Ошо багшийн ярьсан түүхүүд

ӨӨРӨӨСӨӨ НУУЖ ЧАДАХГҮЙ

Аливааг бусдаас нууж болох ч өөрөөсөө нууж чадахгүй. Энэ бол Сүфийн түүх.

Нэгэн багш дээр хоёр шавь үнэнийг мэдэхээр иржээ. Багш тус бүрт нь нэг тагтаа өгөөд:

- Хэнд ч харагдахгүй газар очоод наад тагтаагаа төхөөрчихөөд ир гэлээ. Эхний шавь байшингаас гармагцаа эд бад хийчихээд эргэж ирэв. Учир нь, жин үдийн халуун байсан тул гадаа хэн ч байсангүй. Удаах шавь нь бараа сураггүй гурван жил болжээ. Багш хүлээгээд л байв. Гурван жилийн дараа шавь нөгөө тагтаагаа барьсаар буцаж ирэв:

- Би хэнд ч харагдахгүй газрыг олж чадсангүй. Хүний хөлөөс хол газар бядан явлаа. Хэн нэгэн байсан ч харж чадахааргүй харанхуй агуйд хүртэл шургаж үзлээ. Гэвч хаа ч очсон дотроос минь тэр нэгэн хараад байх юм. Нүдээ аньсан ч ялгаагүй. Таны даалгаврыг биелүүлж чадаагүйг минь өршөө! гэхэд нь багш үнэхээр их баярлаж:

- Чи бясалгалын гол нууцыг олж мэджээ. Энэ гэрчийг л ухаарч амьдар. Тэгвэл Бурхан чамд нээгдэнэ гэж хэлжээ.

Сүфид Бурханыг хоёр янзаар нэрлэдэг. Эхнийх нь Захира буюу Эрхт хувилгаан. Уул ус, мод чулуу, агаар тэнгэр, хүн амьтан бүгдэд түгэн хувилагч. Удаах нь Шахидо – дотроос чимээгүй харж байдаг нуугдмал нэгэн. Бурхан бол ил, далд хоёулаа. Тэрбээр гадна талд төдийгүй дотор ч бий. Үүнийг л хотол оршихуй гэдэг.

ГАРАА ТОЛГОЙ ДЭЭРЭЭ АВ

Би нэг сайхан Зэн түүх уншсан юм. Анхааралтай сонсоорой. Энэ бол та бүгдийн түүх:

Нэгэн хийдийн хойно жүржийн том талбай байжээ. Тэнд нэгэн өдөр дажин өрнөв. Жүржүүд хоёр тал болон хуваагдаад хэрэлдэж гарчээ. Мэдээж тэд хийдийн дэргэд амьдардаг учраас их шашинлаг хэрүүл хийж: Христиан, Жүүд, Хиндү, Лалууд шиг. Хийдийн хамба лам тэр их шуугианыг сонсоод гарч хашгирав:

- Хөөе, жүржүүд ээ! Зэн хийдэд та нар хэрүүл тэмцэл хийх санаатай юу? Бүгд дор бүртээ Зазэн хийж, чимээгүй сууцгаа! Хамба тэдэнд хэрхэн Зазэн хийхийг зааж өгөв.

- Хөлөө завилж, нуруугаа цэхэлж суу.

Зазэнд сууснаар тэдний уур хилэн намжиж, тайвширчээ. Дараа нь хамба:

- Одоо бүгдээрээ гараа толгой дээрээ ав! гэхэд жүржүүд гар нь толгойтойгоо хамт болохыг сая анзаарчээ. Бас толгойныхоо талаар жигтэй зүйлийг олж мэдлээ. Тэд хоорондоо хэлхэлдэж ургадаг болж таарав. Тэрийгээ мэдээд цөм элгээ хөштөл хөхрөлджээ.

- Үнэхээр инээдтэй юм аа! Бид чинь нэг юм байна шүү дээ. Хэрэлдэж уралдах ямар ч шаардлага алга!

