Урамшуулал нэртэй найраагаа болиоч ээ !!!

2018 оны 02 сарын 21

Шатахуун импортлогчид дарамтлан зориудын хомсдол үүсгэж, үнэ нэмэх гэхээр Төр маань айхдаа татвараа буцаагаад тэглэх замаар арга хэмжээ авчихна. Шатахуун түлшний үнийг хөөрөгдөхгүй байх тал дээр анхаарч байна гээд шатахуун импортлогчдод урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг баруун солгойгүй өгч аргадна. Гэтэл жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд энэ төрлийн зээл хүрэхгүй байх жишээтэй. Уг нь шатахуун импортлогчдод өгч байгаа мөнгийг жижиг дунд үйлдвэрлэгчдэд оруулвал хичнээн таатай байхыг эдийн засагчид ч өгүүлсэн нь бий. Энэ хэдхэн монополь импортлогчдыг толгой дээрээ гаргачихсан нь Төрийн зөв үү, буруу юу гэдгийг тунгаах цаг хэдий нь болсон.

Гэтэл тариалан эрхлэгчдэд урамшуулал нэрээр байнга мөнгө өгч байгаагийн зөв буруу эсэхийг ч тунгаах цаг нь болжээ. Ган гачигаас болон ургац муу хураалаа хэмээн тариаланчиддаа мөнгөн урамшуулал олгож байгаа нь энэ нийгмийн цэвэр өрсөлдөөн мөн үү. Ган гачиг нь Төр барьж байгаа эрхмүүдээс болдоггүй.  Тариалан эрхлэгчид маань байгалийн элдэв гамшиг ослоос хамгаалсан ямар нэгэн арга хэмжээг зохицуулсан байх хэрэгтэй биз дээ. Малчид маань зуд ганы аль алинд нь мал сүргээ адуулсаар байна. Тэд Төрөөс татаас, урамшуулал нэрээр мөнгө авдаггүй. Тусламжийн хэмжээнд өвс тэжээлхэн л авдаг биз дээ. “Мал сүрэг нь Төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг ч тэд Төрөөс мөнгө нэхээгүй цагийн цагт амьдарсаар ирсэн. Тариаланчдаас юугаараа ялгаатай юм бэ. Адилхан л хөдөө аж ахуйн салбар, цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг улс.

Гэтэл өнгөрөгч жил 360 мянган га талбайгаас 230 мянган тонн үр тариа хураан авсан нь манай хэрэглээг хангаж чадахгүй хэмжээний будаа учраас гаднаас будаа авахаар болоод буй. Харин гурилын үнийг хөөрөгдөхгүй байх талаас нь анхаарч Төрөөс тариалан эрхлэгчдэд урамшуулал олгож эхэлсэн нь ямар учиртай юм бэ. Эдийн засгийн чамгүй бэрхшээл дунд байгаа Төр ийнхүү хэдэн даварсан үйлдвэрлэгчид, импортлогчдоо татварын хэдэн төгрөгийг урамшуулал нэрээр найрч өгөөд байхаар эдийн засаг сэргэх үү гээд олон асуудал бий.

Ямартай ч Цагаан сарын өмнө гурилын үнэ нэмэх шаардлага тулгарч байгааг гурил үйлдвэрлэгчдээс сануулсан учраас Төр маань айхдаа нэг тонн будаа тутамд 70-90 мянган төгрөгийн урамшуулал олгоод эхэлжээ. Үнэнийг хэлэхэд угрил үйлдвэрлэгчдээс үзүүлсэн шантааж байхыг ч үгүйсгэх арга алга. Өнөөдөр хараахан импортын гурил руу ороогүй байгаа учраас үнэд савлагаа үүсэх учиргүй.

Тэртээ тэргүй Монгол Улсын хэрэглээг хангаж чадахгүй ургац хураан авсан учраас импортоор будаа авах нь ойлгомжтой. Ганц энэ удаа ч биш бид ОХУ-аас будаа импортолж дадсан улс. Тэгэхээр үүн дээрээ Төр өөрөө зохицуулалт хийгээд явчихад болохгүй зүйл алга. Заавал тариаланчдад урамшуулал олгохын хэрэггүй мэт санагдана. Ингэлээ гээд гурилын үнэ буурахгүй, магадгүй хавраас өсөх хандлага бий.

Шатахуун импортлогчдод мөнгө төгрөг өгч, татварыг нь буцаан хуучин хэвд нь оруулсан хэдий ч Цагаан сарын өмнөхөн 30-120 төгрөгөөр шатахууны үнийг нэмээ биз дээ. Гэтэл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өдрөөс өдөрт буурсаар байна. Зах зээлийн хуулиар цэвэр өрсөлдөх учиртай бизнес рүү Төр хэтэрхий оролцоод ч байх шиг. Нөгөө талаас монополь эрхтэй хэдхэн имдортлогчид үйлдвэрлэгчид нь Төрөө дарамтлаад сурчихсан. Тодотгож хэлбэл, шантаажаар бизнесээ явуулдаг болжээ. Тэгэхээр Төрөөс “Роснефть”-ийг нь оруулж ирэх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ “Роснефть” ороод ирвэл энэ хэдэн даварсан импортлогчдод гишгих газар үгүй болно. Гурилын зах зээлд ч гадны өрсөлдөгч байхад гэмгүй. Энэ чинь ардчилсан, зах зээлийн нийгэм биз дээ.

А.Толбо

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
y(112.72.8.98) 2018 оны 02 сарын 21

uag zuv rosneft kolonkuud eeriin xerengeer barii gexed zevsheereegvi gene lee davarsan.dotood nungu xvvlegch kompanuudiin erxnd b.a.ene xedxen kompanii medeld l ter medvvlchix ium daa

0  |  0
Top