Тахиа жил 1940 оноос хойш 2 дахь дулаан жил байлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

Монгол орны 2017 оны жилийн дундаж агаарын температур 1.6 градус буюу 1940 оноос хойш ажиглагдсан 2 дах дулаан жил байлаа.

Бүс нутгаар авч үзвэл говийн нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +5-аас +10.3°С, тал хээр, Их нууруудын хотгор орчмоор +2.0-оос +4.1°С, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -4°С аас -5.8°С, бусад нутгаар +2.0-оос -2.0°С орчим байлаа. Жилийн дундаж агаарын температурын хамгийн дулаан Баянхонгор аймгийн Эхийн голд +10.4°C, хамгийн хүйтэн Завхан аймгийн Отгонд -5.8°C хүрсэн.

2017 оны жилийн дундаж агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ба Алтай өвөр говь, их нууруудын хотгороор илүү  2°C –аар  дулаан байжээ.

Агаарын температурын үнэмлэхүй их утга Говь болон  зүүн аймгийн нутаг,  Орхон Сэлэнгийн сав, Алтайн өвөр говиор +37-аас +41.8°C, бусад нутгаар +26.9-оос +36°C хүрч халав. Жилийн үнэмлэхүй их утга Баянхонгор аймгийн Эхийнголд 2017 оны 7 дугаар сарын 15-нд +41.8°C, Өмнөговь аймгийн Гурвансайханд 2017 оны 7 дугаар сарын 16-нд +41°C тус тус хүрчээ.

Агаарын температурын үнэмлэхүй бага утга Хангай нуруу, Идэр, Тэсийн голын сав, Дархадын хотгор орчим нутгаар -45.3-аас -40°C, тал хээрийн нутаг, Орхон Сэлэнгийн сав нутаг, Алтай, Хөвсгөлийн уулсын нутгуудад -32-аас -37°C, бусад нутгаар (Говийн болон Төвийн нутаг, Их нууруудын хотгор орчмоор) -22.8-аас -28.9°C хүрч хүйтэрсэн. Агаарын жилийн үнэмлэхүй хамгийн бага температур Увс аймгийн Тэсэд 2017 оны 1 дүгээр сарын Завхан аймгийн Отгонд 2017 оны 1 дүгээр сарын 28-нд -44.8°C хүрч ажиглагдав.

Жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ Хөвсгөлийн уулсын зарим нутаг, Хэнтийн нуруу, Архангайн хойд хэсэг, Төвийн бүс нутаг, Идэр Тэсийн гол сав, Хэнтийн Дадал орчим нутгаар 300.5-385.3 мм, тал хээрийн говийн бүс нутгаар 79-199.4 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн гол орчмоор 10.4-80.1 мм орсон байна.

2017 он 1940 оноос хойших 10 дах тунадас багатай жил байлаа. Тус жилийн нийлбэр хур тунадсыг ОЖД-тай харьцуулахад (зураг 2)  Зүүн болон баруун бүс нутгаар бага 20-70%, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтийн зарим нутгаар, 80-90%,  бусад нутгаар ОЖД орчим хур тунадас оржээ. Дарханд 386 мм, Төв аймгийн Мөнгөнморьтод 368,9 мм хур тунадас орсон нь хур тунадасны жилийн нийлбэрийн хамгийн их утга болов. Улаанбаатарт 6 дугаар сарын 20-нд 63 мм хур тунадас орсон нь хоногт орсон хур тунадасны тухайн жилийн хамгийн их утга болжээ.Монгол оронд тохиолддог агаар мандлын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл дундаас хамгийн их хохирол дагуулдаг нь хүчтэй салхи, аадар бороо, шороон шуурга билээ.  Эдгээр үзэгдлүүдийн 2017 онд тохиолдсон нийт тохиолдлын тоог авч үзэхэд (зураг 3)  баруун болон өмнөд хэсгээр хүчтэй салхи болон шороон шуурга илүү их  ажиглагдсан бол газар тариалангийн төв бүс нутгаар аадар бороо  голлон ажиглагджээ.  Үнэмлэхүй их утгуудыг авч үзэхэд шороон шуурга Дорноговийн Манлай, Сайншандад 39-40 удаа, хүчтэй салхи Өмнөговийн Сайханд 67 удаа, Говь-Алтайн Бугатад 59 удаа, аадар бороотой өдрийн тоо Хөвсгөлийн Эрдэнэбулганд 96 удаа, Мөрөнд 77 удаа тус тус тохиолдсон байна.        

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top