Улсын аварга цол удам дамжихын учир

2018 оны 02 сарын 15

Нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнийг өргөж, монгол түмний өв уламжлалын сайн сайхан бүхнийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхээр үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол борив бохисхийх зав чөлөөгүй хөдөлмөрлөх малчны хотонд зочлох нь ээ халгин залгих дуу хөөр, инээд наргиа, гоё сайхан ерөөлийн үгс хэлэлцэх нь Улсын аварга фермерчин цол тэмдэгээ гардан авч буй О.Дашрэнцэндоржийнх байлаа. Нас залуу ч зорилго арвин О.Дашрэнцэндорж хэмээх шавилхан залуу аав, ээжийнхээ үйл хэргийг нэртэй төртэй үргэлжүүлж, айл хотолдоо “Улсын аваргын улсын аварга хүү” хэмээн энэ өдрөөс эхлэн хүндлүүлэх болсон нь энэ. Түүнд Улсын аварга фермерийн цол тэмдэг, шагнал урамшууллыг гардуулахаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Багануур дүүргийг зорих замдаа “1981 оны залуу гэхэд бас л мундаг хөдөлмөрлөсөн байгаа юм шүү” хэмээн урьчилан сайшааж эхэлсэн нь оргүй хоосон цаасан малгай биш ажээ. Учир нь, тэрбээр аав, ээжийгээ дагаж 1996 оноос мал дээр гарч, улмаар тасалж өгсөн малыг нь өдгөө мянга гаруйгаар тоолуулж, цаашид тооноос илүүтэй чанарыг чухалчлахаа ярьсаар биднийг угтсан юм.

Харин гэр дүүргэж цугларсан нутгийн зон олон нь “Аав, ээж хоёр нь нутаг усандаа хөдөлмөрч, ажилсгаараа алдартай хүмүүс. Сумын аварга ч болж байсан. Аймгийн аваргаар хоёр ч удаа шалгарсан. Сүүлдээ бүр Улсын аварга малчин хүртэл болсон. Энэ хоёр хүний шагнал урамшууллыг тоочиж хэлэхэд нэлээн их юм байгаа байх шүү” хэмээн хотоос ирсэн зочдод ам уралдан магтах агаад “О.Дашрэнцэндорж аав, ээжээсээ ажилч, хөдөлмөрч занг нь өвлөсөн мундаг залуу даа” гэхээ ч мартсангүй. Иймд түүний аав Улсын аварга малчин Д.Очирбат болон  ээж Ц.Цэрэнпагма нараас сэтгэгдлийг нь сонсоход ийн хариулав.

-Та хоёрт баяр хүргэе. Хүүхэд тань та бүхний амжилтыг уламжлан өнөөдөр Улсын аварга цол тэмдэгээ гардан авч байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

Д.О: -Манайх удам дамжсан малчин хүмүүс. Хүүгээ энэ жил улсын аваргын болзол хангаж, төрдөө үнэлэгдсэнд үнэхээр сайхан байна. Зөвхөн аав, ээж нь болсон бид төдийгүй ах дүү хамаатан садан, нутаг олноороо баярлаж, өнөөдөр хүрэлцэн ирж байна. Манайх гурван хүүхэдтэй. Нэг охин маань ХААИС-ийг төгсөөд малчин болсон. Нөхөр нь аймгийн сайн малчин залуу бий. Удахгүй төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлэх байх гэж бодож байна. Уламжлал, ажил ч хичээнгүй зан чанар хүнд өвлөгддөг гэж ярьдаг. Иймд үр хүүхдийнхээ амжилтыг улам бүр арвижих болов уу гэж итгэж явдаг даа.

Ц.Ц: -Миний хань 2013 онд Улсын аварга малчин болж байсан. Өнөөдөр арав гаруй жилийн дараа үр хүүхдүүд маань улсын аварга болж байгаад баяртай байна. -Үр хүүхэд сайн явах нь яах аргагүй аав, ээжийн бахархал нь мэдээж.

Олон ч хүн “Удам сайтай хүмүүс” гэж хэлж байгаа дуулдсан. Та хоёрын үр хүүхэддээ зааж сургадаг, захиж хэлдэг үг юу вэ?

Ц.Ц: -Би зоо техникч мэргэжилтэй. Мэргэжлээ дагаад хүүхдүүддээ малынхаа үүлдэр угсааг сайжруулах, мах сүүний гарцыг сайжруулах тал дээр өөрийн мэдэх чадах бүхнээ хэлж, зөвлөж явдаг.

-Улсын аварга малчид болон мянгат малчдыг дагаад олон хүний нийгмийн амьдрал шийдэгддэг гэж яригддаг. Энд та нарын хувь нэмэр ч гэсэн байгаа байх. Тийм үү?

Д.О: -Манайх хүүгийнхтэйгээ адилхан бас л мянга гаруй малтай. Хонио хоёр тусдаа бэлчээдэг. Тэр болгонд туслах малчдын маань хувь нэмэр их. Нутаг орныхоо хүмүүст амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд нь өөрийнхөө хэмжээнд дэм тус болохыг хичээдэг. Хүүхдүүд маань ч өрх тусгаарлахтайгаа зэрэгцээд мал нь өсөөд  ирэхээр хоёр ч туслах малчин ажиллуулдаг болсон. Заримдаа ч нас өндөр болоод бид хоёрын чадал доройтох шинжтэй. Гэсэн ч бас шахагдахгүй гэж хичээх л юм байна шүү.

-Шахагдах аа?

Д.О: -Тийм ээ. Залуу хүмүүсийн хүч тэнхээ чинь бас өөр шүү дээ. Гэхдээ хөгшин бид хоёр хэрэндээ бас их хичээнэ ээ. Бид хоёр улам бүр хичээж, сайн ажиллахын хэрээр хүүхдүүдээ ирлэж чадна аа даа. Ер нь аль болох л “Та нар залуу хүмүүс. Болоогүй. Битгий шантар” гэх мэтээр чангална аа бас.

