Гэгээн ВАЛЕНТИН-д өргөх ЯРУУ НАЙРАГ

2024 оны 02 сарын 14

Тэмдэглэж эхлээд удаагүй ч залуусын дунд газар авч байгаа баяр бол мэдээж ВАЛЕНТИН. Үүх түүхийг нь Монголчууд өөрийн гурван үеийн түүхээс ч илүү мэдэх тул элдвийг нурших илүүц биз. Сүүлийн жилүүдэд энэ баярын нөөлгөнд хичнээн залуу хос хувь заяагаа холбосныг таашгүй. Ямартаа ч гэгээн хайрын өдөр учир нүүр царайгаа элдвээр будаж бусдыг айлгадаг Сүнсний баяраас л хувь илүү гэж бодно. Гэгээн хайр, сайхан сэтгэлийн давалгаан дунд өндөрлөдөг энэ өдрийг хүндэтгэн хайрын шүлгүүдээр уншигч олноо дайлья.


Д.Нямсүрэн : АРВАН ХОЁР ҮЗЭМЖ 


Нэгээхэн бээр-тогос шувуу өд сөдөө үлэмжлүүлэн явах шиг
Нэгээхэн бээр-донж үзэсгэлэнт бүсгүй өмнө минь гарч ирлээ
Нэгээхэн бээр-нартай бороо гэрэлтэн орох шиг
Нэгээхэн бээр-найртай тэргүүлэгч цэцэг мандан бадарваа

Нэгээхэн бээр-хун шувуу уснаа хөвөх шиг
Нэгээхэн бээр-хусан лавай хасыг үзүүлэн чадаад
Нэгээхэн бээр-бусад цэцгүүд гөвөгдөх адил
Нэгээхэн бээр-бурамт хаврын анхилам мандарваа үнэртвээ

Нэгээхэн бээр-хөхөө шувуу донгодох үес
Нэгээхэн бээр-хөнгөн хурц чийрэг мээмийг нүднээ хавчуулаад
Нэгээхэн бээр-бор хул гэгээ гялбалзуулан
Нэгээхэн бээр-босоо, босоо хурц цэцэг дэлбээлвээ

Нэгээхэн бээр-богширго шувуу исгэрэх сонсдон
Нэгээхэн бээр-байван шүднээс инээд цахиваа
Нэгээхэн бээр-улаан шарангуй будгийг найруулан
Нэгээхэн бээр-улам гоё Цан цэцэг нэгэн жигд цоморлигоо дэлгэвээ

Нэгээхэн бээр-лам шувуу ум мани, ум мани гэх шиг
Нэгээхэн бээр-лавтай сэтгэлийн яриа бүдэг бадаг дуулдаваа
Нэгээхэн бээр-зүүн уулын хөндийгөөр салхи үлээх шиг
Нэгээхэн бээр-зүүдний улаан лянхуа үзэгдэвээ

Нэгээхэн бээр-зэс ягаан балын уруулд эрвээхий согтох шиг
Нэгээхэн бээр-зэргийн залуус хөгжилдөн түлхэлдэж шавиралдваа
Нэгээхэн бээр-шинийн саран тэнгэрт цухуйж
Нэгээхэн бээр-шилийн дөрвөн цаг дор жамъянмядаг цэцэглэвээ

Нэгээхэн бээр-намрын нууранд галуу гоог, гоог дуугараад
Нэгээхэн бээр-яламын модны навчин чимэгт ээмэг гялсхийвээ
Нэгээхэн бээр-намуун гоёмсог байдал ирж
Нэгээхэн бээр-наранцэцэг гурван зүйлийн өнгөөр чимвээ

Нэгээхэн бээр-цэн тогоруу явгалан гүйх шиг
Нэгээхэн бээр-цэнхэр үүлэн даашинз сөхөгдвөө
Нэгээхэн бээр-жихүүн амьсгаа ихэмсгээр ойртож
Нэгээхэн бээр-тэсвэрт удвал цэцэг өөдөөс тосвоо

Нэгээхэн бээр-цахлай шувуу элин халин нисэх шиг
Нэгээхэн бээр-цагаан яшил чээжийг ил гайхуулжээ
Нэгээхэн бээр-цасны ариг уснаас хүртэх мэт
Нэгээхэн бээр-цац модон бадма цэцэг ургаваа

Нэгээхэн бээр-мөнгөн ногтруу өвснөөс дэрхийн одох шиг
Нэгээхэн бээр-мөрөн дээгүүрээ бошинзоо бүсгүй мулталваа
Нэгээхэн бээр-мөөмөн ургамлын салаа биенээ хүрч
Нэгээхэн бээр-мөсний цагаан-уул цэцэг дэлгэрвээ

Нэгээхэн бээр-цэцэрлэгийн дотор бөднө шувуу буйлах шиг
Нэгээхэн бээр-цэвцгэр пансан хөшиг туналзваа
Нэгээхэн бээр-сэмжин цагаан манан нүүрэнд шивэрч
Нэгээхэн бээр-сэрүүн цэцэг усны чулуун дунд хонолоо

Нэгээхэн бээр-алтан гургалдай тоосны үзүүрт дуулахуй
Нэгээхэн бээр-агт морьд торгоны замд сульдаваа
Нэгээхэн бээр-үс гэзгээ самнасан мэт үүлэн борооны үйл өнгөрч
Нэгээхэн бээр-үзэмж арван хоёр дахь нь цахирмаа цэцэг болов оо

                                           1991-03-14 

Л.Өзийтөгс : Чиний гар дээр би...

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор...

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан...

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ...
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор

Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыг би гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
<<Үнэхээр чи надад хайртай юу?>>

                                               1999 он

Б.Эрдэнэсолонго : Чи минь 


Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг хайрлаж байгаагүй

Ус шиг, цас шиг, мөс шиг 
Гал шиг, салхи шиг чи минь.

Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй, хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг л тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй
Сайхнаас сайхан, муухайгаас муухай болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг
Хэн ч намайг чам шиг галзууруулдаггүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулдаггүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч надруу чам шиг ирээгүй
Өөр хэний ч биш чиний дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг

Ус шиг, цас шиг, мөс шиг
Гал шиг, салхи шиг чи минь...

 

Э.Бүжинлхам : Би чамайг яг 
Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог
Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин...
Би чамайг яг
Анхны цас орж, аяархан будрахуйд л
Ахиж хэзээ ч дурсалгүй мартана гэж санадаг
Тэгээд тэвэр дүүрэн цас
Тэнгэрээс үйрэн бутармагц л харин...
Би чамайг яг
Ганц л удаа цасан дороос хаврын яргуй уйлахыг харчихаад л
Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг
Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин...
Би чамайг яг
Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн гэрэлтэхүйд
Зулзаган навчистай хөтлөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг
Харин модод гантиган туяа цацруулан үзэгдэхүйд
Харанхуйд солонго тэнгэр зүссэн ч чи ирдэггүй...
Тэгээд
Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог...
4.17

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
П. Баячимэг(150.129.140.90) 2018 оны 02 сарын 14

Би ч мөн болоогүй байна даа

0  |  0
Top