ХӨГШИН УХНЫ ӨЧИЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

Шог зохиолч Д.Жаргалсайханы "Хөгшин ухны өчил" шүлгээр "Шүлгэн нийтлэл" контентоо үргэлжлүүлж байна. Гэгээн инээдээр сэтгэлээ дүүргэж, өдөр өдрийг өөдрөгөөр үдэж, угтахын ерөөл талбия...


Өнгөрсөн жилийн зуданд

Өөх махаа барсан

Өвгөн ухна намайг

Өрөвдөх сэтгэл манай эзэнд алга

Өргөдөл гаргах шалтгаан үүнд оршино

Зуун ерэн есөн ямааг

Зусаг ишиггүй хээлтүүлэхийн тулд

Зургаан сараас ажлаа эхэлмээр байна

Зун өвөлгүй зүтгэж баймаар санагдана

Эдийн засгийн өсөлтийг

Энэ биеэрээ дэмжиж

Эм сүвтэй бүхэн дээр

Эцэж унатлаа харайя гэтэл

Хөгийн муу эзэн надад

Хөг гэнэ үү, нэг хар юм зүүчихлээ

Ямаа ихээр өсөхөд

Ямар их саад байгааг

Яам тамгагүй анхаарч

Ял цаазандаа тусгаж хайрла

Өвгөн ухна надтай

Өрөвдөх сэтгэлээр хандаж

Өрөө тасалгаанд оруулж

Өвс тэжээлээр хангаж

Өнөө хэдэн ямааг

Үүдэн дээр минь дугаарлуулж

Надад байгаа боломжийг

Наян хувиар ашиглахад

Гарцаагүй монгол улс

Ямаагаар дэлхийд тэргүүлж

Гиннесийн номонд орох нь үнэн

Халуун зунаар яршиг даа гээд

Хотондоо тайван хивж хэвттэл

Харанхуй шөнөөр танай эхнэр

Хаая хүүе гэж орилоод

Хажууд нь та өөрөө

Хах хух гэж амьсгаадаад

Харгүй хэвтэж байсан намайг

Хачин ихээр өдөөж

Хажуу дахь ямаан дээрээ

Харайхаас өөр аргагүй болгодог

Хамаг хэргийн эзэн нь

Харин та өөрөө шүү

Гарцаагүй үнэн ийм байхад

Ганцхан намайг хаамераар боож хаячихаад

Гашуун ундаа залгилж

Ганган Цэцгээгийнд хоноглон

Манантайхан давхиж

Манийгаа тоохгүй байгаа эзэн та

Малын эмчээс хахууль авсан нь

Маргаангүй үнэн болж таарлаа

Зохиомол хээлтүүлэг гэж худлаа чалчиж

Зоо техникчтэй архидаж суухын оронд

Хэтэвчин дэх хэдээ

Өвс тэжээлэнд зарцуулж

Хэвтэр бууцыг минь янзалж аль

Хөгшин ухна надад эрх чөлөө олгож

Хөгөө тайлж ав эзэн минь

Гүн сэтгэлийн хайр дурлал

Ямаанд ч гэсэн байдгийг ухаарч

Гүндалайтай хийсэн

Бэлгэвчийн гэрээгээ цуцална уу

Д.Жаргалсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.204) 2018 оны 02 сарын 22

Энэ цагийн царай /зуд/, Энэ биеийн байж байгаа Эм ямааны эр болж, Ишгэн ямааны эцэг болохоосоо өнгөрөвөө янз нь гэж өчжээ.

0  |  0
Top