Орон нутагт төрийн албаны шалгалт өгсөн иргэн яам, агентлагт ажиллахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Төрийн албаны зөвлөл иргэдийн сэтгэлд нийцсэн нэгэн шийдвэр гаргажээ. Төрийн албаны Салбар зөвлөлүүд төрийн захиргааны удирдах болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн сонгон шалгаруулалтыг тухайн засаг захиргааны нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг. Нээлттэй сонгон шалгаруулалт нь аймаг, орон нутаг дахь сул ажлын байрыг нөхөх зорилготой бөгөөд тухайн нутагтаа амьдардаг, эсвэл тухайн аймаг суманд амьдарч хөдөлмөрлөх иргэдийг ажлын байраар хангах, төрийн албаны шалгалтад хамруулах  нь орон нутгийн болоод иргэдийн эрх ашигт нийцэх нь ойлгомжтой юм.

 

Гэтэл сүүлийн үед тухайн аймаг, суманд амьдардаггүй, оршин суух бүртгэлгүй, өөр аймаг, нийслэлийн иргэд хөдөө орон нутгийг зорьж очин, сонгон шалгаруулалтад орж, тэнцээд, нөөцөд бүртгүүлэх замаар яам, агентлаг, өөр аймаг, сумын төрийн захиргааны байгууллагад томилогдон ажиллаж болох юм шиг ташаа ойлголттой иргэд цөөнгүй байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтын зорилго нь нөөц бүрдүүлэх биш юм. Хөдөө орон нутагт зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн яам, агентлагт ажиллах, тухайн ажлын байрны шаардлага, туршлага, мэргэшил, боловсрол, ур чадварын багц шалгуурыг хангахгүйн зэрэгцээ ангилал, зэрэглэлийн хувьд ч өөр байдаг.

 

Иймээс нөөцөд бүртгүүлэхээр нийслэл болон өөр газраас хөдөө орон нутагт очиж байгаа шалгуулагчдыг шалгалтад оруулахгүйг анхааруулъя гэж Төрийн албаны зөвлөлөөс  мэдэгджээ.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (124.158.107.6) 2018 оны 02 сарын 23

Төрийн албаны зөвлөл Зүмбэрлхам даргыг байхад жинхэнэ утгаараа ажилладаг байсан. Буцаад зөв гольдролдоо орж байх шиг байна. Төрийн албанд авилгаар аваад дараа нь хаа нэгтэй шалгалт өгүүлээд жинхэлж байгааг одоо зогсоохгүй бол Авилга арилахгүй дээ

0  |  0
Top