Кёкүшюзан Д.Батбаярын зарласан хайрын шүлгийг уралдааныг Ц.Бавуудорж тэргүүтэн найрагчид шүүнэ

Кёкүшюзан Д.Батбаяр энэ сарын эхээр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан ханьдаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаан нь нилээн өргөн цар хүрээтэй болж байна. Уралдааны шүүгчдээр нэрт зохиолч, яруу найрагч Р.Эмүжин, Ц.Бавуудорж, Н.Гантулга, МУ-ын СГЗ Г.Эрхэмбаяр  нар ажиллахаар болсон талаарх таатай мэдээлэл ч хөвөрч эхэллээ. Шүүгчдийн зүгээс "Нийгэм, сошиал орчинд хар бараан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд ихээр хөврөх болсон энэ цаг үед ийм гэгээлэг, хүний сэтгэлийн утсыг хөндсөн үйл явдал тохиож байгаад баяртай байна. Тиймээс ч энэхүү уралдааны шүүгчдээр ажиллах болсон" гэдгээ онцлоод уралдааны шалгаруулалт ирэх сарын 7 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө болохоор болсоныг дуулгав. Учир нь мянга, мянган хүн ханьдаа, хайртдаа зориулсан шүлгээ илгээгээд байгаа аж. Харин Кёкүшюзан Д.Батбаярын тухайд санамсаргүй байдлаар ханьдаа зориулж дөрвөн мөрт тэрэлсэн нь ийнхүү хайрын шүлгээ давалгаа үүсгээд байна.  

Уралдааны шалгаруулалтын талаар Кёкүшюзан Д.Батбаяр шүүгчдийн хамтаар өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр  “Би гэр бүлийнхээ хамтаар Японы Окинава аралд амрах үеэрээ өөрийн фэйсбүүк хуудаснаа

“Окинава далай сайхан байсан ч

Онгон нутгийг минь яаж гүйцэх билээ

Баясгалант бүсгүйчүүд олон боловч

Баясаа минь наддаа сайхан”
гэсэн мөртийн хамтаар зургаа оруулсан. Би энэ хэдэн мөрт шүлгээ олны дунд ийм том давалгаа үүсгэнэ гэж бодоогүй. Гэтэл энэ шүлэг маань олны анхаарлыг ихээхэн татаж магтаал, шүүмжлэл аль алийг нь ихээр хүртлээ. Тиймээс би фэйсбүүкт хайрын шүлгийн уралдааныг зарлахаар болсон. Уг шүлгийн уралдаанд хүмүүс төсөөлж байснаас минь идэвхтэй оролцож байна. Фэйсбүүк ашигладаггүй хүмүүс ч уг шүлгийн уралдаанд оролцож байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй шүлгийг ирүүлсэн байна. Шилдэг шүлгийг би өөрөө шалгаруулчихъя гэж бодсон ч маш олон шүлэг ирсэн учраас мэргэжлийн шүүгчдээр шүүлгүүлж шалгаруулахаар боллоо. Мөн хүмүүс хүч хөдөлмөрөө  ихээхэн зарцуулж бичиж буй учир би бусдын хөдөлмөрийг шударгаар мэргэжлийн түвшинд шүүх ёстой гэж үзсэн учраас шалгаруулах үйл явцад яруу найрагчидтай хамтран ажиллахаар болсон юм. Уралдаанд шүлгээ ирүүлсэн нийт оролцогчдодоо баярлалаа” гэлээ.


Энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.


Д.Батбаяр: Уралдаанд түрүүлсэн шилдэг шүлгээр дуу хийнэ


-Шүлгийн уралдаанд зөвхөн фэйсбүүк хэрэглэгчид бус Монголын өнцөг булан бүрээс хүмүүс бүтээлээ ирүүлж байгаа гэж сонссон?

-Манай найзууд Увс аймгийн нэг суманд очиход нэгэн ах “Ах нь шүлэг бичсэн юм. Шүлгээ явуулах гэсэн чаддаггүй. Та бүхэнд фэйсбүүк хаяг байвал Д.Баярын хаяг руу явуулж өгч тус болооч” гэж хэлсэн гэсэн. Энэ мэт олон хүн оролцож байгаа. 80 настай хүн утсаар залган зохиосон шүлгээ хэлж өгөхөд нь би тэмдэглэж авах жишээтэй. Хүмүүс захиагаар хүртэл шүлгээ явуулж байгаа. Намайг эхнэрээсээ салаад АНУ явсан гэх мэдээлэл гарсан. Тийм учраас би тус мэдээллийг худал болохыг батлах гэж эхнэртэйгээ Окинавад амарч байгаа зургаа шүлгийн хамтаар оруулсан юм.

- Гэргий тань шүлгийн уралдаан зохион байгуулах таны санааг яаж хүлээж авсан бэ?

- Эхнэртээ гэнэтийн бэлэг барих зорилгоор энэ уралдааныг зохион байгуулсан. Гэхдээ олон нийтийг хамарч буй учраас сюрприз биш болчихлоо. Одоо мөн гэнэтийн бэлэг барих санаа байна. Түүнийг хэлчихээр гэнэтийн бэлэг маань мэдэгдчих учраас хэлэхгүй ээ /инээв/.

