ЭРТЭЧ ХҮМҮҮС ИХИЙГ БҮТЭЭНЭ

2018 оны 02 сарын 23

 

“Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэдэг үг олон оныг элээж бидэн дээр ирсэн. Эртний юм шиг атлаа энэ цагийн хүмүүст  мөн ч их хамаатай. Эрт босоцгоож  хөдөлмөрлөөд улсаа хөгжүүлсэн тухайд манай алдарт  хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ярьсныг хүмүүс цахимд постолж оруулсныг энд нэгэн баримт болгон авлаа. Мөн сэтгүүлч эмэгтэй Б.Сарантуяа болон нэгэн компаний захирал  Б.Мөнхжаргал нарын эл сэдвээр юу өгүүлснийг  доор утгачлан найруулан сийрүүлэв.

Та бид  цагаа урагшлуулах хуваарьт орж, бас гарч байлаа. Нэг Засгийн газар гараад зөв зүйтэй юм хийхэд, нөгөө нь үүнийг бүр дордуулж, үгүйсгэдэг гэм бий.

Б.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд Н.Алтанхуягийн Засгийн газраас баталсан Цаг урагшлуулах горимыг ямар нэгэн шалтаг олоод болилуулж, цагийг хэвээр нь үлдээсэн.

Цагийн хуваарьт шилжүүлэхтай холбоотой шүүмж санаа их өрнөдөг.  Шүүмжлэлийн гол нь  цагийн хуваарийг өөрчлөх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэх. Нөгөө талд энэ шийдвэрийг дэмжих хэсэг байгаа. Зуны цагийн хуваарьт шилжих нь бүтээмжийг нэмэгдүүлэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг.


Шинэ Зеландын одон орон судлаач Жорж Вернон Хадсан 1895 онд өдрийн гэрэлтүүлэгтэй цагийг ашиглахыг санал болгож байсан түүхтэй. Үүний дараагаар Герман, Австри-Унгар зэрэг улсад 1916 оны дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжсэн гэдэг. Үүнээс хойш дэлхийн олон улс орон, хөдөө аж ахуйд зуны цагийн хуваарьт шилжсээр иржээ. Ялангуяа, 1970-аад онд болсон эрчим хүчний хямралаас хойш тэр. Энэ нь  эрчим хүчээ хэмнэхийн тулд олон орнууд нарны гэрэлтүүлгийг ашиглан цагаа урагшлуулдаг болсон аж. Ерөөс ингэж цаг  урагшлуулах гол шалтгаан нь эрчим хүч хэмнэхийн тулд бус аж үйлдвэржсэн нийгэмд хүмүүс ихээхэн ашиг олохын тулд улирлын чанартай өөрчлөлтийг  хийдэгтэй холбоотой.   Жаахан өнгөц харахад өдрийн гэрэлтүүлгийг ашигласнаар эрчим хүч хэмнэх, эдийн засгийн ач холбогдолтой ч, нөгөөтэйгээр жижиглэнгийн худалдаа, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, оройн үзвэр гэхчлэн аж ахуйн нэгжүүд өдрийн цагийг ашиглах ашиг олох боломж юм.

Манай тэртээ 1960 онд ажил эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалтыг хийж байжээ.

Зуны цагийг урагшлуулах н иргэдэд эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлж хөгжүүлэх, нийгмийн идэвхээ сайжруулахад таатай нөлөөтэй. Мөн өдрийн нарны гэрлийг ашиглах боломж нэмэгдсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж, энергийн хэмнэлт хийх, цаашилбал агаарын бохирдлыг бууруулах гээд олон талын ач холбогдолтой байдгийг эрдэмтэд нотолж тодорхойлжээ

Тиймээс хүмүүсийн  олонхи нь дэмждэг. Тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг .

Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэжээ. Эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг гэдэг.  Хүний нийгмийн идэвхийг сайжруулах чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна.  Монголын  тухайд агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах болно.

Гэхдээ зуны цагийн хуваарийн талаар манайд  маргаантай байдаг.   Тэрхүү маргаанаас гарах үр дүн цаашдаа тодорхой болох биз.  Ямарч байсан хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж судлаачдын олонхи нь  үзсэн гэдгийг мартаж болохгүй ээ.

 Эдийн засаг, санхүүгийн хямралтай өнөө үед цагийн тооллыг урагшлуулах нь үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад болоод айл өрх бүрт ихээхэн зардал хэмнэх үр өгөөжтэй байх болно.  Зардлаа хэмнэх талаар амтай болгон  ярьж, бэрхшээлийг хэрхэн гэтлэх тухай хэлэлцэж байгаа шүү дээ. Тийм болохоор цагийг  зуны тоололд шилжүүлэн урагшлуулах нь зүйтэй юм. Ер дөө  хамгийн энгийн бөгөөд хамгийн эн тэргүүнд гаргах шийдвэр шүү гэдгийг  эрх мэдэл бүхий эрхмүүдийн сонорт хүргэе . Энэ бүхэн бол дээрх сэтгүүлч эмэгтэй , компанийн захирал хоёрын ярьсан нь буюу дэвшүүлж буй санаа , санал нь юм. Эртэч хүмүүс ихийг бүтээнэ гэж тэд тодорхойлж байна билээ.  

Ц. Галбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top