Ц.Ц: -Яаж дуугүй байх вэ. Хажуунаас нь ингэ тэг гэж байнга л хэлнэ. Ажил, амьдралд нь тусалж байгаа хүмүүстээ тустай, дэмжлэгтэй бай. Амьдралд нь туслах ёстой гэдгийг бол ёстой гэдгийг байнга зөвлөдөг. Хүний амьдралд чинь удмын нэр төр гэж их чухал юм бий. Иймд нэр төрөө өргөж яваарай гэдгийг бол эх хүний хувьд хэлэхгүй байж бас чаддаггүй л юм.

О.Дашрэнцэндоржийн аав ээж ийн ярихтай зэрэгцэн нутгийн зон олныг төлөөлж “Хэрлэн баян” нэгдлийн даргаар ажиллаж байсан Л.Мэндсайхан гуай ихэд хүндэтгэлтэйгээр “Би Очирбатыг хувьчлалаар хэр мал авч гарч байсныг нь нэгд нэгэнгүй мэдэх хүний нэг. Одоо ч санаж байна. Ерөөсөө л 13 үхэр, 46 хонь, долоон адуу авч байсан хүмүүс. Ийм цөөхөн малыг мянгад хүргэж, өөрөө ч, хүүгээ ч Улсын аварга болгоно гэдэг бас их ховор хувь тохиол байх. Манай Очирбатыг тэгэхэд Улсын аваргад тодорхойлоход таван удаа буцааж, зургаа дахь дээр нь цолыг нь олгож байсан юм шүү. Миний хүү аав, ээжийнхээ алдар нэрийг улам өндөрт өргөөрэй” хэмээн түүх хуучлав.

За тэгээд Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, тус дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, дөрөвдүгээр багийн Засаг дарга Ш.Мөнхцэцэг, нагац хүргэн ах нь болон Улсын аварга малчин н.Сэрээтэр гээд О.Дашрэнцэндоржийн цугларсан бүх хүн зөвхөн залуу Улсын аваргыг магтан сайшаах бус аав, ээжийнх нь алдар цол, хөдөлмөрч хичээнгүйг өв уламжлан өндөрт өргөхийг ерөөх нь яах аргагүй үе дамжсан амжилтын эзэд болохыг нь баталж байлаа. О.Дашрэнцэндорж ч “Сэтгэл их өндөр байна. Малчин хүний ажил хөдөлмөр хоёр нарны хооронд байдаг болохоор чөлөө завгүй л ажилладаг. Гэхдээ зөвхөн миний хөдөлмөр ч гэж юу байх вэ. Хань ижил, аав ээж, тусалж дэмждэг сум орон нутгийнхны хүчээр энэ сайхан шагналыг авлаа гэж бодож байна. Энэ шагнал надад үнэхээр их өндөр үүрэг хариуцлага өглөө гэж ойлгож байгаа. Сайн хөдөлмөрлөөрэй гэсэн үүрэг хариуцлага юм болов уу гэж бодоод малынхаа чанарыг дээшлүүлнэ гэж бодож байна. Аав, ээж хоёртоо маш их баярлалаа” гэсэн бол түүний гэргий Б.Отгонбаяр “Бид хоёр амьдарч суугаад арван жил болж байна. Энэ хугацаандаа гурван хүүхэдтэй болсон. Өнөөдөр ханийгаа Улсын аварга болж байгаад баяртай байна. Хүмүүс мал маллах хэцүү гэж ярьдаг. Миний хувьд багаасаа малд ойр байсан болохоор хүнд хэцүү санагддаггүй. Мал дагавал ам тосдоно гэж ярьдагчлан сайхан л байна. Ер нь их дажгүй ээ. Аав, ээж хоёрт эхэндээ жаахан зэмлүүлдэг байсан ч одоо ажлаа хийгээд сурчихаар бас гайгүй болсоон” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Харин УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын тухайд Улсын аварга фермерийн шагналыг гардуулах үеэрээ “Дүү нартаа баяр хүргэе. Уйгагүй хөдөлмөрийн үр шимээ төрөөрөө үнэлүүлнэ гэдэг яах аргагүй сайхан үйл явдал юм. Тэр дундаа аавын эрдэм хүүд гэдэгчлэн ажилсаг хичээнгүй чанараа өв уламжлуулан алдаршуулж байгаад нь баяр хүргэж, талархал илэрхийлье. Малчин хүнийг би хувьдаа цаг уурч, мал зүйч, ургамал судлаач гээд олон талын мэргэжлийг мэргэшил болгон өргөж яваа олон мэргэжилтэй хүн гэж үнэлж, хүндэлдэг. Залуу үе маань ийм хөдөлмөрч, ажилсаг, тууштай байхад яах аргагүй Монгол Улс маань улам сайхан хөгжих ирээдүй харагдаж байна. Энэ шагнал бол илүү сайн ажиллаарай гэсэн үүрэг юм. Гол нь эрүүл мэндээ бодоорой. Дээр нь, нэмж чин сэтгэлээсээ нэг зүйлийг захиж хэлмээр байна. Аав, ээжтэй байгаадаа мөргөж амьдраарай, дүү нар минь” хэмээсэн юм. Ийнхүү шагнал, ерөөл хоёр хамт буусан үдэш өндөрлөхөд үнэхээр л ажилсаг, хичээнгүй, зөв сэтгэлтэй байхад “Улсын шагнал хүртэл удам дамждаг юм байна” гэсэн бодол бүх хүний тархинд, зүрхэнд бууриа зассан нь илэрхий байлаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top