Э.Бөхбат: Орон нутгийн замд цагдаа байхгүй гэж төсөөлөн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр сар шинийн өдрүүдээр хэрхэн ажиллах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

-Өнгөрсөн жилийн Сар шинийн үеэр зам тээврийн осолд хичнээн хүн өртсөн бол. Ер нь ямар шалтгааны улмаас осол гардаг бол?

-Өнгөрсөн 2017 оны Сap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн байна. Эдгээр бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа. Харин 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна.Нийслэлд гарсан осол нь хажуу хоорондын зай баримтлаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс үйлдэгдэж байгаа.Түүнчлэн 65 орчим хувь нь эгнээ байр өөрчлөх журам зөрчсөний улмаас тус тус бүртгэгдсэн байгаа тул хөдөлгөөнд оролцох үедээ дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхааруулъя.

-Сар шинийн өдрүүдэд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн нийт 760 алба хаагч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.

-Жолооч нарт анхааруулж юу хэлэх вэ?

-Хэдийгээр цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулан хүч нэмэгдүүлэн ажиллах боловч жолооч нэг бүрийн сахилга, хариуцлага, дүрэм хөдөлгөөнд оролцох байдал чухал нөлөөтэй.Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагагүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт механик ачаалал, түгжрэл саатал үүсдэг. Мөн Улаанбаатар хотын бусад замын нэвтрүүлэх чадварыг бууруулахад нөлөөлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирч зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа. Тиймээс жолооч нар соёлтой хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

-Орон нутгийн нийтийн тээврийг хэрхэн хянаж ажиллах вэ. Ер сар шинийн өдрүүдээр орон нутагт цаг агаарын нөхцөл байдал ямархуу байх бол?

-Бага оврийн нийтийн тээврийн хэрэгсэл хулгайн замаар явах асуудал их гардаг. Тиймээс иргэдийг нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг сонгохыг зөвлөж байна. Орон нутгийн замд жолооч нар цагдаа байхгүй хэмээн төсөөлж согтууруулах ундаа хэрэглэж, хурдаа хэтрүүлж зөрчил гаргадаг. Тиймээс ЗЦГ-аас 13 пост 24 цагийн турш шалгалт явуулж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулна.

-Орон нутгийн замд хийсэн шалгалтын тухайд?

Хоёр цагийн турш суурингаас гаднах замд хурд хэмжихэд нэгж хугацаанд 168 тээврийн хэрэгсэл өнгөрөхөд 90 тээврийн хэрэгсэл 60-80 хувь нь хурд хэтрүүлсэн байна. Үүнээс болж зам тээврийн осол гардаг.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top