Цаг хугацаагаар аялагчид

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

Ирээдүйд хүн төрлөхтөн цаг хугацаагаар аялах боломжтой гэж үздэг. Энэ тухай ч олон сонирхолтой кино хийгдсэн байдаг. Тэгвэл өөрийгөө цаг хугацаагаар аялаад зогсохгүй, бүүр тухайн цаг үеийнхээ зургийг дарж өнөө үед авчирсан гэгдэх Александр Смит гэх хүний тухай сонирхуулъя. Александр Смит өөрийгөө 1981 онд АНУ-ын ТТГ-ын нууц даалгавраар 2118 онд очоод ирсэн гэдэг аж. Улмаар 2118 оны барилга байгууламжуудын зургийг зургийн хальснаа буулгасан гэдэг байна. Тэрбээр өөрийгөө орон зай цаг хугацаагаар аялагч хэмээдэг аж. Дээрх зурган дээр Александр Смит ирээдүйн барилгын зургийг харуулж байгаа юм. Түүнийг зургийг судалж үзэхэд эвлүүлэг биш хэмээсэн байна. Гэвч түүний үгэнд хүмүүс төдийлөн итгэдэггүй аж.

Энэ мэт цаг хугацаагаар аялсан болон ирээдүйгээс ирсэн хүмүүсийн тухай мэдээллийг хүргэе.

Арав гаруй жил ой санамжаа алдсан уу? 
Тиррений тэнгист Германы жуулчид жилийн турш очиж амардаг Искья хэмээх арал байдаг. Тэнд маш амгалан тайван, цаг хугацаа удаан өнгөрдөг газар. Гэхдээ тус арал дээр хачирхалтай тохиолдлууд цөөнгүй гардаг байна. 1997 оны наймдугаар сард 25 настай, хамаг хувцас нь халтардаж, шарх сорви болсон Райнер гэх залуу “Посейдоны цэцэрлэг”-т хүрээлэнд очжээ. Тэрбээр тэндхийн ажилтанд мотоциклоосоо унаж гэмтсэн, мөн тархиндаа гэмтэл авсны улмаас хаана байгаа гэдгээ сайн мэдэхгүй байна гэсэн байна. Ажилтан эмч дуудаж, эмч ирээд Райнерт тариа хийн эмнэлэг рүү явуулжээ.

Эмнэлэгт очсоныхоо дараа өдөр нь түүний бие сайжирч, өөрийн овог, мөн буудалласан зочид буудлынхаа тухай эмч нарт ярьсан байна. Хачирхалтай нь залуугийн буудаллаж байсан гэх буудал руу залгахад  бүртгэлд ямар ч Райнер байгаагүй гэнэ. Харин цагдаагийнхан 1981 онд тус буудалд үнэхээр Райнер хэмээх овогтой Герман жуулчин буудаллаж байгаад дараа нь оньсого мэт гэнэт алга болсон тухай олж мэдсэн байна. Тухайн үед түүнийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн ч  олдоогүй тул тэнгист живсэн гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Харин гэр бүлийнхэн нь Райнерыг нас барсанд тооцсон байна. Ийнхүү олон жилийн өмнө үхсэнд тооцогдсон Райнерыг ах нь ирж авсан бөгөөд харин өнгөрсөн хугацаанд тэр хаана байсан нь оньсого хэвээр үлдсэн аж. 

Тэнгэрт болсон гайхалтай явдал 
1961 онд Охаёо мужид Америкийн нисэгч нислэг үйлдэж байжээ. Тэр үед цаг агаар их таагүй, үүлэн завсраар туссан нарны гэрэл нисэгчийн нүдийг сохлох шахаж байж. Нисэгч гэнэт маш ойрхон өөр нэгэн онгоц нисч явахыг олж харсан байна. Гайхамшгийн хүчээр мөргөлдөхгүй өнгөрч чадсан ч онгоцныхоо далавчаар нөгөө онгоцны их биеийг шүргэж орхижээ. Газардсаныхаа дараа нисэгч рапортондоо дэлхийн II дайны үеийнхтэй адил нисэх аппараттай мөргөлдөх шахсан тухайгаа бичжээ. Түүний дүрсэлснээр мөргөлдөх шахсан онгоц нь дайны үеийн онгоцтой адил, нэг хүний суудалтай, том далавчтай, онгорхой кабинд нь савхин хүрэм, том шил зүүсэн нисэгч байсан аж. Энэ явдлыг сонссон нислэгийн аюулгүй байдлыг хариуцсан офицерууд тухайн онгоц нь түүхэн кино авахад зориулан хуулбарлан бүтээсэн онгоц байсан гэж үзжээ.

Гэтэл хэдэн сарын дараа нэгэн нислэгийн буудал дээрээс рапортонд дурдсан онгоцтой маш адилхан онгоц олдсон байна. Шинжээчид энэ онгоцыг маш хуучных, нисэх боломжгүй, тийм учраас өнгөрөгч зуны хэрэг явдалд огтхон ч хамаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж. Эл явдал үүгээр дууссангүй. Олдсон онгоцны сэгээс хуучин бүртгэлийн дэвтэр олджээ. Дэвтэр дээр 1911 онд бичигдсэн тэмдэглэгээ байсан байна. Сүүлийн нислэгийнхээ үеэр уг онгоц маш хурдтай нисч байсан “Сонин хийцтэй мөнгөлөг онгоцтой арай л мөргөлдчихөөгүй, далавчаараа шүргээд өнгөрсөн” гэж бичсэн байжээ. Үнэхээр онгоцны бүхээг дээр далавчаар шүргэсний ул мөр болсон зураас, будаг ховхорсон байхыг илрүүлсэн, түүнчлэн тэндээс хөнгөн цагааны үлдэц олсон нь орчин үеийн онгоцны хийцэд ордог найрлагатай яв цав таарч байсан гэнэ.  Тэгэхээр дайны үеийн нисэгч 50 жилийн дараах үед очин нислэг хийсэн үү, эсвэл 60-аад оны нисэгч өнгөрсөн үед очсон уу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.  

Чөтгөр шүгэлсэн хүү
1995 оны эхээр Хятадын нэгэн хотод хачин хувцастай хүү гэнэт гарч иржээ. Тэрбээр сонин аялгаар ярьж, 1695 онд амьдардаг хэмээн цагдаагийнханд хэлсэн байна. Мэдээж түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэв. Тэнд түүнийг олон талаар шалгаж үзсэний эцэст эрүүл гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин 1996 оны эхээр хүү гэнэт алга болжээ. Тэр үед хүүгийн хэлснээр XVII зуунд амьдарч байсан гэх сүмээс хайхад хуучин бүртгэлийн дэвтэр олджээ. Тэнд сүмд амьдардаг хүү 1695 онд гэнэт алга болоод жилийн дараа ирэхдээ XX зууны хүмүүс хэрхэн амьдардаг талаар ярьж эхэлсэн гэнэ. Тухайн үед хүүд “чөтгөр шүгэлсэн” гэж үзэж байжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lo(103.57.92.232) 2018 оны 02 сарын 22

TSAG HUGATSAA DAVHATSAH

0  |  0
Top