ДИВААЖИН ДАХЬ ГУЙЛГАЧИН

Нэгэн тосгоны баян, гуйлгачин хоёр нэг өдөр нас баржээ. Гуйлгачин эрийг Лазар гэдэг байсан бөгөөд шууд диваажинд очсон бол баян эр там руу явжээ. Аархуу баян дээш өнгийж, Бурханы хажууд суугаа Лазарыг хараад:

- Нэг л буруу юм болоод байна. Гуйлгачин Лазар энд, харин би диваажинд байх ёстой хэмээн орь дуу тавьжээ. Хариуд нь Бурхан инээмсэглээд:

- Хэн түрүүнд зогсоно, хожим тэр адагт зогсоно. Хэн адагт байна, хожим тэр түрүүнд зогсоно. Чи түрүүнд байж хангалттай үзсэн. Харин одоо Лазар жаахан амраг гэж хэлэв.

Тамд агааржуулагч байхгүй тул баян эр маш их халууцаж гэнэ. Цангасан хэдий ч ус олдоогүй тул дахиад л уйлан хайлж: -

Бурхан минь, ядаж жаахан ус Лазараар дөхүүлж өгөөч. Би яг хатаж үхэх нь гэхэд Бурхан:

- Лазар танай үүдэнд өчнөөн удаа өлсөж, цангаж суусан. Гэлээ ч чи түүнд үмх идээ, балга ус өгч үзээгүй. Өлсгөлөн ядуусыг гадуурхдаг мөртлөө цатгалан цамаан хүмүүсийг чи өдөр бүр гэртээ урьж, дайллага цайллага хийдэг байсан. Танай зарц нар ихэс дээдэс, чухал хүмүүст толгой бөхийгөөд ив ижил усан нүдэт, цусан зүрхт хүнийг ядуу хоосон гэдгээр нь ад үзэж, хөөж туудаг байсан. Чи Лазарыг хүн гэж тоож харсан удаагүй байж одоо ямар нүүрээрээ гуйна вэ гэхэд Лазар инээд алджээ.

Энэ түүх Христийн олон мэргэдийн хувьд Зэн коан шиг бясалгалын сэдэв болжээ. “Лазар яагаад инээсэн бэ?” гэж тэд ахин дахин тунгаасаар. Хорвоо ямар даажинтайг хараад Лазарын хөх инээд хүрчээ. Өөр шиг нь уяман өвчтэй гуйлгачин диваажинд орно гэж зүүдлээ ч үгүй явж. Мөн цуутай баян, аархуу эрийг тамд унаад, өөрт нь сөгдөж буйд итгэж ядан инээжээ. Чамайг үхэхэд Лазар мөн инээж таарна. Хэрэв чи аархаж явсан нэгэн бол хөсөр хаягдах тул тэр инээнэ. Энгийн нэгэн байсан бол өндөрт өргөгдөх тул мөн инээнэ. Энэ ертөнцийн бүх үнэлгээ эгод хамаардаг. Харин нөгөө ертөнцийн үнэлгээ эго- үгүйд хамаардаг. Тийм учраас Будда анатта буюу би-үгүйг ямагт онцолдог байсан юм.

ИРЭХИЙГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙСАН

Хайр байхад амьдрал сайхан. Хайр бол амьдралаас илүү үнэтэй. Хайрын төлөө амьдралыг зольж болно. Харин амьдралын төлөө хайрыг зольж болохгүй... Дэлхийн хоёрдугаар дайны үеийн явдал:

Хоёр цэрэг анд байжээ. Нэг нь орой нуувчиндаа иртэл нөгөө нь харьж ирсэнгүй. Олон хүн тулааны талбарт үрэгдсэн болохоор нөхрөө эрсэдсэн байх вий гэж айжээ. Хүмүүсээс асууж сураглахад “Лав хүнд шархадсан байсан. Тэгээд л ирж чадсангүй дээ. Одоо өнгөрсөн байх” гэлцэв. Түүнийг сонсоод цэрэг эрийн дотор харанхуйлж, дайснууд ширүүн галлаж байсан ч андыгаа олохоор сэтгэл шулуудав. Дарга нь түүнийг хориглосон ч үгэнд нь орсонгүй. Эргэн тойрон түмэн цогцос дунд харанхуй дундаас эрэх үнэхээр хэцүү байв. Шөнө дөл болтол таарсан бүх цогцсыг эргүүлж үзсээр андынхаа цогцсыг олоод үүрч дүүрсээр ирэв. Өөрөө мөн хүнд шарх олсон тул нуувчиндаа хүрэнгүүт хөсөр унажээ.

