Эрхэмсэг оршихуйн дээд билэгдэл HUBLOT

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

“Зиндаа” сэтгүүл энэ удаагийнхаа “Брэнд” буландаа тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэлтээрээ дэлхийд манлайлагчдын нэг болох Швейцарын HUBLOT брэндийг онцолж байна.

1980 оноос Швейцарын  цаг үйлдвэрлэлийн зах зээлд хүч түрэн орж ирсэн тус брэнд нь 2008 оноос дэлхийн тэргүүлэгч брэндүүдийг эзэмшигч LVМН2 группэд (Moet&Chandon, Hennesy, Dior, Kenzo, Louis Vuitton, Fendi, Bulgari, Tag Hauer…) хамаарагдах болсноор үнэ цэнэ нь улам өсч улс төр, бизнес, урлаг, спортын хамгийн хүндтэй хүмүүст таашаагдсан дахин давтагдашгүй өвөрмөц имижийг бий болгож чадсан юм.

Дэлхий даяар 77 салбар “boutique” дэлгүүр байдгаас манай улсад албан ёсны 49 дэх салбар нь 2012 оноос “Central Tower”-т үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө Park Place оффисын 1-р давхарт байрлаж байна.  

Ингээд уншигч таныг эрхэмсэг оршихуйн дээд хэмжүүр болсон HUBLOT цагны гайхамшгаар товчхон аялуулъя.

Hublot”-ын сүр хүч нь онцгой, тод ялгарал бүхий өөрийн гэсэн дүр төрхөнд нь бий. Нэгдэл, ууслын урлагийг чухам энэ цаг бүтээж уламжлалыг инновацитай төгс хослуулсан билээ.

/Рикардо Гваделупе/

 


Дэлхийд цаг үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орон бол яахын аргагүй Швейцар. Тиймдээ ч дэлхийн хамгийн алдартай, тансаг цагнууд энэ улсаас төрөн гардаг. Гэсэн хэдий ч тэдгээр цагны брэндүүдээс чамин тансаг хийц, өндөр нарийвчлалт хэмжээс бүхий хөдөлгүүр, уламжлал шинэчлэлийг дэвшилтэт технологитой төгс хослуулан Швейцарын цагны үйлдвэрлэлд цоо шинэ хувьсал хийсэн зэргээрээ тод ялгарч, үнэнч хэрэглэгчдээ байлдан дагуулсан нь HUBLOT юм.

Дэлхийн нэгдүгээр дайны дараачаас бугуйн цагны хэрэглээ язгууртан, дээд зиндааныхан, өндөр албан тушаалтнуудын дунд огцом өсчээ. Учир нь тэд нэг нэгнээсээ ялгарахын тулд бугуйн цаг зүүх болсон төдийгүй бүгдийн хэрэглэдгээс өөр, онцгой зүйлийг хүсэх нь тансаг хэрэглээний үндсэн шалгуур болсон мэт байв. Тиймээс ч өөрийн гэсэн үнэ цэнэтэй, тансаг, чамин хийцтэй цаг нь цаг хугацааны хэмжүүрээс гадна хүмүүсийн зэрэг дэв, санхүүгийн байдал, нийгмийн гарал зэргийг  тод томруунаар илэрхийлэх болжээ.

  ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ

Япончууд 1970-аад оны сүүлчээс хямдхан кварц цагууд гаргаж Европ, Америкийн зах зээл дээр томоохон байр суурь эзлэв. Энэ нь тансаг зэрэглэлийн, үнэтэй цаг үйлдвэрлэгчдэд хямрал авчирсан юм. Хэрэглэгчид хямд үнэтэй кварц цаганд хошуурч байлаа. Гэхдээ энэ хямралыг даван туулахад, швейцар цагийг дэлхийн зах зээлд эргүүлэн авчрахад хамгийн гол нөлөө үзүүлсэн эрхэм бол Миланы цагчин Карло Крокко юм.

