Хорих ангиудын нөхцөл сайжирсан гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дарга Ц.Амгаланбаяр нар  ШШГЕГ-ын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байруудтай танилцлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр УИХ-д өргөн барьдаг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-үүддээ эрүү шүүлтийн нөхцөл байдал, хорих анги, баривчлах, сааатуулах төв, эрүүлжүүлэх байрны нөхцөл байдал нь "Нөхцлийн эрүү шүүлт"-ийг бий болгож байгааг анхааралдаа авч, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжоо дагаж мөрдөх, хүний эрх зөрчигдөж байгааг анхааралдаа авахыг сануулсаар ирсэн байдаг.

Энэ үеэр "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа хорих анги, цагдан хорих байруудын орчин нөхцлийг сайжруулах, хүний эрхийг хангах, алба хаагчдын аюулгүй байдал, ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэх чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн" гэдгийг онцоллоо.
ШШГЕГ 409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын байрыг Олон Улсын хорих байгууллагын жишиг стандартад нийцүүлэн "А”, "Б”, "В”, "Ж” блок, "Нэг цэгийн үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”, үйлдвэр, цех, алба хаагчдын ажлын өрөө, цайны газар, алба хаагчдын хувцас солих өрөө, төвлөрсөн агуулахтайгаар барьж ашиглалтад оруулжээ. Мөн 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ барилгыг дотоод эх үүсвэрээр 1 тэрбум 335 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус барилга нь стандартад нийцсэн 100 өвчтний ортой, алба хаагчдын өрөө, цайны газар, төрөлжсөн эмнэлгийн зориулалттай, төмөр бетон бүтээцтэй, 2700 мквадрат, 4 давхар барилга юм байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top