-Та өөрөө шүлэг зохиох авъяастай юу?

- Хүүхэд насандаа хааяа шүлэг бичдэг байсан. Би гуравдугаар ангидаа

Эхний сүү шиг цав цагаан

Энэхэн орчлонгийн хамгийн цагаан

Анхны цас будран орлоо

Айлын хүүхдүүд хөгжин баярлана

Нартайд орсон тэр цас

Надад, чамд баяр авчирна гэсэн шүлгийг зохиож байлаа. Ховд аймаг дахь хөгшин ээжийнхээ Монгол гэрт энэ шүлгийг бичиж байснаа санадаг юм. Окинавагийн шүлгийг гэнэт л бичсэн.

-Шилдэг шүлгийг дуу болгоно гэж та хэлсэн. Энэ талаараа яриач?

- Ийм олон шүлэг ирж буй учир би их баярлаж байна. Хүмүүс их идэвхтэй  оролцож байна. Хамгийн гоё шүлгээр дуу хийж яагаад болохгүй гэж. Дуугаа би өөрөө дуулж ч болно. Гэхдээ миний Япон дахь ажил эхлээд байгаа учраас завгүй л байгаа. Ингэж их далайцтай уралдаан болно гэж бодсонгүй. Гэхдээ хүмүүс их оролцож байгаа учраас би их баяртай байгаа.

Харин шүүгчдийн хувьд ийм байр, суурьтай байна.

Яруу найрагч Р.Эмүжин: Зорилго нь таалагдаж буй учир шүүгчээр ажиллахаар болсон


-Энэ яруу найргийн уралдааны талаар цахим орчинд их шуугицгаах шиг боллоо. Эгэл жирийн монгол залуу Д.Батбаяр эгэл жирийн гэргийдээ зориулан бичсэн шүлгээ өөрийн цахим хуудаснаа тавихад залуус дагаж хайр сэтгэлээр амьсгаллаа. Өнөөдөр монгол залуус эмэгтэйчүүдээ хайрлаж, хайрлуулж чадаж байна. Хайр сэтгэлээр нийгэм давалгаалж чаддаг юм байна. Ангаж, цангаж ч байсан юм байна. Зорилго нь таалагдсан учраас би шүүгчээр ажиллахаар зөвшөөрсөн. Хайр сэтгэлийн давалгаанд залуусыгаа уриалж оролцуулж чадлаа. Хосуудын бие, биендээ илэрхийлэх гэсэн хайрыг ил гаргах санааг гаргасан уралдаан болж байна.  


Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж: Их баяртай байна


- Нийгэм их давалгаа, цалгиа ихтэй, хурдтай, дуулиантай байна. Энэ үеэр хүмүүс нэгэндээ хайрын шүлэг бичих ийм боломжийг гаргаж өгсөн Д.Батбаяртаа талархаж буйгаа илэрхийлье. Залуусынхаа зүрх сэтгэл рүү хандсан сайхан ажил болж байна. Уралдаанд мэргэжлийн түвшинд бичсэн гэхээр чин сэтгэлийн шүлэг их ирсэн байна. Тиймээс бид зохих түвшинд мөн чанарт нь нийцүүлж шүүх болно.

Болор цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга: Монголын яруу найргийн талбарт хайрын шүлгийн давалгааг үүсгэж чадаж байна гэж харж байгаа


-Уралдаан гэхээсээ илүүтэй  Монголын яруу найргийн талбарт хайрын шүлгийн давалгааг үүсгэж чадаж байна гэж харж байгаа. Хосууд бие, биенээ хайрлах тэр дундаа ханиа хайрлах санааг уриалж өгч чадсан ажил болж байна гэж харж байна.

Улсын начин, СГЗ Г.Эрхэмбаяр: Дуу болохоор шүлгийг харж байна


-Нилээн далайцтай, сайхан ажил болж байна. Миний хувьд сайхан дуу болчихоор шүлгийг л харж байна. Сайхан шүлгүүд төрөхийн зэрэгцээ хэдэн хүн баярлах юм байна.

 

Шагналын санг танилцуулахад  

Нэгдүгээр байр: Японд сүмо үзэх тасалбар.

Хоёрдугаар байрт: IPhone X гар утас

Гуравдугаар байрт: Sumsung S7 гар утас тус, тус шагнах юм.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

 

Х.Баатар

www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Сосор [ 202.70.47.158 ]      |     2-р сарын 14 -нд, 05:56 минутанд

Эй чааваас, энэ зохиолчид маань нэг тэнэгийн тэнэгтсэн юманд шүүгч болчихдог яасан өчүүхэн амьтад вэ? Номыг нь бушуухан шатаах минь.Эй шившиг.

huu [ 202.9.42.128 ]      |     2-р сарын 14 -нд, 02:55 минутанд

2 teneg mongo huulegch gazriin damchid mongo olj bgaa argaa 1 harchaad ingej tenegteech

Go to top of page