Тэрбээр өөрийн гэсэн цагны үйлдвэрлэлээ эхлүүлэхийн тулд бусад алдартай брэндүүдийн үзэл баримтлалыг удаан хугацаанд судалж, хамгийн түгээмэл цагнуудыг харьцуулж үзжээ. Ингээд Карло дараах дүгнэлтэд хүрсэн байна. Үнэтэй цагны цуглуулгад сонгодог хэв маяг ноёлж, бүхий л цагны брэндүүд сонгодог уламжлалыг шингээсэн өөрсдийн гэх хуучинсаг хандлагыг ёс мэт хадгалдаг байсан байна. Учир нь тансаг сегментийн цагнууд сонгодог хэв маягаас татгалзвал худалдан авагчдаа алдана гэх айдастай байв. Мэдээж их хэмжээний мөнгийг цаганд зарцуулж байгаа хүмүүс эдэлгээ сайтай, нэр хүндтэй эдийг л хүснэ шүү дээ.

Тиймээс  Карло Крокко өөрийн дүгнэлтэд тулгуурлан, гацаж хөшиж орхисон сонгодгийг амь оруулж идэвхтэй, сонирхолтой болгох онцгой брэнд бүтээхээр сэтгэл шулуудсан байна.

Эндээс л HUBLOT гэх нэр дэлхийн цаг үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн дунд түгсэн юм. Өөрөөр хэлбэл Карло Крокко дөрвөн жил уйгагүй туршилт хийсний эцэст 1980 онд усан онгоцны иллюминаторын өвөрмөц хэлбэртэй, 2200 еврогийн үнэтэй “Hublot Classique” хэмээх цаг бүтээснээр “Hublot” брэндийн түүх эхэлсэн байдаг. Алтан их бие бүхий байгалийн каучук оосортой элит цаг дорхноо л олон нийтийн анхааралд өртөв. Алт, байгалийн резин хоёрыг хослуулж ийм содон гайхалтай цаг бүтээнэ гэж тухайн үед хэний ч санаанд ороогүй байсан биз ээ.

ЦАГНЫ ЦОО ШИНЭ ЭРИН - HUBLOT

Цагны шинэ хөдөлгүүрийг бүтээхийн тулд 10 гаруй хүнтэй баг хоёр жилийн турш ажилладаг гэвэл та итгэх үү. HUBLOT үнэт эрдэнэс шигтгэж, ховор металлыг хооронд нь сүлэлдүүлсэн өвөрмөц загварын их биенээс гадна маш нарийн хийц бүхий Chronograph3 /хронограф/ хөдөлгүүрийн гайхамшгийг цагандаа шингээж өгдгөөрөө дэлхийд үргэлж гайхагддаг. Өөрөөр хэлбэл, хэмжиж байгаа хугацааны дундах зогсолт, түүний үргэлжилсэн хугацааг секунд бус секундын аравны нэгээс мянганы нэг хүртэлх нарийвчлалтайгаар тогтоох хэрэгсэл юм. Тиймээс “Hublot-ын гайхамшиг”, хөдөлгүүр бүхий “механик” цагны шинэ эринд дэлхийн баячууд, нэр алдартнууд, удирдагчид эргэлт буцалтгүйгээр донтсон билээ.

Chronograph гэдэг нь гурван өөр секундын хэмжүүртэй маш нарийн хөдөлгүүр юм.

 


ЯАГААД HUBLOT ГЭЖ?

Хаана ч, хэзээ ч зүүж болох хамгийн бат бөх цагийг бүтээх Карло Кроккогийн мөрөөдөл биелсэн гэхэд болно. Учир нь тэрээр 1990 онд GMT хөдөлгүүртэй, ус үл нэвтрүүлэх, очир алмазан шигтгээтэй загваруудаа худалдаанд гаргасан. Түүнээс хойш олон төрлийн материал хослуулдаг чадвараараа цаг үйлдвэрлэгчдийг үргэлж тэргүүлсээр 2000 онд цагны ангилалдаа Европт №13 цагаар үнэлэгдсэн байдаг.