Дарга нь ирээд:

- Утгагүй юм битгий хий гэж хэлсэн биз дээ. Ямар болсноо хараач. Найз чинь үхсэн, чи өөрөө бас үхэж байна гэхэд цэрэг эр нүдээ нээгээд:

- Үгүй ээ, энэ утгатай. Намайг очиход тэр өөдөөс минь хараад “Жим, чамайг ирэхийг мэдэж байсан юм” гэж хэлсэн гэжээ.

Амьдрахын төлөө, амьд үлдэхийн тулд бүгдийг золиосло гэж та нарт ухуулж сэнхрүүлж ирсэн. Харин би эсрэгээр нь заая: Хайрын төлөө бүгдийг золь.

ОЮУН УХААН ҮРГЭЛЖ ХОЦОРДОГ

Энэ бол их сэтгэгч Иммануэл Кантад тохиолдсон явдал. Нэгэн охин түүнтэй гэрлэхийг хүсчээ. Гэрлэх саналыг эрэгтэй нь эхэлж тавьдаг учраас эхний удаа охин биеэ барив. Гэвч Кант зүрхээ мартаж, тархиндаа төвлөрсөн хүн байлаа. Эцэст нь охины тэсгэл алдарч санаагаа хэлжээ.

- Энэ талаар бодож үзье гэж Кант хэлэв.

Хайрын тухай яаж бодох вэ? Энэ бол бодож тооцоолж шийддэг бизнесийн асуудал биш. Зүрх чинь тийм гэж хэлбэл тийм, үгүй гэвэл үгүй, тэгээд л гүйцээ. Гэвч тархиндаа төвлөрсөн хүний хувьд бүх зүйл ажил хэрэг болж хувирдаг. Кант охины саналыг чухал асуудал гэж үзээд нухацтай авч үзэхээр шийджээ. Тэгээд номын сан руу явж хайр болон гэрлэлтийн тухай олон ном уншиж судлав. Гэрлэлтийн эерэг болон сөрөг талыг нэг бүрчлэн дэвтэртээ тэмдэглэж авчээ. Тэр бүхэн дээр тулгуурлан бодож тунгаасаар, эерэг тал нь сөргөөсөө арай илүү гарсан тул гэрлэхээр шийджээ. Энэ бол цэвэр логик шийдвэр байлаа. Тэгээд гэргий болох хүнтэйгээ уулзахаар үүдийг нь тогштол охины аав үүдээ нээгээд:

- Охин маань хэдийн гэрлэсэн, гурван хүүхдийн ээж болсон шүү дээ. Залуу минь, чи оройтжээ гэж хэлжээ. Оюун ухаан үргэлж хоцордог. Түүнд цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл нөхцөл байдал түүнийг хүлээхгүй. Амьдрал бол тогтмол биш, урсмал зүйл. Хэрэв амьдрал тогтмол байсан бол бясалгал хэрэггүй, сэтгэхүй л хангалттай биз. Тийм нөхцөлд чи тухтай нь аргагүй бодож тунгааж үзээд, олон жилийн дараа үүд тогшиход охин чамайг хүлээж л сууна. Даанч амьдрал агшин бүрийд шинэчлэгдэх урсгал билээ. Агшныг алдах юм бол чи бүгдийг алдана.

ХУУРАМЧ ИНЭЭД

Хүмүүсийг анзаарч хар. Тэд амьдралыг хүнд ачаа шигээр уйтгар дүүрэн үүрч дүүрч явдаг. Хэн нэгэн харгис этгээд тэднээр тоглоом тохуу хийж, зугаагаа гаргах мэт. Тийм хойно амьдрал баяр цэнгүүн байх ямар ч боломжгүй. Инээсэн ч эзний өмнөх амьгүй албатын инээд мэт хүчилмэл агаад хиймэл.

