Онгоцны шинэ нисэх буудлыг хурдан галт тэрэгний замаар холбохыг зөвлөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулсан дүн, тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.


Хуралдаанаас тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан С.Наранцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Х.Хэрлэнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар, Б.Батбямбыг нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүллээ.


Нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг С.Наранцогт, Б.Батбямба нарт хандан, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглаж эхэлнэ. Улаанбаатараас 52 км зайтай тул өглөө эрт нисэх хүмүүст ихээхэн хүндрэл үүснэ. Тиймээс тийз авах, бүртгүүлэх ажлыг хялбар болгож, нисэх буудалд очихгүйгээр шийдэх боломжийг бүрдүүлэх, автомашины хурдны замын зэрэгцээ Улаанбаатар-Хөшигийн хөндийг холбосон хурдан галт тэрэгний замын байгууламж барих, нисэх буудлын ойролцоо автомашин удаан хугацаагаар байрлуулах орчин үеийн зогсоол байгуулах, зочид буудал барих зэрэг асуудлыг одооноос төлөвлөж, гаднын төсөл хөтөлбөрөөр шийдэж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөв.


Түүнчлэн санхүүжилт шаардахгүйгээр бодит үр дүнд хүрэх, амжилт олох арга бол хариуцлага, сахилга бат юм гэдгийг нэр дэвшигчдэд санууллаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lord(66.181.183.250) 2018 оны 02 сарын 15

AVTOZAM ZAMUUDAA HURDNII ZAM BOLGOOD OORCHILVOL SHINEER ZAM BARIH MONGONOOS HEMNEN

0  |  0
Top