрсэн хүмүүстэй таарах бол энүүхэнд... Тэдний зарим нь хэн нэгнийхээсээ туусан байхыг ч  үгүйсгэх аргагүй. Гэр хорооллын арван айл тутмын нэг нь сар шинийхээ ууцыг алдаж байдаг гэсэн албан бус тооцоо байдаг юм чинь. Тэр байтугай гудамжинд гэр барьчихаад, өдөр нь ууц чанаж байснаа шөнө нь гэнэт нүүгээд алга болчихдог овтой хулгайч нар ч бий.

Ууц боорцогноос гадна бидний олон Монголчуудын өөр нэг санаа зовоох зүйл бол сар шинийн гоёл. Төрийн өндөр тэргүүн түшмэлүүдээсээ эхлээд эгэл борчууд нь танигдахын аргагүй болтлоо гоёно. Үнэтэй хөөрөг гаансаа авдрынхаа мухраас олоод өвөрлөчихнө. Тэрбумтанууд ч өмсөж үзээгүй шахам булга суусраар жирийн малчин ч гангарчихна. Ер нь цагаан сараар Монголчуудын хөрөнгийг нийлүүлж тооцоолоод гаргаад ирж болохоор... Багцаагаар тооцоод үзье л дээ, дунджаар нэг хүн 200 мянгын үнэтэй малгай, 300 мянгын үнэтэй дээл, мөн төдий чинээ үнэтэй гутлаар гангарна. 500 мянгаас доошгүй үнэтэй хөөрөг барина, даалин нь дор хаяж 100 мянга... гээд бод доо. Энэ зүгээр л жирийн иргэний эдлэл хэрэглэл шүү. Тийм улсууд нээрээ шатахууны үнэ өсөхөд юундаа ч санаа зовох билээ... гэмээр. Тэгээд үнэтэй гоё машинууд... Хөдөөд бол эмээл хазаарынх нь үнэ л 20 саяаас дээш яригдсаар 500 саяын тийш талийж одно. Монголчууд ийм баян. Гэхдээ бүгд өртэй.

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkk(202.179.31.242) 2018 оны 02 сарын 14

Фельетон гэчихжээ бас

0  |  0
Бат(202.9.42.136) 2018 оны 02 сарын 13

Цагаан сарыг монголчууд олон жил тэмдэглэхдээ заншил бэлэгдлээр л тэмдэглэж ирсэн одооных шиг элбэг дэлбэг байгаагүй ээ

0  |  0
Top