Би Африкийн бүдүүлэг омгийн иргэдтэй уулзсан колоничлогч орны нэгэн түшмэлийн түүхийг сонссон юм. Мань хүн тэдэнд урт лекц уншжээ. Тэр завсраа нэгэн хошин түүх ярив. Уг онигоо нь хагас цаг үргэлжилж. Дууссан хойно орчуулагч босоод дөрвөн үг хэлжээ. Гэтэл хүмүүс нир хийтэл инээлдэж гэнэ. Түшмэл бүр алмайрч орхив.

- Чи ёстой ид шид бүтээлээ. Ийм урт түүхийг яаж дөрөвхөн үгээр хүмүүст ойлгуулж чадав аа? гэхэд орчуулагч:

- Яахав дээ, их урт түүх байсан байсан болохоор би “Онигоо ярьж байна, инээгээрэй” гээд хэлчихсэн юм гэжээ. Инээх ёстой гэсэн болохоор хөөрхийс инээжээ. Инээх нь хүртэл ажил үүрэг, ёс дүрэм болсон цагт амьдралын оч гэрэл бөхнө.

ТҮГ ТҮМЭН ТУСГАЛ

Нэгэн хаан ордон бариулжээ. Тэр ордноо Тольт ордон гэж нэрлэв. Хана, шал, тааз гээд бүгдийг нь толиор өнгөлсөн юмсанж. Ордонд өөр юу ч байхгүй, дан толь л байна. Нэгэн орой хааны нохой Тольт ордонд ороод түгжигдчихжээ. Дээр, доор, хажуу хавирганд хаа сайгүй ноход харагдахад өнөөх нохой айж цочирдов. Уул нь, тэр энгийн нэг нохой биш, омог зориг төгс эзэн хааны нохой шүү дээ. Өрөөнөөс өрөө рүү гүйвч орох, байх газар олдсонгүй. Хаалга түгжээтэй учраас гарах гарц ч олдсонгүй. Айхын эрхэнд бусад ноход руу хуцаж эхлэв. Гэвч тэд бүгд өөдөөс нь хуцсанд хөөрхий нохой улам сандрав. Тэднийг сүрдүүлэхийн тулд хана руу цовхорч самардаж эхлэв. Тэд ч түүн рүү үсэрч дайрав. Өглөө нь нохойг үхсэн байхыг олжээ. Мэдээж нохойг үхэх үед бусад “нохой” ч үхсэн. Ордонд өөр юу ч байхгүй, ганцхан нохой, түүний түг түмэн тусгал л байсан. Энэ бол Патанжалийн гол санаа: Бодит ахуй ганц боловч түүний тусгал тоо томшгүй. Чи бол надаас тусдаа тусгал, би чамаас тусдаа тусгал. Гэхдээ бодит ахуйд шилжих үед бидний тусгаарлалт үгүй болж, нэгэн бүхэл болно.

ГҮРҮ БАГШ НАРЫН МЭНДЭЛСЭН ТҮҮХ

Энэ явдал Аштавакраг нартад мэндлэхээс өмнө болжээ. Түүний аав их эрдэм мэдлэгтэй хүн байсан бөгөөд өдөр бүр Вэд шастирыг дахин давтан уншдаг байлаа. Түүнийг нь Аштавакра эхийн хэвлий дотроо сонсдог байж. Нэг өдөр хэвлийгээс “Одоо наад тэнэглэлээ больж үз. Билиг ухаан үгийн цуглуулга дотор байхгүй, өөрийн дотор л бий. Үнэнийг судраас олно гэж бодоо юу? Үнэн дотоод чанадад бий” гэх дуун гарчээ.

Төрөө ч үгүй хүүхэд их мэргэн номч эцгээ эхийн хэвлийгээс шоолно гэж үү? Эцгийн эго, их мэргэний эго үүнд дэлбэртлээ уурлав. Тэр уурандаа хүүг төрөхдөө үе мөч нь найман бөгтөртэй болог гэж хараажээ. Аштавакра гэдэг нь найман бөгтөрт гэсэн үг. Түүний биеийн найман хэсэгт тэмээн бөх шиг бөгтөр байдаг нь тэр явдлаас болжээ...