2004 онд HUBLOT Жан Клод Биверийн мэдэлд шилжсэнээр брэндийн хувьд бас нэгэн томоохон шинэчлэлт бий болсон юм. Чухам тэр үед л алдарт Big Bang загвар төрөн гарсан байдаг. Гар хийцийн швейцар цаг чухамдаа эд анги бүрийг нь гараар угсарч хийдгээрээ нарийн бас үнэ цэнэтэй байдаг бол Big Bang загварыг  бүтээхэд хоёр дахин их эд анги, үнэт чулуу, ур ухаан, хүч хөдөлмөр орж байв. Учир нь ингэж бүтээгдсэн цаг таны бугуйнд багахан орон зай эзлэн оршино. Энэ өчүүхэн орон зайд 200-600 гаруй эд анги багтааж, зөвхөн цаг хугацааг бус өөр бусад хэмжүүрүүдийг зааж байна гэдэг өөрөө гайхамшигтай хэрэг. Оосорын хувьд 50кг-ийн даацтай, чийг татахгүй, ямар ч үнэргүй, таны арьс мэт маш уян зөөлөн каучукыг Малайзд ургадаг модноос гарган авдаг билээ. Энэ бүх материалуудын хослол нь шинжлэх ухааны нарийн судалгааны үр дүн юм. Дэлхий дээр оршин тогтнох материалуудаас гадна Hublot өөрсдийн хийсэн судалгааны үр дүнд цаг урлаачдын дунд хамгийн анхны хэмээх тодотголтой материал, хөдөлгүүр, загварыг бий болгосоор ирсэн нь тэдний бусдаас ялгагддаг хамгийн гол үзүүлэлт нь юм.

Hublot-ийн шүтэн бишрэгчид

Испанийн хаан Хуан Карлос, Грекийн хаан Константин нарын сонголт болж гараагаа эхэлсэн Hublot өнөөдөр дэлхийн хамгийн зоригтой, хамгийн бат бөх, хамгийн шинэлэг брэндийн тэргүүн эгнээнд явна. Hublot-ийн үнэнч шүтэн бишрэгчдийн тоонд Formula One-ын эзэн, үүсгэн байгуулагч Берни Экклстоун, олимпийн гүйлтийн аварга Усэйн Болт, их аварга Хакухо, Реппэр Жэй Зи, хөл бөмбөгийн хаан Диего Марадона, Real Madrid-ын тоглогч Кристиано Рональдо, Manchester United-ын тоглогч Уейн Руни, Холливудын оддоос Жэт Ли, Силвестер Сталлоун, Антонио Бандерас, Хайди Клум, Кобе Брайн, Депеч Моүд хамтлаг гээд нэр алдартай хүмүүс олноороо багтдаг.

Салбар бүрт тухайн цаг үеийн шилдэгүүдтэй хамтран ажилладаг HUBLOT нь өнөө цагийн тэргүүлэгч брэнд гэдгээ нотлон харуулсаар байна. Хурд хүчний гайхамшигт хүлэг Ferrari болон HUBLOT нь гайхалтай хамтрагчид. Тэдний хамтран бүтээсэн MP-05 “La Ferrari” загварын цаг нь 637 эд ангиас бүрдсэн 50 өдрийн цэнэг хуримтлуулах чадвартай гэдгээрээ дэлхийн дээд амжилтыг эвдээд байна.

Цаашлаад урлаг, спорт, хувцас загварын шилдэгүүдтэй хамтран бүтээсэн олон төрлийн шинэ загварын цагнууд нь цөөн тоогоор хийгдэж худалдаанд гарахаасаа өмнө эзнээ олдог ажээ.

Hublot-г зөвхөн эрчүүд зүүдэггүй юм шүү...

Бэлтгэсэн Д.Атарцэцэг

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top