Арван долоон насны Цагаан сар

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

Эмээ бид хоёр эртлэн босч хаврын ууган өдрийн тэргүүн тэнгэр шинжихээс бүх зүйл эхэлнэ. Эмээ маань тэнгэрийн араншинг бол бараг л уншина. Цаг агаарын мэдээ, хүлээн авагч, эмээгийн хэлсэн гурав олонтаа мөргөж байхыг би мэднэ.

Ингээд хаврын тэргүүн сарын Шинийн нэгнийн наран ханын толгой уруудаж, хоймор авдар дээр байх бурхан тахилын тэргүүнд гэрэлтэх мөчид ижий аав, ахан дүүсээ ирэхийг тэсч ядан хүлээнэ. Талын намхан дөрөлж уруудан давхих машин тэрэг, талын цагаан цасан дунд хорхой шиг жирийх мотоциклтонг гойд анхаарах нь 17 настай хүүгийн аав ээж, ахан дүүсээ хүсэн хүлээсэн сэтгэлийн догдлол. Хүсэн хүлээсэн хүмүүстэйгээ учран золгочихоод үе тэнгийнхэнтэйгээ морины хурд хуваан айл хотлоор зочлох хүсэл ч бас давхар адгуулна. Энэ бүх догдлолыг огшоон аав ээж, ахан дүүс маань ирж эмээ бид хоёрын муу дөрвөн ханатыг өргөх шахам баяр хөөр дүүрч ахуй цагт дараагийн залуухан шинэлээчид морины хурдыг шавхан ирэх нь миний хань хамсаатнууд гарцаагүй мөн.

Бууцны хөлд уяатай байх шинэчлээчдийн морьдын бөөр түхэлзэж самсаа нь сарталзаж, миний шивхрүүлж орхисон гадсан сартай хонгор морь идэр багахан эзэн шигээ догдолж байх шиг санагдах нь жаргалтай. Учир нь миний хонгор морь, буурал морь хоёр үе тэнгийн залуустай хүлгийн хурдаар давхихад хоцроо нь үгүйд л хамаг учир байсан байхыг үгүйсгэхгүй.

Аян замын их ажлаа зайчлан сард хоёр, гурван удаа аяны дөрөө мултлаад буцах ээжийн ах Б.Ганболд, дүү Б.Ганбат нарт бол би тийм ч сонин биш хүн. Удаан суувал зэмлүүлж ч мэднэ. Харин тухайн цагт тэр бүрий ирээд байдаггүй ээжийн дүү Б.Төмөрсүх эгчид бол гойд сонин хүн нь би. Гар зөрүүлэн үнсэхийн засварт л өндөр болж л гэнэ, өөр болж л гэнэ, найз охин хүртэл сураглаад авна. Ер нь ч аманцар хүн сэн эгч минь. Арга ч үгүй намайг төрөхөөс эхлээд хөл, хэлд ортол ээжийн эзгүйд ээжийн үүрэг гүйцэтгэж байсан хүн бол Төмөрөө эгч юм гэсэн. Б.Ганбат ах морь сонирхоно, манай адуунд тавиул хэд нь байх учраас тэднийгээ суран, зуны наадам, хурдан морь ярих зэргээр хэдэн адууг нь хоргоож байгаа дүүгээ ихэд томд бодно. Энэ нь намайг 17-той биш 27-той мэт санагдуулах үе ч байна. Ах маань ерөөсөө орчлон ертөнц дээрх хэнийг ч ялгаж харьцаагүй тйим сайхан хүн дээ.

Шинийн баярын ид дунд ээж миний хувцас хунарт анхаарал хандуулах нь золгох гэж ирсэн юм уу, намайг тордох гэж ирсэн үү гэдгийг үл ялгахад хүргэнэ. Дээлийн шилбэ хазгай байна гээд ханзлан оёхоос хамаг зүйл эхэлнэ. Аавын хувьд адуу мал хаагуур бэлчээрлэж байгаа, цаг уур орчны байдал гээд 17-той хүүгээ их л том болчихсон мэт хөөрөг гарган тамхилах нь гойд сайхан бөгөөд бишүүрхмээр. Болж өгвөл зандарчих гээд байдаг Нагац ах маань ч энэ өдөр туйлын амгалан, надад хандан Ц.Лайханжавын адуунаас хэдэн адуу дөхүүлж адуундаа нийлүүлэхийг үүрэгдэж байгаа нь намайг тоож байгаагийн шинж л дээ. Ерөөсөө монгол түмний уламжлалт баярын гол онцлог гэдэг энэ байх. Эмээ маань аав, ээж, ахан дүүс, бэр хүргэн, ач зээ нартаа гээд бэлдсэн бэлгээ сольж өгөөд хөөрч үймрэхийн завсарт будилж өгнө. Тэр нь тамтаггүй. Ингэхдээ нэг гэрийн хүмүүс болохоор надаас тусламж хүсч, намайг мэдэхгүйд тэрүүхэндээ бөгтөгнөн бухимдавч түүнийгээ хүний өөрийн шинэчлээчдээс нуух гэж оролдоно.  

