Үнэт цаасны хадгаламжийн дансаа тогтмол хянахыг зөвлөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

Санхүүгийн зохицуулах хороонд иргэд, хөрөнгө оруулагчдаас ирүүлж буй өргөдлийн багагүй хувийг үнэт цаасны зах зээл, хувьцаа, брокер дилерийн компаниудтай холбоотой санал, гомдол эзэлдэг юм. Тэдгээрийн ихэнхийг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хувьцааг арилжаалсан тухай асуудал эзэлж байна.

Хөрөнгийн зах зээл, үнэт цаас болон энэ салбарт ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэд, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн өргөдлийн агуулгад дүгнэлт хийсний үндсэн дээр доорх зөвлөмжийг өгч байна.

 

  • Танд хувьцаа бий эсэх, үнэт цаасны хадгаламжийн данс нээсэн эсэх болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч мөн эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн www.schcd.mn цахим хуудсаар шалгах боломжтой.
  • Аль хувьцаат компанийн ямар хувьцааг эзэмшиж буйгаа мэдсэн бол тухайн компанийхаа хувьцаа эзэмшигчдийн хурал болон бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх нь чухал.
  • Санхүүгийн аливаа үйлчилгээ хоёр талт гэрээний харилцаагаар зохицуулагддаг тул санхүүгийн гэрээний нөхцөлүүдтэй анхнаас нь сайн танилцаж, өөрт өгөгдөж буй нөхцлүүдийг сайтар ойлгосон байх хэрэгтэй.
  • Үнэт цаасны компани буюу үйлчлүүлэх брокер дилерийн компаниа сонгохдоо өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан байдал, гүйцэтгэлийн чадвар, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ зэргийг нягтлахаас гадна Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүчинтэй эсэх, сунгалт хийгдсэн байдал, хугацаа зэргийг сайтар шалгах шаардлагатай.
  • Санхүүгийн гэрээ, төлбөрийн баримтуудаа хадгалж хэвшвэл хожим тохиолдож болзошгүй элдэв маргааныг шийдвэрлэхэд хялбар байдаг.
  • Үнэт цаасны хадгаламжийн дансаа тогтмол хянаж, дансандаа байгаа үнэт цаас болон бэлэн мөнгөний үлдэгдлийг сайтар мэдэж байх нь зүйтэй.
  • Үнэт цаасны арилжаа, хөрөнгийн бирж болон үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцооны байгууллагууд, брокер дилерийн компаний үйл ажиллагаа, санхүүгийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж, урьдчилан шийдвэрлүүлнэ.
  • Хэрэв Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг зөвшөөрөхгүй бол хуулийн дагуу шүүхэд гомдол гаргаж болно.
  • А.Эрдэнэ
  • www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top