Өөр нэгэн түүхийг дурдъя. Буддагийн мэндэлсэн тухай. Ээж нь модны дор зогсоогоороо амаржсан бол Будда бас босоогоороо төржээ. Төрөнгүүтээ тэр хөсөр уналгүй, алхаж эхэлсэн. Долоо алхаад, найм дахь дээрээ зог тусан, хутагтын дөрвөн үнэнийг айлджээ: “Хорвоо бол зовлон...” Газар дэлхий дээр дөнгөж мэндлээд, долоо алхах зууртаа тэр үнэнийг тунхаглажээ. “Зовлонгоос гэтлэх зам мөр бий. Зовлон бүхнээс гэтэлсэн нь нирваан билээ.”

Лаоз эхээс төрөхдөө наян настай хөгшин мэндэлсэн гэдэг. Тэрээр эхийнхээ хэвлийд наян жилийг үджээ. Түүнд юу ч хийх хүсэл төрдөггүй, бүр энэ дэлхийд мэндлэх ч хүсэл байгаагүй юмсанж. Тиймдээ эхийн хэвлийгээс үсэн буурал өвгөн гарчээ.

Харин Зарасутра эхээс төрөхдөө инээж мэндэлсэн гэдэг. Гэхдээ Аштавакрагийн түүх бүгдийг нь ялна. Төрөхөөсөө ч өмнө өөрийгөө төгс тунхаглажээ. Эдгээр түүхүүд багш нарын амьдрал үйлсийн зүрхэн эрдэнэсийг агуулдаг учир чухал ач холбогдолтой.

Тухайлбал, Будда долоо алхаад найм дахь дээрээ зогссон учир найман гишүүнт зам мөрийг заасан. Зөв самади сүүлчийн шат. Самади бясалгалын тэр төлөвт л оршихуйн бүх үнэнийг танина. Тиймээс тэр хутагт дөрвөн үнэнийг айлджээ.

Лаоз буурал болоод төрсөн. Хүмүүс ная наславч Лаозын төрөхдөө таньж ойлгосныг ухаарч амжилгүй үхдэг. Хөгшрөх, ухаажих хоёр нэг утгатай биш. Ухаан сэхээгүй бол ная наслаад ч нэмэргүй, нялхас хэвээр буцна. Ухаан сэхээтэй бол наян насны амьдралыг ч ганцхан хоромд туулж болно гэдгийг Лаозын түүх харуулдаг. Заратустра инээж төрсөн нь учиртай. Энэ бол түүний илгээлт: “Хэрэв чи бурхан чанарыг инээдээр таньж чадах бол яагаад заавал нус нулимстай зууралдах гээв? Ариун сүм рүү цэцэг түүнгээ бүжиглэн хүрч болох атал юунд өргөс шивсэн замаар үйлээ үзэн мөлхөнө вэ?” Ийм л учраас Заратустра мэндлэхдээ инээд алджээ. Эдгээр домог цадигийг түүхэн баримт гэж харах хэрэггүй. Болсон явдал биш байлаа ч утга санаа нь үлэмж агуу.

- Ошо “The Stories of Wisdom”

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Ганаа [ 66.181.160.74 ]      |     2-р сарын 22 -нд, 03:53 минутанд

Ошо бол үнэмлэхүй үнэн буюу гэгээрэлд хүрэхд элдэв ном ер хэргэгүй тантарын 112 аргын бяслаглалаар хүрч болно гэдгийг хэлсэн заасан хүн. Манай хөгшид ч ярьдаг л байсан .Тантар ч гэдэг Дандарч гэдэг.байсан монголоор..тантар нь орчуулбал арга зам гэсэн үг дэг.тэгэхээр энэ 112 аргаар бяслгал хийгээд байвал гэгээрэлд амар хялбараар хүрч болно заавал лам болох шаардлаггүй гэж хэлдэг хүн.ингэж заадаг хүнд ямар ч жүүд лал будда христ шашин таатай хандахгүй .тантар бол Буддагаас ч өмнө байсан номлол гэдэг.ер нь эртний энэтхэг орон хүн төрлөхтөнд маш олон Будда төрүүлж өгсөн аугаа орон

zochin [ 176.158.21.29 ]      |     2-р сарын 21 -нд, 12:49 минутанд

Sonirxoltoi sanaa avuushtai saixan tyyxyyd baina Daraagiin tyyxiin niitleliig xyleej baina

Go to top of page