“Монгол” телевиз, “Скаймедиа”, “Юнивишн” компанийн үл ойлголцол хэрхэн ШИЙДЭГДЭХ ВЭ?

Үзэгчдийг  гадаадын болон өөрсдийн контентээрээ дэлгэцийнхээ өмнө уядаг болсон “Монгол” телевизээс  мэдэгдэл гаргаж ухрааж, зогсоож, нөхөж үзэх боломжгүй болсныг  мэдэгдсэн нь цөөнгүй үзэгчийг гонсойлгосон болов уу. Тус телевизийн мэдэгдэлд “IPTV” үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухрааж, зогсоож, нөхөж  үзэх үйлчилгээ нь “Монгол” телевизийн үзүүлдэг үйлчилгээ биш бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Үзэгч таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг хүртдэггүй болно. Иймд хэрэглэгч танд уг үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал өөрийн гэрээт IPTV оператортойгоо “Скаймедиа, Юнивишн” холбогдоно уу. Оператор компаниуд нь үндэсний телевийн контейнт үйлдвэрлэгчдийн  бүтээлийг гадаадын оюуны өмчийн бүтээлийг үнэлдэг жишгийн дагуу үнэлэн, үзэгчдийн төлдөг төлбөрийг харилцан ашигтай, зохистой хувь хэмжээгээр дотоодын телевизүүдтэй хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм” гэж дурдсан.  

Бас нэгэн хариу мэдэгдэл удалгүй гарсан. Товчхон бөгөөд “Монгол” телевизийн албан хүсэлт шаардлагын дагуу өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус телевизийн “IPTV” үйлчилгээ үзүүлэгч бүх оператор буюу “Юнивишн”, “Скаймедиа” компанийн сувгуудаар ухрааж, зогсоож, нөхөж үзэх боломжгүй болсныг мэдэгдэж байна” гэжээ. Энэ бол опкратор компаниудын  хариу мэдэгдэл юм.

Эл гурван байгууллагын дунд үзэгчид гайхаж үлдсэн. “Монгол” телевизээр гарсан

шоу нэвтрүүлгийг  товлосон цагт нь үзэж чадаагүй тохиолдолд нөхөөд үзэх боломжгүй болсон гэсэн үг.

 Хувийн байгууллагууд учраас ашгийн төлөө байх нь дамжиггүй. “Монгол” телевиз өндөр өртөгтэй бүтээлүүдээ олон нийтэд хүргээд  операторуудынхаа үзэгчдээс авдаг хураамж, төлбөрөөс эрх тэгш хуваалцахыг найрсгаар мэдэгджээ. Операторууд нь саналыг хүлээж авах боломжгүй учраас үйлчилгээгээ цуцлах  хүсэлтийг нь зөвшөөрсөн гэж ойлгогдоно.

Яаж шийдэх вэ?

Эл байгууллагуудын дунд өрнөсөн үл ойлголцлыг хэрхэн шийдвэрлэх гарц байна вэ. Эсвэл байхгүй юу. Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат “ Монгол телевиз гадаадаас өндөр үнээр контейнт худалдаж авдаг.

Дээр нь өөрсдөө өндөр өртгөөр монгол контейнт бүтээнэ, олон хүний хөлс, хөдөлмөр шингэдэг. Тиймээс үзэгчдийн төлдөг  төлбөрөөс орлого хуваах зарчмын хүрээнд хандсан гэж ойлгосон. Нөгөө талд оператор компаниуд шинэ техник технологи нэвтрүүлэхээс эхлээд бас өндөр  зардал гаргадаг. Аль алийг нь буруутгах аргагүй. Бүгд хувийн бизнесийн байгууллагууд, ашиг орлого олох ёстой. Шийдэх гарц нь 2016 онд УИХ-ыд өргөн барьсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хууль болгон батлах” гэдгийг хэллээ. Ингэж байж шийдэгдэнэ.

Контейнтын сан байгуулна

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд  “Контейнтын сан” байгуулахаар тусгажээ. Ингэснээр гадаадын болон дотооддоо контейнт үйлдвэрлэсэн, судалгаагаар хамгийн олон үзэгчдээрээ эхний 10 байрт жагссан телевизүүдэд орлогоо тэгш хуваарилж өгөхөөр заасан байна.

Монгол телевизийн тавиад байгаа шаардлага, хүсэлт тусгалаа олсон гэсэн үг. Цаашлаад телевизүүд үндэсний контейнт үйлдвэрлэх, санхүүжилтийн хувьд тогтворжих сайн талтай гэж харжээ. Уран бүтээлчдийн хөдөлмөрийг тэгш, шударга үнэлнэ гэж ойлгож болно. Монгол телевиз, Скаймедиа, Юнивишн компанийн үл ойлголцол Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдахаас нааш шийдвэрлэгдэхгүй бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page