Ийн эмээгийн бөгтөгнөх нь надад бол өдөр тутмын дасчихсан зүйл, харин идэрхэн шинэлээчид маань өндөлзөж яарна. Гагцхүү намайг аваад мордох хүсэл байгаагаас тэдний хувьд манай баяр хөөр, бэлэг сэлт, идээ будаа бол огтхон ч сонирхолгүй. Өвдөгийн бууцанд айлсах Жамбалын Банди гуайн хүү Б.Ням-Осор ч энэ адгасан хоёрын сэтгэл санааг хөвсөлзүүлэн орж гарна. Манай хоёр Ж.Банди гуайнд нэг орж, манайд нэг орж гарч байгаад сүүлдээ арга нь барагдав бололтой, бууцны хөлд барилдаж, Цагаан сарын гоёлоо ханз татчих нь надад бас хугацаа хожих том боломжийг нээж өгнө. Миний хувьд бие маань гэрт байвч сэтгэл санаа хэдэн саахалтын дайд. Гадаа хөгжилдөх тэдний дуунд өндөлзөх авч аав, нагац ах хоёроос жаахан эмээсхийнэ. Яагаад гэхээр гэрт үргэлжлэн буй шинэлгээний ёслол хараахан өндөрлөж өгөхгүй нь намайг зовооно.

Намайг хөл, хэлд оруулахад том үүрэг гүйцэтгэсэн Б.Төмөрсүх эгч маань байсан бол өдийд намайг “өндөр болж”, “өөр болж” хэмээн гайхширч зогсохгүй “өтөлж байна уу даа миний дүү” гэх байх даа. Харин үр хүүхдүүдийн маань том болсныг гайхаж миний бага настай харьцуулж суух ёстой хүн сэн. Дүү нь аль эрт таны бурхан болсон наснаас даруй зургаан нас ах эр хүн болчихсон байна даа. Эсвэл “муу өвгөн минь” гэхээ ч сийхгүй цагаан цайлган хүн сэн. Арван долоотой намайг тоож зуны наадам, хурдан морь ярьж суусан ах маань ч тэнгэрийн оронд заларчээ. Бэлгээ солин будилж суусан эмээ маань ч алга. Хорвоогийн хатуу үнэнийг хэн ч яах ч аргагүй. Муу хүү нь, муу дүү нь монгол түмний уламжлалт баяраар бурханд дэвшиж одсон та гурвыгаа дурсах нь буян болох болов уу гэсэндээ л энэ. Миний энэхүү дурсамж тэмдэглэлийг уншсан хүн бүхний тоогоор буян үржихийн шалтгаан байгааг гадарлах насанд аль эрт иржээ.

Бурханд томилогдсон ах эгч хоёр маань хар буруугийн сүүдэргүй сэтгэлтэн байж билээ. Б.Ганбат ах маань муу зүгийн сүүдэр сэтгэлдээ тусгалгүй явсаар 50 насны босгот тулсан гэгээнээс гэгээн хүн дээ. Нутаг зон олон хүүхэд шиг гэнэн явсан ахыг маань тэртээ тэргүй сайн сайнаар дурсах учраас үр хүүхэд, үрийн үрд нь буян нь ихээр үсэрч таарна. Эгчийн маань гучин долоохон настай гоо төрх, олонтой явсан ааш араншинг өдгөө нутгийн сайхан ах эгч нар дурсах учиртай. Ийм л гэгээн үрс төрүүлж өсгөчихөөд орчлонгийн жамыг дагасан эмээгийн маань гарын унд цай, цагаан идээг дурсан санах хүмүүс олон бий дээ.

Миний арван долоон насны Цагаан сар ийм л гэрэл гэгээт хүмүүсийн дунд болж байж. Одоо ч аав, ээж ахан дүүсээрээ тэнгэр болсон нэгнээ дурсан сайн сайхны билэгдэл болгодог ч ээжийн маань аньсага чийгтэж суудгийг би мэднэ,ээ. Зулай зулайгаа гишгиж төрсөн хоёр дүүгээ, аачлалын дээд ээжийгээ тэнгэрийн харъяанд өгчихсөн ээжид маань өмрөх үе олон байдгийг бид тэр бүрий анзаардаггүй биз дээ. Өвдөгийн бууцны хөглөрсөн их бууц талын морин зэрэглээнд тэмээ шиг тэмээ шиг харагдах бутат талд болсон тэр жилийн Цагаан сар санаанаас гарах биш. Энэ бүл айлын хамгийн том үр ач нь 17-той би гэхээр дүү нар бүгд бага, ах нарын хүүхэд ч зарим нь бүр нялх байсан. Энэ л он цагийн өмнө баяр хөөрөө тэнгэр тулгаж байсан цагийг дурсахад сайхан байна.

Миний арван хэдтэй бага насны Цагаан сарын баяр ийнхүү аав ээж ахан дүүс ирснээр эхэлж, тэдний шилийг даран ирсэн шинэлээчийг дагаад талын цас манарган одно. Өвдөгийн бууцнаас дөрөө авсан үе тэнгийн залуус морины хурд шалган давхисаар Улаан хүрээ улмаар Булангийн хойд энгэрийн бууцны айлуудаар золгуут хийж морины амьсгал дарна. Арван долоохон настай бидэнд бууз жигнэж, архи сөгнөж гээд ахмадуудад үзүүлдэг хүндэтгэлийг яг адилхан өгнө. Бидэнд үе тэнгийн охид гол төлөв үйлчилнэ. Охидын гар нь үл мэдэгхэн чичигнэж аягатай цай хундагатай архи бидэртүүлэн өөдөөс барина. Тэгэхээр нь өөдөөс нь нэг сүрхий харахаар харцаа дээлийн хормойд унагаад хацраа ягааруулах нь бас л жаргалтай. Цагаан сарын баярын бас л нэгэн утга учир энэ. Дарвисан бидний хэдэн залуус айлд хүндүүлээд байх хүмүүс биш, тэгэсхийгээд мордох гэж яарна. Бид ч бас ичнэ, эмээнэ, нутгийн ах эгч нараас айдаг байжээ. Тиймээс айлын хоймор эзлээд сууна гэж үгүй, тэгэсхийгээд мордоод давхих нь гойд жаргалтай. Бид гэдэг нь өдгөө Аймгийн Алдарт уяач бүсийн болон бусад наадамд торгон жолоо өргүүлэх болсон Хасбатын Уртанасан, биднийгээ цэл залуухан орхиод явсан Эрдэнэбаатарын Батболд хоёулаа миний ангийн хүүхдүүд. Мөн дөрөө харшуулж байгаа нөхдөөс аймаг сумандаа тэргүүлэх цөөн малчдын нэг болсон Бандийн Ням-Осор тэргүүтэй бид гурваас нэг ах арван наймтууд бас ханьсна.

Айлаас айлд, бууцнаас бууцны замд давхин явах зуурт ам хуурай явна гэж үгүй. Х.Уртнасан, Э.Батболд хоёрын хувьд хамтрагчдаа шоолж нэр хоч өгөхөөс эхлээд морин дэл дээр ч амар заяа үзүүлэхгүй. Бие биенээ “Талын унаганууд” гээд нэрлэчихнэ. Дуулсан ч сайхан дуулна, өнөөдрийн ам баригчдаас хавьгүй дээр. Шүлэг уншсан ч улсын уран жиргээчдийн чансаа дутаж мэдэхээр авхаалжтай залуус. Адуунд эртэйг нь яана. Э.Батболдын хувьд сайхан барилдана, сумын цолтнууд болж өгвөл дөлсхийж ам авдаг хүүхдүүдийн нэг. Даанч өдгөө тэнгэрт гарчихсан байна даа. Ийм л гэрэлт насны гэрэлтэй хэрнээ хорвоогийн жамын сүүдэрт бас гунигтайхан дурсамжийг хэлхэж суухад сайхан байна.

Одоо бол хүчит мотортой тэрэг хөлөглөж, үнэ хаялцам хөөрөг зөрүүлж, учир утгыг нь мэдэхгүй чимэг зураг шиг дээл хөдөрсөн нэг тийм сэтгэл нь дундарчихсан нялхасын бэлээ гайхуулах баяр болчихсон ч юм шиг учраас миний дурсамж зарим нэгэнд үнэгүй байж мэднэ. Утга учрын чанад оршиж байгаа нэгэнд бол үнэ цэнэтэй цаг хугацааны алс руу ярган мэнд мэдэж байгаа хэрэг шүү. Хотол түмнээрээ түвшин сайхан шинэлээрэй.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гангаа(150.129.143.184) 2018 оны 02 сарын 21

Сайхан дурсамж нийтлэл.байна

0  |  0
namir(66.181.160.40) 2018 оны 02 сарын 16

Saihan daa saihan

0  |  0
Top